Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний топ компаниуд алдагдал хүлээжээ

Б.Ану
2015 оны 8 сарын 31
iKon.MN

Олон улсын хэмжээнд нүүрсний зах зээлийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, гол хэрэглэгч орнуудын урдаа барьдаг томоохон компаниуд ч ар араасаа дараалан алдагдал хүлээх боллоо.

Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, олборлогч гэдэг утгаараа тус зах зээлийн “өнгийг тодорхойлдог” БНХАУ-ын тэргүүлэгч компаниудын ашиг, орлогын хэмжээ сүүлийн үед илт мэдэгдэхүйц буурч байна.

Зөвхөн ТОП 3 компаниар нь жишээ татахад, Хятадын төдийгүй дэлхийн нүүрсний салбарын хамгийн том компани гэгддэг Shenhua Energy-ийн 2015 оны эхний хагасын ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 орчим хувиар буурсан бол

China Coal компани мөн хугацаанд 850 орчим сая юань, Yanzhou Coal компани 50.6 сая юанийн алдагдал тус тус хүлээжээ.

 

Цаашлаад эдгээр компаниуд нүүрс борлуулалтынхаа хэмжээг өнгөрсөн оныхоос илт багасгаж, зах зээлийн хямралыг аль болох эрсдэл, хохирол багатай даван туулахаар чармайж байгаа аж. 2012 оноос эхэлсэн нүүрсний зах зээлийн хямрал өдгөө ноцтой түвшинд хүрч, ердөө 2015 он гарсаар коксжих нүүрсний тонн тутмын үнэ 30 орчим хувиар унаад байгаа нь компаниудын алдагдал хүлээх гол нөхцөл болж байгаа юм.

Хятадын нүүрсний салбарт дээрээсээ 3 дугаарт эрэмбэлэгддэг том компани Yanzhou Coal гэхэд өнгөрсөн оны мөн үед 587 сая юанийн ашигтай ажиллаж байсан бол энэ жил олборлолтынхоо зардлыг 30 хүртэл хувиар бууруулаад ч алдагдал хүлээхээс аргагүйд хүрсэн байна. Yanzhou Coal-ын өмнө буюу салбартаа 2 дугаарт бичигддэг China Coal-ын хувьд өнгөрсөн оны мөн үед 2.3 тэрбум юанийн ашиг олж байсан ч энэ онд мөн л алдагдал хүлээлээ. Компаниудын аль аль нь уурхайнуудынхаа үйл ажиллагааг хумих, ажиллагсдаа цомхотгох зэргээр зардал танах бүх л боломжийг дайчилж байгаа ч зах зээлийн таагүй байдал цаашид үргэлжлэх нь тодорхой байгаа юм байна. 
 
Өмнөд хөршийн нүүрсний салбарын ТОП компаниудын нөхцөл байдал ингэтэл “доройтсон” нь том дохио гэдгийг шинжээчид сануулж байгаа. Олон арван мянган ажиллагсадтай, өөрийн эзэмшлийн төмөр зам, боомт, дэд бүтцийг бүрдүүлсэн, орлого, зарлага нь хэдэн арван тэрбум юаниар хэмжигддэг, зах зээлд байр сууриа нэгэнт бэхжүүлсэн компаниуд алдагдал хүлээж байхад дэд бүтэц муутай, нөлөө багатай жижиг компаниудад зах зээлийн хямрал бүр ч хүндээр тусч буй нь ойлгомжтой юм. 
 
Эх сурвалж: Компаниудын 2015 оны хагас жилийн тайлан; www.bloomberg.com