Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

NATO өнөөдөр онцгой хуралдаантай

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

66 жилийнхээ түүхэнд ердөө дөрөвхөн удаа зарлаж байсан NATO-гийн элчин сайд нарын онцгой хуралдаан өнөөдөр болж Исламын улс бүлэглэлийн эсрэг Туркийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

Уг байгууллагын гишүүн 28 орны нэгдэн орсон гэрээний Дөрөвдүгээр зүйлд заасан нөхцлийн дагуу Турк уг хуралдааныг зохион байгуулахыг хүсчээ.

Дөрөвдүгээр зүйлд гишүүн орнуудын аль нэгнийх нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал эмзэг байдалд ороход онцгой хуралдааныг хийхээр заасан байдаг.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ингэх болсон нь Турк улсын аюулгүй байдал эрс доройтсоны шинж гэнэ.

Исламын улсын газар нутгийн тэлэлт хойд Ирак, хойд Сирид чиглэснээр Туркийн өмнөд хил дагуу нөхцөл байдал хүндэрч, тухайн бүс нутагт терроризмын аюул бодитой болоод байгаа.

NATO-гийн нарийн бичгийн дарга Иенс Столтенберг хаалттай хуралдааныг даргалах ба хуралдааныг хийх хүсэлт Туркийн хилийн хотод Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч бөмбөг дэлбэлж 32 хүний амийг хохироосны дараа ирсэн гэж мэдэгджээ.

Дөрөвдүгээр зүйлд заасан онцгой хуралдаан 1949 оноос хойш дөрвөн удаа болж байсны сүүлчийнхийг 2014 оны гуравдугаар сард Орос улс Украйнаас Крымийг булаан эзэлсэнтэй холбоотой Польшийн талын хүсэлтээр зохион байгуулж байв.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Исламын улсын эсрэг эвслийн дайнд Турк улс нэгдэн орсон билээ.

Өчигдөр Турк болон АНУ нь Туркийн хил дагуух зэвсэгт бүлэглэлүүдийг шахан зайлуулах төлөвлөгөөг эцэслэн шийдсэн байна.

Гэвч Баасан гарагт эхэлсэн агаарын цохилтоо Туркууд зөвхөн Исламын улс бүлэглэлд бус, бас тэдний эсрэг тулалдаж байгаа Курдын армид өгсөн юм.

Сири дэхь Курдын арми бол Исламын дайчидтай тэмцэж байгаа газрын хамгийн том хүч болж байгаа ба АНУ тэднийг агаараас дэмжиж байгаа. Гэвч Туркууд олон жилийн турш тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа Курдуудыг хүчирхэгжихээс давхар болгоомжилж байгаа юм.

Курдын Ажилчны Нам (КАН) нэртэй байгууллага 1984 оноос хойш Туркийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон улс байгуулахын тулд тэмцсээр байгаа ба энэ хооронд олон арван мянган хүний амийг золиослоод байгаа билээ.

Курд бол Турк, Ирак, Иран, Сири, Армени улсуудад тархан суурьшсан, өөрийн хэл соёлтой үндэстэн юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар Туркийн нэг номерын дайсан Курдууд үү, Исламын улс уу гэдэг нь одоо болтол мэдэгдэхгүй, бүр зарим NATO-гийн гишүүдэд ч ойлгомжгүй байгаа гэнэ.

Энэ удаагийн хуралдаанаар Турк өөрт тулгараад байгаа аюулыг дэлгэрэнгүй тайлбарласнаар бүх зүйл ил болох аж.

Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Кавусоглу өчигдөр мэдэгдэхдээ Турк улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг тайлбарлана гээд “NATO-гийн гишүүн улсууд Туркийг дэмжинэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин тэр Исламын улс, Курдын Ажилчны Нам хоёрын ялгааг тайлбарлахаас татгалзсан юм.

Кавусоглу “КАН, Исламын улс хоёрт ялгаа байхгүй. Исламын улстай байлдаж байгаагийнх нь төлөө КАН-ыг илүү гэж хэлэх боломжгүй” гэжээ.

 

Эх сурвалж: Associated Press