Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцийн даргын “Lexus-570”-ын “хахууль”, ой тэмдэглэх 330 сая дуулиан тарилаа

Б.Өнөртогтох
2015 оны 10 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Батлан хамгаалах бодлогын үндсийг хаалттай хэлэлцэж баталсан юм. Чуулганы хуралдаан АН-ын бүлгийн хурлаас болж товлосон хугацаанаасаа 50 минут орчим хоцорч 09.55 минутад эхэлсэн билээ. 

Хаалттай горимоор хэлэлцэж баталсан УИХ-ын тогтоолын дараа хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд зарим Байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох асуудлаар АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авав. Учир нь Хууль зүйн Байнгын хорооны даргыг сонгох сонгууль маргаантай байгаа тул уг асуудлаар завсарлага авч байгаа аж. 

Дараа нь Төсвийн байнгын хорооны даргыг чөлөөлж, сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Байнгын хорооны дарга Б.Болор Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдсон тул Байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргасан саналын дагуу байнгын хорооны даргаар Ч.Улаан гишүүнийг томилох саналыг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Ч.Улаан гишүүний томилгоотой холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй юм. Үргэлжлүүлэн сүүлийн өдрүүдэд дуулиан тариад буй Үндсэн хуулын цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэх уг дүгнэлт нь ЗГХЭГ-ын даргатай холбоотой гэх яриа гараад байгаа. Мөн С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Засгийн газар Цэц рүү 330 сая төгрөг ой тэмдэглэх хүрээнд шилжүүлж, улмаар Цэцийн даргад 195 сая төгрөгөөр Lexus-570 машин авч өгсөн асуудал маргаан дагуулав. 

Энэхүү дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд Үндсэн хуулийн цэцэд Засгийн газар ямар зорилгоор 300 сая төгрөгийг нөөцийн хөрөнгөөс гаргаж өгөв, үүнийг судлах ёстой гэж үзсэнээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж, Г.Уянга, Д.Ганбат нар ажиллажээ. Тус ажлын хэсэг мөн дүгнэлтээ танилцууллаа.

Түүгээр бол Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болохын өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 4-нд Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн даргад “Leхus-570” машин авч өгөхөд шаардлагатай гэрээг зурж, Авто баазынханд үүрэг өгсөн байна. Нийт үнэлгээ нь 195 сая төгрөг бөгөөд “Таванбогд”–оос тус авто машиныг авсан.

Урьдчилгаа хэлбэрээр 100 сая төгрөгийг шилжүүлсэн. Харин Үндсэн хуулийн цэцэд 331 сая төгрөгийг улсын нөөцийн сангаас гаргахыг Засгийн газар есдүгээр сарын 7-нд мөн тогтоолоор гаргасан ч хөрөнгийг шилжүүлээгүй байна. Гэхдээ хуулиараа ой тэмдэглэх хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргах ёсгүй. Үүнтэй холбогдуулж, дүгнэлтэд “Энэхүү  угсраа үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн цэцэд шийдвэр гаргахад нь нөлөөлөх зорилготой байсан. 

Түүнд нь мөн Цэц хөтлөгдсөн. Бусармаг үйл ажиллагаа явуулахад оролцсон хүүмүст хариуцлага тооцох нь зүйтэй” хэмээн үзсэнээ Ц.Нямдорж гишүүн танилцууллаа. Мөн “Туйлаас харамсч байна, Үндсэн хуулийн цэц нь ном журмаар нь машинаа авахгүй яасан юм. Энэ байгууллагад итгэх итгэл байхгүй болж байна. Монголын гайгүй хуульчид ажилладаг, ийм юмнаас өөрсдийгөө аваад гарах чадвараа алдсан байна” гэв.

Мөн УИХ-ын дэд дарга М.Энхболд “Ерөнхий сайд нэг гараараа яам, тамгын газрынхнаа том машин унаж болохгүй гэдэг байтлаа нөгөө гараараа Төрийн өмчийн хорооны шийдвэр ч үгүй, сонгон шалгаруулалт ч үгүй, Үндсэн хуулийн цэцэд тансагийн тансаг машин авч өгчээ.

Ёс зүйн хороо энэ асуудлыг хэлэлцэх ёстой” гэсэн бол Д.Тэрбишдагва гишүүн “Засгийн газар Цэцдээ машин авч өгсөн болж таарч байна. Эцсийн эцэст хууль зөрчиж, дураараа загнаж байгаа Ерөнхий сайдын асуудал яригдах ёстой болж байна. Засгийн газрын тэргүүн өөрөө хамгийн тэргүүнд хариуцлага тооцогдох хүний тоонд орно” хэмээн бухимдлсан юм.

Цэц авлига авдаг болсон хэмээн олон гишүүн дүгнэж буйгаа хэлж энэ асуудлыг АТГ-аар шалгуулах саналыг ч гаргалаа. 

Харин Ө.Энхтүвшин гишүүн Цэц захиалгатай шийдвэр гаргаж байна хэмээн хардаж буйгаа хэлсэн юм. Цэц авлига авдаг болсон хэмээн олон гишүүн дүгнэж буйгаа хэлж энэ асуудлыг АТГ-аар шалгуулах саналыг ч гаргалаа.

Ийн санал шүүмжлэл өрнөсний дараа Цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахад “Хүлээж авах боломжгүй” гэсэн саналыг олонхи гишүүд дэмжсэн юм. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн маргааныг хянасан Цэцийн дүгнэлтийг мөн л хүлээж авахаас татгалзлаа. Ингэснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. 

Ц.Элбэгдорж: Долоон магнитудын газар хөдлөлт нийслэлд дөхөж байгааг сануулж эхэллээ  

Үдээс хойшхи хуралдааны эхний хэлэлцэх асуудал нь Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл байсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуулаа.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын асуудал, мөн 2012 оноос эхлэн ОХУ-ын талд ногдол ашиг шилжүүлэх тухай гэрээнд тусгасан. Тэгсэн атлаа өнөөдрийг хүртэл ногдол ашгаа төлөөгүй юм биш үү, ОХУ-д тэр их ашгийг өгөөгүй гэдэг чинь улс орны өрийн босгын асуудалд нөлөөлөх юм биш үү.

Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн төлвийг хэрхэн харж байна вэ гэсэн асуултыг асуулаа. Харин Төрийн өмчийн хорооны удирдлага татвар, ногдол ашиг аваад явж байгаа. 2012 оноос хойш ногдол ашиг яагаад өгөөгүй вэ гэхээр хэлэлцээр гурван жил үргэлжилсэн. Эрдэнэт үйлдвэрт мөнгө байгаа. 

Манайх мөнгөө аваач гэхээр хэлэлцээрээ өөрчлөөд авна гэсэн хариу өгдөг байсан. Банкинд хадгалж байсан ч өнгөрсөн жил эдийн засаг хямралтай байх үед зарцуулаад дууссан. Одоо ногдол ашгийг төлөх мөнгө байхгүй, нийтдээ 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон гэсэн хариулт өглөө. Уг асуудлыг тойрсон тодорхойгүй асуудал байхгүй ч судлах зүйл байгаа учраас УИХ-ын дарга хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргаснаар асуудлыг хойшлуулав.

УИХ-аар хэлэлцэх асуудал их байгаа учраас хэлэлцэж буй асуудлаа шуурхайлахыг УИХ-ын дарга сануулснаар УИХ-ын гишүүд асуулт асуухгүйгээр нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Энэтхэг улстай ялтан шилжүүлэх, барилгын тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай гэсэн хуулиудыг ганц нэгхэн асуулт хариулттайгаар хэлэлцэхийг нь дэмжлээ. 

Нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар мэдээлэл хийв. Тэрбээр, “Өнгөрсөн бямба гаригт 15.30 цагт Улаанбаатар хотын орчимд 4.5 магнутын газар хөдөлсөн. Энэ талаар иргэд маш их санаа зовсон. Гэтэл үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд уялдаа холбоотой байх ёстой. Энэ бол байгалийн дохио. Улаанбаатарыг тойроод газар дор хагархай цав байдаг.

Зургаан газрын тав дээр нь 7 магнитудын хөдлөлт болох магадлалтай. Хоромхон зуур секундэд газар хөдөлж байгаа учраас Монголд байтугай олон улсад урьдчилан мэдэх боломжгүй. Хэрвээ газар хөдөлвөл урьдчилан мэдээлэх ямар ч боломжгүй. Манай хүн амын 40 хувь нь суурьшсан нийслэлд долоон баллаас дээш газар хөдөлвөл юу болох вэ. 

Газар хөдлөл маш олон шалтгаанаар үүсдэг. Тооцоолж болохгүй тал нь 90 хувьтай байдаг.  6.6 магнитудад газар хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгын 40 хувь нь нурна гэсэн судалгаа гарчээ. Чилид 8.8 хувийн газар хөдлөхөд нийт нутаг дэвсгэрийнх нь 80 хувь хамрагдсан байдаг. Тиймээс айл өрх, байгууллага, иргэн бүр бэлтгэлтэй байх ёстой. Газар хөдлөхөд хохиролгүй гарсан улс гэж байхгүй. Манайд найман баллаас дээш газар хөдлөлтөд барилга байшин, зам сүлжээ тэсвэртэй байх ёстой. Газар хөдлөлтөөс болж ард иргэд амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирохоос гадна газар хөдлөлтийн үр дагаварыг тооцоогүйгээс болж маш их хэмжээний хохирол амсдаг. Газар хөдлөлийг ажил хариуцсан цөөн хүмүүсийн хүрээнд яриад суух нь хангалттай биш байгаа. Тийм учраас чуулганд мэдээлэл хийж байна. 

Газар хөдлөлтийн улмаас УИХ гишүүдийн ирц хуулийн хэмжээнд хүрэхгүй болбол яах вэ, ирж чадахгүй нөхцөл байдал үүсвэл яах вэ. Шийдвэр гаргах хүнийг орлох болбол хэн нь шийдвэр гаргах вэ, энэ бүхнээ хуульдаа нарийн зохицуулах шаардлагатай болж байна. Дээр нь хаана цуглах вэ, уулзах вэ. Химийн хорт бодисууд алдагдвал яах вэ, цахилгаан станцууд нурвал яах вэ, шугам хоолой нурлаа гэж бодьё, шархадсан, зовсон хүмүүс эмнэлэг дээр очлоо, эмнэлэг хүлээж авах боломжгүй бол яах вэ гээд ийм байдал үүсдэг юм байна л даа. Холбоо барихаа больчихсон, зам харгуй хаагдана. Хорих байгууллагууд нь хүртэл нурж унаад эргээд нийгмийн аюулгүй байдал үүсгэсэн ийм тохилдол байдаг.

 Ийм зүйлүүдийг төлөвлөж, бодож улс орны хувьд үйл ажиллагаагаа хангах ёстой, гадна дотны тусламжийг хүлээж авах, дэг журмаа сахих, гамшгаас яаж сэргийлэх вэ гэдэгт онцгой анхаарах ёстой. Муу ёрлох биш, муу амлах биш.

Шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн хүмүүс долоон магнитудын газар хөдлөлт Улаанбаатар хот орчимд болох хугацаа ойртоод байгааг байнга анхааруулж байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс мэдээд суух гол биш юм.

Мөн Улаанбаатар хотын сүүлийн 16 жилийн судалгаанаас харахад 10,697 удаа газар хөдлөлт болсон.

Энэ мэдээллийг сонсоод хэн нэгнээс буруу хайх биш бэлтгэлтэй байх ёстой” гэв. Ерөнхийлөгчийн мэдээллийн дараа  Шинжлэх ухааны академийн харьяа Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгийн холбогдох албаны хүн тодорхой судалгааг танилцууллаа. Он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд 896 удаа газар хөдөлжээ. Хамгийн сүүлийнх нь энэ сарын 3-нд Гүнжийн хагарлын орчимын газар хөдлөлт юм байна. Магнут нь 4.4,38 секундын зайтай газар хөдлөлт угсарсан. 

Ойр орчмын айлууд газар хөдлөлтийг хоёуланг нь мэдэрсэн. Гүнжийн хагарал дээр судалгаа хийхэд 3000-6000 жилийн өмнө хоёр ч удаа хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн Улаанбаатар хотын сүүлийн 16 жилийн судалгаанаас харахад 10,697 удаа газар хөдлөлт болсон. Ихэнх газар хөдлөлүүд хүнд үл мэдэгдэх, мэдрэгдэм нь 3.5-аас дээш магнут.  Газар хөдөлтийн давтамжийг авч үзвэл 2005 онд жилдээ 200 орчим газар хөдлөлт болж байсан бол 2012 онд дөрөв дахин нэмэгдсэн, 2015 онд 10 дахин болж өссөн.  

Тодруулбал, 2012 онд 797 удаа, 2013 онд 2148 удаа, 2014 онд 1147 удаа, 2015 оны есдүгээр сарын байдлаар 896 удаа газар хөдөлжээ. Хүчний хувьд 3-4, сүүлдээ 5 магнут хүрсэн.  Улаанбаатар хот орчимд зургаан хагарал бий. Тухайлбал, Хустай хагарал 7-8 магнут, чичирхийлэл нь 8-9 баллаар мэдрэгдэх, Гүнжийн хагарал 6-6.5 магнут, чичиргээ нь 8-9 баллаар мэдрэгдэнэ.

Шархайн хагарал 7.2 магнут, чичирхийлэл нь 8 баллаар мэдрэгдэнэ. Мөнгөн морьтын газрын хагарлын чичиргээ 5-6 баллаар мэдрэгдэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Зураг