Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл (№58)

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2015 оны 5 сарын 22
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Эрхлэгчийн зурвас 

Монголын ирээдүй, хөгжил дэвшилд нэн чухал нөлөөтэй, дэлхийн хэмжээний том орд Оюу толгой гацаанаас гарч, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсон сайхан мэдээтэй хамт “ГЭРЭГ”-ийн шинэ дугаар Таны гар дээр очиж байна. 2013 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс хойш 646 хоногийн турш таг зогссон бүтээн байгуулалт сэргэх нь Монгол хүн бүрт баярлууштай мэдээ мөн ч урьдын адил эхэлсэн ажлыг зогсоочих вий гэсэн болгоомжлол төрж байгааг ч үгүйсгэх аргагүй.

Бид энэ талаар дугаарынхаа “Авторын булан” сэдэвт хөндсөн. Оюу толгой гэж юу вэ, гэрээнд гарын үсэг зурснаас хойших он жилүүдэд бидэнд юу өгсөн бэ, далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон хоёр жил гаруйн хугацаанд бид юуг алдсан бэ гэх мэт мэдээллийг эндээс үзэж болно.

Монгол язгуур урлагийн өнгө, чимээ Азийг донсолгосон гэж хэлж болно. 

Энэ жил нэг сая жуулчин авна гэсэн зорилготой байгаа, бид. Гэхдээ “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн үг бас бий. Манай “сав” нэг сая жуулчин хүлээж авах багтаамжтай юу? Энэ асуултын хариуг манай автор А.Амармэнд хайлаа.

Зун ирэх нь. Их, дээд сургуулийн нэг хичээлийн жил завсарлах гэж байна. Сүүлчийн шалгалтаа өгсөн оюутнууд хот, хөдөө ялгаагүй, амралтаараа хэдэн цаас олох ажлын эрэлд морддог. Энэ бол зөвхөн Монгол оюутнуудын биш, Монголын эмзэг сэдвийн нэг. Ажилд зуучлах, хөдөлмөр хамгаалал, цалин хөлсний асуудлыг нь хянах, залууст туслах ёстой байгууллага харамсалтай нь унтаж байгаа аж.

Энэтхэгийн Ерөнхий сайд, дэлхийд нэр, мөртэй сонирхолтой эрхэм Нарендра Моди Монгол Улсад айлчилж, манай Ерөнхийлөгч түүнтэй анх удаа өөрөг татуулав. 2000-аад оны хоёр дахь аравны эхний нэгэн онцлог болоод буй сельфи буюу өөрөг зүгээр л саваагүй зангийн илрэл биш аж. Өөргөөр занимаалддаг олон хүмүүс байдгийн дотор дэлхийд нэртэй улстөрчид ч цөөнгүй.

“Хөсөгтөн” хамтлаг маань Азид Монголын нэрийг гаргаад ирлээ. Монгол язгуур урлагийн өнгө, чимээ Азийг донсолгосон гэж хэлж болно. Гэхдээ Монголын урлаг дэлхийд танигдах, имрэгдэх ирээдүйн дүр зургийг бор зүрхээрээ яваа хэдэн дуучид, хамтлагт тохоод орхих уу, эсвэл төр засаг, түмэн олноороо нэгдэн зүтгэх үү гэдэг асуултыг бид энэ дугаартаа тавьсан. Хариуг нь хамтдаа хайгаад үзвэл ямар? 

Асашёорюү хэмээх араасаа ямагт дуулиан шуугиан дагуулж явдаг эрхэм өнгөрсөн долоо хоногийн онцлох хүний нэг байлаа. Тэр Чөлөөт бөхийн холбооныхны хувьд чухам хэн бэ? Ерөнхийлөгч үү, дарангуйлагч уу? Эсвэл ард түмнийхээ хүндэтгэлд багтсан эгэл хэрнээ энгүй Их аварга уу?

Энэ мэт олон сонирхолтой мэдээ, мэдээлэл “Гэрэг”-ийн шинэ дугаарт багтлаа. Таалан болгоогтун.   

“Гэрэг” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч С.Батбаатар 


МАН гарвал АН яах вэ? 

“Авторын булан”, С.Шийлэгтөмөр 

...Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимын бүтцээ гаргахдаа суудлынхаа 50-иас дээш хувь буюу 10 суудлыг нь намынхаа гишүүдэд хуваарилсан нь үүний нотолгоо. Өөрөөр хэлбэл, хамтрагчид нь танхимаа орхиод гарсан тохиолдолд Засгийн газар бүхэлдээ огцрохгүй байх хувилбарыг сонгосон хэрэг.

Энэ бүхнийг нэгтгээд дүгнэвэл, өмнө нь Сү.Батболдын Засгийн газрын үед АН-ынхан тэднийг орхиод явж байсан шиг МАН-ынхан тэднийг бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө орхиод явах нь тодорхой бололтой. Тиймээс нэг л өдөр МАН Засгийн газраас гарлаа гэж мэдэгдвэл нэг их гайхаад байхааргүй, хэнд ч сонин биш үйл явдал байх нь. Харин түүний дараа юу болох вэ гэдэг нь л сонин. Басхүү хэзээ вэ гэдэг нь анхаарал татаж байгаа...

Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай 

Бяслаг гэж хэлээрэй

“Авторын булан”, Ж.Тэгшжаргал 

...Урд улстөрч гэдэг нийгмийн дээд, сэхээтэн хэсгийн гол төлөөлөл байсан бөгөөд үйл хөдлөл, аяг маяг нь ч зэрэг зиндааг нь илтгэхүйц хэм хэмжээ, хориг цээртэй байж ирсэн бол даяаршил, нийгмийн сүлжээний өсөж буй идэвх, дэлхий нийтийн шинэ хандлага энэхүү уур амьсгалыг эрс өөрчилж байна.

Аль болох эгэл энгийн, иргэд сонгогчидтой ойр байж, би ч гэсэн та нарын нэг шүү гэсэн мессежийг хүргэхийн тулд олон арга хэрэглэж буйн жишээг бид саяхнаас хангалттай харах болсон. “Guardian” сонинд бичсэнээр өөрөг авахуулах нь залуу сонгогчдыг татах хамгийн шалгармал арга болоод байгаа бөгөөд тэжээвэр амьтантай хамт зураг авахуулах, спортын өдөрлөгт оролцох зэрэг шалгармал аргыг даваад байгаа аж...

Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай 

Оюу толгойн хоёр жил. Юу өөрчлөгдөв, юу эс өөрчлөгдөв? 

“Сэдэв” булан, Ж.Тэгшжаргал 

...Монгол үнэхээр эргэн ирж байна. Эдийн засаг нэгэн үе хавар шиг ургаж дэлгэрч, зун шиг дэлгэрээд хагдарч, бас хатаж үзлээ. Одоо харин огт өөр уур амьсгал бий болж эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс даяараа мессеж бичиж санал хураасны дагуу мега төслийнхөө сорыг ийнхүү ажил хэрэг болгов. Тэрбээр хэлэлцээнд гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “...Урагшаа хараад ажиллах цаг ирэв...” гэсэн байна билээ. Энэ үг Монгол хүн бүрт хамаатай. 

Оюу толгойн асуудал царцсан он жилүүдэд бид үнэхээр их сургамж авсан. Өнөөдрийн алдаа маргаашийн оноо болж болдог бөөрөнхий дэлхий шүү дээ... 

Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай

Хөсөгтөнд баяр хүргэе. Гэхдээ энд нэг юм буруу байна

“Сэдэв” булан, Ж.Чинбат 

...Шүүгчдээс хамгийн чухал, гол асуултыг асуусан Тайваний “F4” хамтлагаас эхэлж, Канье Уест, Бэйьонсе нартай хамтран ажиллаж байсан алдарт дуучин Ван Нэсс Вү “Та бүхний хөгжим, аялгуу болон дууны өнгөний өвөрмөц сонин байдал миний сэтгэлийг алдруулж чадлаа. “Хөсөгтөн”, би танай хамтлагийн цомгийг хаанаас худалдаж авах вэ?” гэсэн юм. Энэ бол хамгийн чухал асуулт. Нээрэн, “Хөсөгтөн”-ий цомгийг хаанаас авах вэ?

Үнэхээр “Хөсөгтөн” хамтлаг хийгээд бусад Монголын язгуур урлагийн уран бүтээлчдийн авьяас билиг, оюун бодлын охь шимийг хүртээх санхүүгийн үр ашгийг гадаад ертөнцөөс авахын тулд ямар алхам хэрэгтэй вэ? Энэ асуултын хариуг хайж үзье...

Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай

Гадаадад суралцах төлөвлөгөөгөө хаанаас эхлэх вэ? 

“Үзэл бодол” булан, Н.Ариунаа 

...Ер нь гадаадад суралцана гэдгийг урт хугацааны аялал гэсэн өнцгөөс ойлгох нь зүйтэй санагдана. Шинэ, танихгүй улс орон руу дор хаяж нэг, түүнээс олон жилээр аялах гэж байгаа хэний ч толгойд янз бүрийн асуултууд хариулт хайн эргэлдэх нь тодорхой. Жишээ нь гадаадын сургуулийн элсэлтийн журам, сургалтын төлбөр , оюутны байр,эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал, визний асуудал, хоол хүнсний зардал гэх мэт. 

“Нээлттэй хаалга” сангийнхаа шугамаар миний бие Америкийн боловсролын төрөл бүрийн хөтөлбөрүүдийг залуустаа танилцуулсан 15 жилийн туршлагаасаа харахад эцэг эх, залуус дээрх асуултуудын хариултыг юуны өмнө найз нөхөд, танилын хүрээллээс хайх нь олонтаа.

Энэ нь нэг талаар итгэлтэй мэдээллийн эх сурвалж мөн мэт боловч нөгөө талаар илүү хувийн шинж чанартай, өдөр тутмын амьдралын асуудлыг илүү тусгасан байдаг. Гэтэл манай аяллын гол зорилго бол боловсрол билээ...

Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай

“Ливерпуль”-ийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа, Жеррард 

“Спорт”, Г.Баярсайхан 

...Жеррард 1998 оноос хойш “Ливерпуль”-ийн томчуудын багт 706 тоглолт хийж, 183 гоол оруулжээ.

Энэ хугацаанд багийнхаа хамтаар Аваргуудын лигт нэг (2005), Английн цомд хоёр (2001, 2006), UEFA-гийн цомд нэг (2001), UEFA-гийн супер цомд хоёр удаа (2001, 2005) түрүүлсэн юм. Харамсалтай нь тэрбээр Английн Премьер лигт л аваргалж чадсангүй. Түүний хүчин зүтгэж байсан жилүүдэд “Ливерпуль” лигтээ гурван удаа аман хүзүүдэж, гурван удаа хүрэл медаль хүртэж байв. 

Түүний холын хүчтэй цохилт, гайхалтай дамжуулалт, хатуу ширүүн хамгаалалт, тэмцэгч чанар “Ливерпуль” багт ихээхэн үгүйлэгдэх нь тодорхой. Эцэст нь түүний хэлсэн нэгэн алдартай үгээр энэхүү бичвэрээ өндөрлүүлье. “Хэрэв намайг амьсгал хураах гэж байвал эмнэлэгт биш, “Энфильд”-д авчраарай”...

Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай

Зураг