Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дугуйн замтай болтлоо дугуй унахаа больё

Б.Тогтох
2015 оны 5 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас ирүүлдэг хоногийн мэдээнд сүүлийн үед шинэ төрлийн зам тээврийн осол, гэмтэл нэмж бичигдэх болсон нь унадаг дугуйн осол.

Хоногийн мэдээнд хамгийн багадаа л унадаг дугуйтай хүүхэд, насанд хүрэгчид холбогдсон зам тээврийн осол 4-5 бүртгэгдэх болсон нь анхаарал татах асуудал юм. Зам тээврийн хөдөлгөөнд унадаг дугуйтай оролцож байгаа насанд хүрсэн иргэдээс гадна 14-өөс доош насны хүүхдүүд өөрсдөө машин ирж мөргөх, эсвэл машинд мөргүүлэх осол гарч байгаа нь тус цагдаагийн байгууллагын толгойны өвчин болоод байгаа гэнэ.

Тиймээс зам тээврийн осолд шинээр бүртгэгдэх болсон энэ ослын талаар бичихгүй өнгөрч боломгүй байгаа юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг аж. 

Харамсалтай нь хүүхдүүд унадаг дугуйгаар хичээлдээ ирж очих, тусгайлсан дугуйн зам байхгүйгээс автозамыг сонгож хөдөлгөөнд орж байгаа нь энэ төрлийн осол нэмэгдэх нэг том шалтгаан болж байгаа юм. 

Замын хөдөлгөөний дүрмээр унадаг дугуй унасан хүүхдийг торгох заалт байхгүйгээс хойш аргаа барсан цагдаа нар эцэг эхчүүдэд хэвлэлээр дамжуулан анхаарал хүргүүлэхээр өөрийг хийж чадахгүй сууна. Энэ бол хүүхдийн гэхээс илүү эцэг эхчүүдийн хайхрамжгүйк, хэнэггүй байдалтай холбоотой. 

Зам тээврийн ослоор нас барж байгаа иргэдийнх нь тоо дайн байлдаантай улстай дүйхүүц болчихсон ийм улсад хүүхдээ дугуйн хамгаалалтгүй явуулах, цаашлаад дугуй унах насанд хүрээгүй байхад нь дугуй авч өгч “эрхлүүлж” байгаа нь нэг ёсондоо хүүхдээ өөрсдөө үхэл рүү явуулж байгаа хэрэг юм. 

Манайд зориулалтын дугуйн замыг нь шийдчихсэн зам одоогоор алга. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг ганц нэгхэн газар дугуйн замтай ч энэ нь автозамын хөдөлгөөнд дугуйтайгаа оролц гэсэн үг биш. Түгжрэлд бухимдсан жолооч нарын бухимдлыг ч эдгээр дугуйтнууд бардаг. 

Хажуугаар нь гэнэтхэн орж ирж шүргүүлэх, эсвэл өөрсдөө машин мөргөх зэргээр зам тээврийн осолд санаатай болон санамсаргүй байдлаар өртөж байгаа асуудлыг анхаарах цаг нь болжээ. Монголын залуучуудын холбоо дугуйн замтай болох уриалга гаргаснаас хойш хоёр жил өнгөрлөө. 

Гэсэн ч энэ хугацаанд баригдсан замуудад дугуйн замыг шийдэж өгсөн зүйл одоо хүртэл алга. Жил бүхэн л дугуйн замын талаар яриа гардаг ч ажил хэрэг болгохдоо тун хойрго байгаа. Аймгуудын төрийн албан хаагчид дугуйгаар ажилдаа ирж очдог болсон ч мөн л дугуйн зам байхгүй. 

Аль нэг байгууллага өөрсдөө санаачилга гаргаад төсвөөс багахан дэмжлэг хүсдэг ч түүнийг анхаардаг эрх мэдэлтэн одоогоор алга. Түгжрэлийн асуудлаа ч зөв менежментээр шийдэж чадаагүй улсад дугуй унана гэдэг амиа хорлож байгаагаас өөрцгүй шийдвэр болоод байгаа юм. 

Хүний хүүхэд дайруулчихаж гэнэ ээ гэж ярьж суугаа таны гэрт хэзээ ч энэ гай зовлон ирэхийг тааж хэлэх аргагүй.

Тиймээс унадаг дугуйн замбараагүй байдлыг цэгцлэх талаар эцэг эхчүүд ч өөрсдөө санаачилга гаргамаар байна. Үнэхээр л үр хүүхдээ гэсэн хайрлах сэтгэл байдаг бол зориулалтын дугуйн замтай газраас бусад газарт хүүхдээ  дугуй унуулахыг нь хориглоё. 

Автомашины замаар дугуй унаж байгаа нас биед хүрсэн залуучуудад ч замын цагдаа нар шаардлага тавьж хэрвээ хамгаалалтын малгай, хувцас өмсөөгүй бол торгодог байя. Төр зам барьж өгөх хүртэл хүүхдээ дугуйнаас хол байлгаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг зориулалтын зам талбайд л дугуй унуулъя. Ингэж л бид хэлж ирэхгүй гэнэтийн ослоос өөрсдийгөө хамгаалж чадна. 

Гадаа гудамжинд тоглож байсан бяцхан үрийг дайрчихсан атлаа хүн дайрснаа мэдээгүй хэмээн гөрдөж байгаа ухамсаргүй жолооч хэзээ нэг өдөр таны энхрий үрийг дугуйтай нь хамт дайрахгүй гэсэн баталгаа алга. Хүний хүүхэд дайруулчихаж гэнэ ээ гэж ярьж суугаа таны гэрт хэзээ ч энэ гай зовлон ирэхийг тааж хэлэх аргагүй.

Гай зовлон хэзээ ч хэлж ирдэггүй. Магад ингэж бичлээ гээд муу амтай хэмээн зэмлэх нэгэн гарах л байх. Гэвч хоногийн мэдээг өдөр болгон хүлээн авч суугаа хэвлэл мэдээлэл, энэ төрлийн зам тээврийн осол өдөр тутам ихэсч байгааг нүдээр харж байгаа замын цагдаа нар энэ бол мууг зөгнөсөн хэрэг биш гэдгийг ойлгож байгаа.

Зураг