Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтын танилцуулсан гол 10 бүтээгдэхүүн

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Хэдхэн сарын өмнө Windows үйлдлийн системээ шинэчлэн гаргасан Майкрософт өчигдөр дахин шинэ давалгаа үүсгэлээ.

Энэ удаа тэд Windows 10 дээр нь ажиллах төрөл бүрийн төхөөрөмжүүд танилцуулсан нь онцлог байлаа. Ингээд Майкрософтын танилцуулсан гол 10 бүтээлийг тайлбарлаж байна.

 

Lumia 950: Windows 10-ын жишиг ухаалаг утас

 

Нокиа болон Майкрософтын хамтарч гаргасан утаснууд өнгөлөг дизайн, өндөр чадлын камертайгаараа онцлог байсан ч үйлдлийн систем нь хэзээ ч iOS, Android-ын хэмжээнд хүрч байсангүй.

Харин одоо дахин төрсөн Windows 10 системтэй шинэ Lumia гар утаснуудаа Майкрософт дахин танилцуулж байна. 5.2 инчийн дэлгэцтэй Lumia 950 нь Snapdragon 808 процессортой гарчээ. Мөн энэ загвар нь дотоод эд ангиудаа хөргөх шингэн хэлбэрийн системтэйгээрээ онцлог. Мөн 20 Мегапикселийн PureView арын камер, “Windows Hello” гэдэг инфра улаан туяагаар хүний нүүрийг шалган эзнээ таньж Unlock хийдэг боломжуудаараа давтагдашгүй.

Энэ сонирхолтой бүтээл нь 11 дүгээр сард $549-ийн үнээр гарах юм.

 

Lumia 950 XL: Майкрософтын аварга хэмжээтэй утас

5.7 инч дэлгэцтэй Lumia 950 XL нь үнэхээр Майкрософтын гаргаж байгаа хамгийн том гар утас. (Нокиатай хамтран 2013 онд гаргаж байсан 6 инчийн утсыг үл тоцвол)

Түүний арьсан дотрох процессор нь Lumia 950-иасаа ялгаатай ч ерөнхий үзүүлэлтүүд ижил, 20 Мегапикселийн арын камер, “Windows Hello” нүүрний сканнер зэргийг багтаасан.

Мөн ирэх 11 дүгээр сард гарах энэ утасны үнэ $649.

 

Lumia 550: Хямд утас

 

Нэг чухал мэдээлэл бол Майкрософт энэ төрлийн утасныхаа хамгийн хямд хувилбар болох Lumia 550-ыг танилцуулсан явдал. 5 инчийн дэлгэц, дөрвөн цөмт процессор, 5 Мегапиксел камертай энэ загвар хуучин Lumia 640, Lumia 640 XL-ийг бүрэн халах боломжтой.

Ирэх 12 дугаар сард гарах энэ утас $139-ийн үнэтэй байх гэнэ.

 

Display Dock: Гар утсыг PC болгох шинэ арга

 

Ухаалаг утсыг ширээний компьютер болгох мөрөөдөл бол шинэ зүйл биш. Харин Майкрософтын Display Dock төхөөрөмжийг ашиглан шинэ Lumia утаснуудыг PC болгох боломж бүрдэж байна.

Шинэ Lumia утаснууд нь USB Type-C төрлийн порттой бөгөөд түүнд HDMI, Display Port хувиргагчууд залгах боломжтой. Мөн гурван USB port гаргах боломжтой. Тиймээс том дэлгэц, телевизэд залгачвал бараг л Desktop болчихно гэсэн үг.

 

Surface Pro 4: Таблетын дайнд шинээр оролцогч

 

Apple iPad Pro-гоо зарласны дараа бүх хүний нүд Surface Pro 4 дээр тусч байгаа гэхэд тийм ч муугүй. 12.3 инчийн дэлгэц, багасгасан хүрээ, нэг Террабайт хүртэл флаш диск, 16GB RAM-тай. Мөн олон зориулалттай Surface Pen үзэг нь түүнийг бодитой мэргэжлийн төхөөрөмж болгож байна. Surface Pro 4 нь аравдугаар сарын 26-нд $899-оос эхлэх үнэтэйгээр гарна.

 

Surface Book: Майкрософтын анхны ноутбүүк

 

Хэзээ Майкрософт зөвхөн програм хангамжийн компани байсныг санаж байна уу? Тэгвэл өнөөдөр тэд анхны, хувиргах боломжтой 13.5 инчийн Surface Book ноүтбүүкээ танилцууллаа. Түүний дэлгэц нь үзэг болон хуруугаар удирдагдах боломжтой. 12 цаг ажиллах баттерейтэй, салгадаг физик гартай, шилэн тракпад интерфэйстэй гарлаа.

Гарыг нь салгаад таблетад хувиргах боломжтой энэ төхөөрөмж нь аравдугаар сарын 26-нд $1,499-аар худалдаанд гарна.

 

Facebook: Универсал Windows 10 app

 

Майкрософт универсал апп гэдэг концепцийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол үүнийг нь хамгийн түрүүнд Facebook дэмжжээ. “All in One” концепциэр бүтээгдсэн хэмээн Марк Зукербергийн хэлсэн Facebook, Messenger, Instagram аппликэшнүүд нь Windows 10-т тусгайлан зориулагдсан. Бүх төрлийн төхөөрөмжүүд дээр буюу Windows 10 суусан төхөөрөмж бүрт нэг ижил боломжуудтайгаар ажиллах юм.

 

Surface-ийн илүү олон аксессорууд

 

Surface Pro 4 таблеттайгаа хамт Майкрософт нь Surface docking station-ы шинэ хувилбарыг үзүүллээ. Энэ сууринд дөрвөн USB порт, хоёр 4K DisplayPort, сүлжээний Ethernet портууд сууж өгчээ. Нүүрэн талд нь шилэн тракпад, хурууны хээ уншигч, гэрэлтдэг гарны товчлуурууд нэмэгдсэн байна.

 

Microsoft Band: ухаалаг цагнуудад өгөх цохилт

 

Майкрософт шинэ Band зүүдэг төхөөрөмж танилцуулсан нь фитнесийн бүх төрлийн мэдрэгчүүд, өндөр хэмжих барометр зэрэг боломжуудтай.

Энэ бүгд мэдээллээ Microsoft Health апп руу дамжуулдаг. Гүдгэр Gorilla Glass хийц бүхий OLED дэлгэцтэй энэ төхөөрөмж нь хөнгөн цагаан (aluminum) өнгөтэй.

Энэ төхөөрөмж дээр Subway, Starbucks, Twitter, Uber зэрэг компаниуд хамтрагчаар ажиллаж хэрэглээг нь баяжуулах юм байна.

Аравдугаар сарын 30-нд гарах энэ бүтээл $249-ийн үнэтэй.

 

Hololens-ын хөгжүүлэгчийн багаж $3,000 үнэтэй

 

Вируал бодит байдлын зүүдэг төхөөрөмж болох Hololens нь одоохондоо амьдралд төдийлөн хэрэглээ болоогүй байгаа. Арга хэмжээн дээр зарласан нэг чухал мэдээлэл бол түүнд зориулсан хөгжүүлэгчийн багажийг (development kit) ирэх оны нэгдүгээр улиралд $3,000-ийн үнэтэй гаргахаар болжээ. Мөн Project X-Ray нэртэй виртуал тоглоомны демо үзүүлсэн нь гайхалтай.

Ингэснээр Hololens төхөөрөмжийг ашигладаг олон тоны виртуал реалити хэрэглээнүүд бий болох гэнэ.

 

Эх сурвалж: TheVerge