Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац хураалт эхэлжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Манай орны газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсан ба зургаадугаар сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл их байснаас ган болох нөхцөл бүрдсэн.

Ялангуяа таримал ургамал чийгэнд хамгийн эмзэг байдаг зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 8-ны хооронд агаарын температур 34-38 градус, хөрсөн дээрх температур 60-64 градуст хүрч халжээ. Мөн 18-27 хоног үргэлжилсэн хэт халалт нь таримал ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн байна. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58,2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарч байна.

Ургацын төлөв байдалтай танилцаж, хураалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор  ХХАА-н сайд Р.Бурмаа болон холбогдох албаны хүмүүс  газар тариалангийн төв бүс болох Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил 145,000 га-д улаанбуудай тарьснаас 114,000 га-гаас  ургац авах урьдчилсан дүн мэдээ гарсан. Харин тус аймгийн Хушаат сум аймгийн нийт буудайн тариалангийн 10-аад хувийг бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд 12,061 га-д улаанбуудай тариалсан ч 7,712 га талбайгаас ургац хураах урьдчилсан баланс гарсан. Нэг га-гаас 13.2 цн ургац хураахаар тооцож,  9,910 тонн буудай авна гэж тогтоожээ. Энэ нь  төлөвлөсөн ургацынх нь 65 хувь болж буй.

 

Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цэгээн хуст” компанийн захирал Б.Ганболд “Манайх 4,000 га орчим эргэлтийн талбайтай жилдээ 2,000 га-д тариалалт хийдэг. Ургацаа хурааж эхэлсэн, га-гаас 15-17 цн ургац авна. Энэ жилийн хувьд техник, технологийн шинэчлэл харьцангуй сайн хийсэн. ХХААЯ-наас хэрэгжүүлсэн техник, технологийн төсөлд оролцож, хийн даралтат үрлэгч, трактор авч тариалалт хийсэн. Цаг агаарын байдлаас шалтгаалж, зарим талбайд ургац муу байгаа ч хүйтэрч, цас унахаас урьтан ургацаа хаягдалгүй хурааж авах зорилт тавиад ажиллаж байна” гэлээ. 

Мөн тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Мандал уул” компанийн хувьд таваарлаг улаанбуудай тариалдаг, энэ жил нийт 1,500 га-д тариалалт хийжээ. Тэднийх Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс эрдэм шинжилгээний хүрээлэнгээс элит үр авч үржүүлж байна. Энэ жилийн хувьд Дархан-131, 144 сортын үрээр тариалсан. Нам газарт 144 сортын үрээр тариалсан, талбайд га-гийн ургац 20-22 цн авах урьдчилсан баланс гарсан байна. Харин 131 сортыг өндөрлөг газарт тариалсан, га-гаас 26-27 цн авах төлөвтэй байгаа юм байна. Шинэ технологи, шинэ үрээс гадна өөрсдийн үйлдвэрлэсэн бордоог ашигласан нь ихээхэн үр өгөөжөө өгч байгааг тус компанийн захирал Б.Пүрэвсүрэн ярьж байлаа.

Шинэ технологи, шинэ үрээс гадна өөрсдийн үйлдвэрлэсэн бордоог ашигласан нь ихээхэн үр өгөөжөө өгч байгаа

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү “Манай аймгийн хувьд технологит хугацаанд нь үндсэн тариалалтаа хийсэн. Байгаль, цаг агаарын онцлогоос шалтгаалаад их гантай, их хүйтэн байсан учраас бороо хэдий орсон ч гэсэн тариа  ерөнхийдөө их намхан, тачирхандуу гэх мэт харилцан адилгүй байна.

Аймгийн хэмжээнд тариалалтын урьдчилсан балансаар  нэг га-гаас авах ургацын хэмжээ нь 9.3 цт байгаа нь сайдтай байгуулсан гэрээнийхээ 55 орчим хувийн тариа авна. Гэхдээ яг үтрэм дээр буухдаа эндээс өсөх магадлалтай. Гуурсанд тарьсан мөн гуурсанд тарьсан тариаланчид ургацаа хураах боломжгүй болоод зарим нь уринш хийж байна, зарим нь мал идүүлж байна, манай 30 мянган га талбайн 12 мянган га-д уринш хийж, 12 мянган га-д хадаж боож ногоон тэжээл хийнэ, үлдсэн 6 мянган га-г мал идүүлнэ.

Энэ жилийн хувьд Засгийн газар болон салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнд техник технологийн шинэчлэлийг харьцангуй сайн хийсэн нь бидний ажилд их нэмэр болсон. Манай аймаг энэ жил  200 мянган тонн буудай авахаар төлөвлөснөөс 120 мянган тонн хураах урьдчилсан дүнтэй байгаа учраас бага зэрэг дутах байх, гэхдээ гантай жил  гэхэд тийм их ургац алдаж гурил, будааны үнэ өсчих тийм хүндрэл гарахгүй болов уу гэж харж байгаа. Бид техникээ сайтар бэлдэж богино хугацаанд шууд, ангилан  гэх мэт олон аргаар тариагаа хураана. Намхан тарианд мотобилийг урдаа тавина, удаан явах технологиор ургацаа хураана” гэлээ.

 

Харин Орхон аймгийн Жаргалант сумын хувьд үр тарианы 5,063 га, төмс, хүнсний ногооны 658 га эргэлтийн талбайтай. Тус сум 3,326  га-д улаанбуудай, 119 га-д төмс, 170 га-д хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг 99 га-д тариалсан бөгөөд га-гаас  9.3 цн улаанбуудай хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.

Орхон аймгийнхан энэ жил үүлэнд нөлөөлөх ажлыг зургаадугаар сард 2-3 удаа, долоодугаар сард Булган, Хөвсгөл аймагтай хамтарч зохион байгуулсан нь ургац харьцангуй сайн ургахад нөлөөлжээ.Тус сумын “Орхон  тариа”, “Бүтлийн ундарга”, “Алтан тошлой” компаниудын хувьд чийгийн хуримтлалыг нэмэгдүүлэх, салхи гангийн нөлөөг бууруулах, ургацыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд олон ажлыг хийжээ. Хөрсний үржил шимийг сайжруулах, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэхийн тулд  “Бүтлийн ундарга”, “Алтан тошлой” компаниуд Дархан-34 сортын улаанбуудайг тарьсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн байна.

Ургацын байдалтай танилцах үеэр  ХХАА-н сайд Р.Бурмаа “Аж ахуйн нэгжүүдийн тариалангийн талбай дээр ирж танилцахад ургацын байдал алаг цоог байна. Тухайлбал, нэг га-гаас 4 цн авч байгаа хэсэг байхад 20 цн авч байгаа газар ч бас байна. Тариаланчид буудайгаа хурааж аваад дотоодын гурилын үйлдвэрүүддээ тушаана. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд маань эхлээд дотоодынхоо тариаланчдын буудайг 100 хувь худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Үнийн дүнд нь яам нөлөөлөхгүй.

Гурилын үнийг өсгөхгүй байх үүднээс салбар яамнаас бүтэн жилийн нөөцийг бүрдүүлэхийн тулд дутаж байгаа хэмжээнд нь импортын буудай оруулахаас аргагүй. Нэг цонхны бодлогоор импортын буудай авахаар илүү хямд оруулах боломжтой гэж үзсэн. Тариаланчдын тарьж ургуулж байгаа буудайн үнийг бууруулж биш, импортын буудайг нэг цонхны бодлогоор хямд оруулж ирж байж, гурилынхаа бүтэн жилийн хэрэгцээг базааж авна”  гэв.