Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Чонон сүлд” романы зохиолч Зян Руныг "Бичгийн мэргэн" цол, тэмдгээр шагналаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хятадын зохиолч Зян Рунд  Дэлхийн Монгол Зохиолчдын Холбооноос утга зохиолын дээд шагнал "Бичгийн мэргэн" цол тэмдгийг гардуулах ёслолын ажиллагаа Хүүхэлдэйн театрт өнөөдөр боллоо.

Уг үйл ажиллагаанд Дэлхийн Монгол Зохиолчдын Холбооны ерөнхийлөгч Ц.Хулан, Төрийн соёрхолт зохиолч Б.Бааст, МУСГЗ Г.Аким, Зян Рун зохиолчийн дотнын анд Чэнь Зи Цюнь, “Чонон сүлд” романыг монгол хэл рүү орчуулсан Д.Болдбаатар зэрэг эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.

Дэлхийн Монгол Зохиолчдын Холбоо нь дэлхий даяар тархан суурьшсан, Монгол гэсэн сэтгэлтэй, элэг нэгтэй зохиолчдыг нэгтгэсэн холбоо юм байна.

Энэ холбооны анхны үйл ажиллагаа өнөөдөр болж байгаа бөгөөд анхны дээд шагналаа Хятадын зохиолч Зян Рунд ийнхүү өгч байна.

“Бичгийн мэргэн” хэмээх энэхүү шагнал нь дэлхийн хүн төрөлхтний ёс зүй, хүний хүмүүжилд үр нөлөөгөө үзүүлсэн зохиолчдод очих юм байна.

Зохиолч Зян Рун өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй ч түүний шагналыг зохиолчийн дотнын анд, зураач Чэнь Зи Цюнь гардаж авлаа.

“Чонон сүлд” роман нь дэлхийн 32 оронд хэвлэгдэж, 70 гаруй оронд кино болж уншигчдад хүрчээ.

 

Шагнал гардуулах үедээ Дэлхийн Монгол Зохиолчдын Холбооны ерөнхийлөгч Ц.Хулан “Монголын ард түмэн Хятадын утга зохиол, яруу найрагтай бүр эрт дээр үеэс гүн барилдлагатай байсаар ирсэн.

Учир нь уул усаар холбогдсон Монгол-Хятад хоёр ард түмний уламжлалт, найрсаг харилцаа урт, удаан жилийн зөрчилдөөнтэй, найрамдалтай түүх төдийгүй түүний дотор хоёр орны утга зохиолын солилцоо хүндтэй байр суурийг эзэлдэг.

2014 онд анх орчуулагдан хэвлэгдсэн Чонон сүлд роман нь өнө удаан жилийн түүхтэй манай хоёр орны утга зохиолын харилцаанд шинэ өнгө, гэрэл нэмсэн төдийгүй, уншигч олны зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан чанартай, сайн бүтээл гэдэг нь одоогийн байдлаар дэлхий дахинаа утга зохиол, дэлгэцийн ертөнцийн үзэгдэл болсон байгаагаас нь харагдаж байгаа.

“Чонон сүлд” романы үг үсэг бүхнээс зохиолч Зян Рун монгол соёл, ахуйн талаар маш өргөн мэдлэгтэй төдийгүй, үзэсгэлэнт тал нутаг, санаа цайлган малчин түмэнд маань гүнээ хүндэтгэлтэй ханддаг нэгэн болох нь төвөггүй ойлгогдоно” гэв.

 

Харин зохиолч Зян Руныг төлөөлөн шагналыг гардан авсан зураач Чэнь Зи Цюнь “Би өнөөдөр энд ирээд ноён Зян Рунг төлөөлөн нэр хүндтэй одон болон өргөмжлөлийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Өнөөдөр Монгол-Хятадын харилцаа олон салбарт үр дүртэй үргэлжилж байна.

Үүний дундаас соёлын солилцоо, иргэд хоорондын харилцаа маш чухал бүрэлдэхүүн хэсэг. Бидний хамтын ажиллагаагаар дамжуулан Монголын үзэсгэлэнт тал нутгийг хамгаалах явдал их чухал юм” хэмээв.