Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэдүүд сайдад дэвших үү?

ikon.mn
2015 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Гүйцэтгэх зөвлөлөөсөө өгсөн чиглэлийн дагуу Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАН-ын гэрээний биелэлт, мөн МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах ёстой гэсэн шийдвэрийг хэлэлцээд 100 хувь дэмжсэн.

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар 7 дахь сар дээрээ хамтрагч МАН-ын сайд нарыг засгаас гаргах нь ойлгомжтой болов. МАН-ын зургаан сайд Засгийн газарт орж ажиллаж байсан бол одоо тэдний чөлөөлснөөр АН хэнийг сайдын суудалд дэвшүүлж нөхөх вэ? гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй болно гэсэн үг.

Зургаан сайдын суудлын хэд нь хамтрагч тал болох Шударга ёс эвсэл, ИЗНН-д оногдох талаар таамаг төдий мэдээллүүд саарал ордны зүгээс сонсогдож байгаа ч баттай мэдээлэл алга байна. 

АН-ын дарга З.Энхболд дэд сайдуудаа нэг шат дэвшүүлж сайд болгоод, дан дээлтэй байх зарчмаа баримтлаад явах нь зүйтэй гэж саналаа илэрхийлсэн тухай мэдээлэл байна.

Гэвч албан тушаалд дуртай, амбиц ихтэй АН-ын гишүүд үүнийг нь дурамжхан хүлээж авах нь ойлгомжтой. 2012-2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх талаас нь авч үзвэл ажлаа мэддэг, салбартаа бэлтгэгдсэн дөрвөн дэд сайд нараа дэмжээд дан дээлтэй явах уу, эсвэл албан тушаал, эрх мэдэлд дуртай гишүүдийнхээ амбицыг биелүүлээд явах уу гэдэг асуултад АН-ын удирдлагууд хариулах хэрэгтэй болж байгаа бололтой.  

АН дэд сайд нараа нэг шат ахиулж дэмжвэл салбарын бодлогоо ч тэр, ажлын ахицаа ч бодсон чухал шийдвэр болох юм.

Хэрхэн шийдхийг харж л сууя. 2016 оны сонгууль хүртэл ачааны хүндийг үүрэх нь АН тул тэдний удирдлагын ухаан цэлмэг байг гэж ерөөе дөө.