Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Толгойг уудлах гээд өөрийгөө онгичуулсан Ардчилсан Нам

Б.Энхцэцэг
2015 оны 5 сарын 6
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Архив

Ганцхан жил үлджээ, сонгууль болоход. Гэтэл... Арав гаруй жилийн дараа арай гэж сонгуульд ялсан биш аль муугаа үзэж буй Ардчилсан намынхан хөөрхий. Гурван жилийн өмнөх АН-д  ард түмэн элэгтэй байлаа. Тиймээс залуурыг АН-ын гарт атгуулсан. Даанч... Гурван Парламентыг уйлан дуулан туулан байж эрх баригчийн зиндаанд дэвшсэний ч хэрэг гарсангүй, улирч одсон сөрөг хүчний эсэргүү төрхөө гээлгүй явсаар удаах сонгуулийн өмнө ирэв.

Их сургуулийн дугуй зааланд багш “За, ингээд сэргэн мандалтын үеийн их сэтгэгчдийн тухай лекцээ эхэлье” хэмээхэд философийн ангийн оюутнууд “Аая” гэцгээгээд л уулга алдаж, зарим нь бүр шүгэлдэж ч байх шиг. Багшдаа болон бие биедээ, хараахан танилцаагүй их сэтгэгчдэд алга ташин хүндэтгэл үзүүллээ.

УИХ Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг хэлэлцэх эсэхээ шийднэ. 

Энэ хүртэл тэвчээртэй сурсандаа, дэлхийг өөрчилсөн өрнийн гүн ухааны талаар судлах гэж байгаа өөрсдөөрөө бахархсан залуус эрдэм мэдлэгт ийм амбийцтай хандаж байна. Лекц эхэлмэгц дугуй зааланд ялаа нисэх сонсогдом нам гүм ноёлж, багш аядуу дуугаар үргэлжлүүлэв. Атаархмаар гоё чансаа, 20 хүрээгүй хүүхдүүд шүү дээ...

УИХ Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг хэлэлцэх эсэхээ шийднэ. “Аая. АН-ын үед Таван Толгой том алхах нь. Ард түмний нуруу тэнийж, Монголын нэр хүнд гадаад ертөнцөд гялалзаад л. АН гарч өгчээ” гэх байлаа. Өрсөлдөгч хүчнүүдээ атаархтал, эрийн цээнд хүрсэн дөлх бодлогоор ажиллах байв. Гэтэл бүр эсрэгээр. АН Таван Толгойн гэрээний төслүүдийг уудлах гэсэн биш өөрийгөө өдөр өдрөөр уухилан сэндийчиж байгаа нь харамсалтай.

Монголыг өөрчлөх дэлхийн хэмжээний Таван Толгой төслийг шийдэж байж “би, чигийн” тэнэг хэрүүлтэйгээ, нударга зангидсан барлаг зодоонтойгоо ухнатсаар л. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын ажил явуулах арга барилаас болж Таван Толгой таг зогсож, нам нь нэрээ мартталаа хагаралдаж байна.

Энэ орд газар асар их баялагтай шигээ АН-ыг нэгмөсөн тонгорох балагтай аж. Сонгуулийн ялалт АН-д удаан хүлээсэн бүх боломжийг нь авчирсан боловч засгаа огцруулж, даргаа сольж, нөхдөө ялласнаас өөр хийсэн ажилгүй өнөөдрийг хүрчээ. Эдийн засгийн хямрал бус, Таван Толгой ч биш, өөр зуурын тулга тойрсон тэмцэл нь л АН-ыг амжилтгүй, арчаагүй болгосон байх юм. Таван Толгой уг нь АН-ын хувьд өнгөрсөн гурван жилийг дэмий өнгөрүүлснийх нь нөхөөс, мөрийн хөтөлбөрийн тэн хагас, нэг жилийн дараах сонгуулийн ялалт байх учиртай.

Гэтэл АН Таван Толгойг ашиглах бус, энэ ордоос болж толгойгоо гээлээ. Тэнд өөрийн ухаантай улстөрч байхгүй болсон мэт. Эгээ л шилжилтийн насны охид шиг аяглацгаах агаад лидерүүд нь тус тусдаа “Би чадна” шоуны оролцогчид болон хувирсныг олон нийт өдөр бүр харах болов. Монголын улс төрд АН-ын эзэлсэн орон зай том учраас, иргэд энэ намаас Таван Толгойн өгөөжөөс ч ихийг хүлээсэн учраас хэлэх хэрэгтэй.

Одоо Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрыг “Больё оо” гэж уриалмаар байна. Ирэх сонгуулийн ялагдал, хэдийн нүүрлэсэн их хагарлын гол буруутнууд нь АН-аас төрсөн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байгаад хамаг зангилаа оршино. Таван Толгойг тэд ямар нүдээр харсан болоод намаа устгах бүү хэл, нүдээ ухаж өгөхөөс буцахгүй шүлэнгэтнэ вэ.

АН Таван Толгойг ашиглах бус, энэ ордоос болж толгойгоо гээлээ. 

Ардчиллаар замнасан шинэ Монголын 25 настай АН улс төрийн хүчнүүд дотроо ахмаддаа орно. Улс төрийн нам ийм дээрээ эгдүүтэй хөөрхөн байх нь ч юу юм. Романтизм нь арилсан, унаж босоод үзчихсэн, ёстой л төрийг түших бөх бат багана болсон баймаар.

Засаг барьж байгаа дээрээ Таван Толгой төслийг урагшлуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэн, ирэх сонгуульд ялалтын буухиагаа үргэлжлүүлэх хариуцлагатай цаг мөчтэй АН яг одоо нүүр тулаад буй.

МАН-ын эрх барьсан он жилүүдийн алдаа, оноог тэд шүүсэн тул хангалттай туршлага, зангаргаар Таван Толгойг авторлах учиртай. Улс төрийн намын алсыг харсан амбийц харин АН-ынханд байна уу. Алга. Ирэх сонгуулийн дүнг одоогийн удирдлага тоохгүй байгаа нь Таван  Толгойгоос хувьд ногдох ашиг орлогод шунасных байж мэднэ гэсэн харыг дагуулах боллоо.

“Цол дагаж ухаан” гэдэг ч болоосой. Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын алба бөөн бяр амтлуулж, АН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдын адайр ааш нэмэгджээ. АН-ынхан Таван Толгойн өмнө ус үзэлгүй гутлаа тайлж, уул үзэлгүй хормой шуух зуур УИХ дахь намын бүлгүүд шийдвэрээ дуулгацгаав.

МАН-Д ПАДГҮЙ

АН-ынхан бие биенээ хэмлэж, нүдэлдэх тусам МАН-д сонгуулийн ялалт улам ойртох нь дамжиггүй. Улам их талцаасай, хагараасай л гэж хүснэ шүү дээ. Харин тэд их улс төрд биеэ авч явж сурсан учраас санаагаа цухуйлгахгүй. Засагт хамтарснаа бодсон ч З.Энхболдын ч, Ч.Сайханбилэгийн ч талд оролгүй ёс зүйтэй дүр эсгэж байгаа.

АН-ын хүчийг доройтуулж буй “хэрүүлийн алим” Таван Толгойн гэрээний төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг МАН-ын бүлэг дэмжинэ. Тэд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж байсан туршлагаа АН-ынханд санал болгож байгаа. Эхний ээлжинд Таван  Толгойн гэрээг батлаад хожим нь засаж, залруулах маягаар ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг.

МАН-ын мэдэгдлийн цаана “АН Таван Толгойн гэрээнд жулдана. Баталсан болвол барав. 2016 оны сонгуулиар манайх ялах нь тодорхой. Тэр үед бид гэрээний баасыг түүгээд жинхэнэ автор нь болъё оо” гэсэнтэй агаар нэг мөрүүд уншигдаж байна.

Мэдээж, МАН сөрөг хүчнийхээ байр суурийг алдмааргүй л байгаа. Цөөн хэдэн гишүүний Засгийн газрын хувилбарыг дэмжих, эсвэл бүр Засгийн газрыг огцрохыг шаардах улс төр явдгаараа явж л таарна.

АН “ЭНЕРЖИ РЕСУРС”-ЫН ЭСРЭГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙГ-Г ЗҮТГҮҮЛНЭ

Гүйцэтгэх зөвлөл нь тэгж шийдсэн аж. УИХ дахь АН-ын бүлэг энэ шийдвэрийг дагахаа илэрхийлээд буй.

УИХ дахь АН-ын бүлэг энэ шийдвэрийг дагахаа илэрхийлээд буй.

Гэвч ТаванТолгойн гэрээний төсөл бүхэлдээ өөрчлөгдөж, АН-ын Засгийн газар тэгээс эхлэх эрсдэлтэй тулах юм. АН-ын дотоод тэмцэл бүр ч хурцадна гэсэн үг. АН-ын экс дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдэгдэл хийнэ.

Түүний үг З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын дажинг хөндлөнгөөс харж дэвэргэх үү, эв нэгдэлд уриалах уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. “Харамсалтайгаар” бүх өндөрлөгөөсөө буусан хонзон нь Н.Алтанхуягийг уурлуулсан хэвээр байгаа бол “Алтангадас”-ын буурийг сахиж яваа тэрбээр АН-д түймэр тавих болно.

“ШУДАРГА ЁС” АН-ТАЙ МАНАТАЙ

УИХ-д одоо ийм бүлэг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. МАХН-ынхан БНСУ-д суугаа Н.Энхбаяраа дагана, үлдсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төлөөлөн Засгийн газарт ажиллах болсон М.Энхсайханаа дэмжихээс өөр гарцгүй.

“Шударга ёс” эвслийнхэнд АН-ын хагарлыг өгөөш болгох байтугай, өөрсдийгөө яая гэмээр түмэн хагарал нүүрлээд буй. Л.Цог МАН-ыг  бараадаад, Г.Уянга хувийн тоглолт хийгээд эвсэл АН-тай манатай.

Зураг