Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: МАН засгаас гарах асуудал яригдсан нь үнэн

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, 2016-2017 оны Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бөгөөд хэрэгжих боломжгүй мөрөөдлийн жагсаалтууд багтаасан гэж дүгнэжээ.

Тодруулбал, өмнө нь хэрэгжүүлээд үр дүнгээ өгөөгүй төсөл хөтөлбөрүүдийг багтаасан нь цаг үрсэн үр дүнгүй ажил болно гэж үзсэн байна.  Харин үүний оронд шинэ бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт тус намын бүлэг санал нэгдсэн байна. Тиймээс тус бүлэг Үндсэн чиглэлийн биелэлтийг дэмжихгүй гэж үзжээ. 

Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөр болон хоёр нам Засгийн газарт хамтарч ажиллахад байгуулсан гэрээнд заасан шаардлагыг бид тавина. Бага орлоготой иргэд, аж ахуй нэгжээс авах татварын хувь хэмжээг бууруулах замаар эдийн засгийг дэмжье гэдэг саналыг гаргаж байсан. Үүнийгээ хэрэгжүүлье.

Банкны салбарт зээлийн тасалдал үүсэх, тогтворгүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя гэснийгээ мөн хэрэгжүүлье. Хөрөнгө оруулалтыг сайжруулах, зогсонги байдалд орсон томоохон төслүүдээ эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Таван толгой, Оюу толгой зэрэг төслүүдээ Монголд Улсад өгөөжтэй байхаар ажиллуулах ёстой гэж үзсэн. Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж зарим бараанд татвар ноогдуулах экспортыг дэмжих ёстой гэсэн томоохон бодлогуудыг Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрт тусгасан байгаа. Үүнийгээ хэрэгжүүлж байсан Эдийн засгийн хямралыг давна” гэлээ.

-Таван толгойн гэрээнд санал дүгнэлт өгөх ажлын хэсэгт танай намын бүлгээс гурван гишүүн орсон. Цаашдаа энэ ажлын хэсэгт ажиллах уу?

-Манай бүлэг ажлын хэсгээ хоёрдугаар сард байгуулсан. Я.Содбаатар гишүүн ахалж, Су.Батболд Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар гишүүн ажлын хэсэгт байсан. УИХ-ын даргын байгуулсан ажлын хэсэгт гурван гишүүн орсон. Эдгээр гишүүд бүлэг дээр мэдээлэл хийсний дараа бүлгийн шийдвэр гарна. Ер нь МАН-ын бүлэг хэлэлцэх эсэхийг шууд дэмжинэ. Түүний дараа засч, залруулах зүйл байвал түүн дээр анхаарч ажиллана.

-Өчигдрийн Тусгаар тогтнолын ордонд болсон бүлгийн хуралдаанаар МАН засгаас гарах тухай асуудыг ярьсан гэсэн мэдээлэл байна. Үнэхээр зарим гишүүд ийм санал гаргаж байгаа юу. Засгийн газарт ажилласан үр дүнгээ хэрхэн дүгнэж байгаа вэ?

-АН-тай засагт хамтрахдаа олон асуудал дээр гэрээ байгуулж, тохиролцсон. Гэтэл АН гэрээнд тусгагдсан зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байх байдал гарч болзошгүй юм байна. Цаашдаа ийм байдалтай байвал эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө юу болох вэ гэдэг асуудал бүлэг дээр яригдсан. Үнэхээр түншлээд явах түнш мөн үү биш үү, дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөөд байх вий гэсэн зүйл яригдсан. Гэхдээ асуудал албан ёсоор шийдвэр гаргаагүй. Зарим гишүүдээс ийм санал гарч байсан. 

Засгийн газар бодлогын алдаагаа засч, эдийн засагчид, дэлхийн банкны зөвлөгөөг бодлогодоо тусгах ёстой

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Төсвийн хүрээний мэдэгдэл байна. Энэ талаар бүлгээс гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцууллаа. 

Тэрбээр мэдээлэлдээ “Сүүлийн хоёр жил Төсвийн хүрээний мэдэгдлийг Төсвийг хуулийг хэлэлцэх үетэй зэрэгцүүлэн өөрчилдөг буруу зарчим тогтлоо. Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газрын үед хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулснаараа Монгол улсын нийгэм эдийн засгийн бодлогыг зөв авч явах үндсэн зарчмаасаа ухарсан гэж үзэж болно.

Тухайлбал, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудад гуравны хоёроор өөрчлөлт оруулдаг байсан босгыг байхгүй болгосон нь эрх баригчид шаардлагатай үедээ өөрсдийнхөө хүсэл зорилгод нийцүүлж Монгол Улсын эдийн засгийн тоо баримтуудыг өөрчилж болох бүрэн дүүрэн боломжийг олж авсан. Энэ бол том алдаа, ухрал. Ялангуяа гадны хөрөнгө оруулалтыг түлхэхэд их нөлөөлсөн.

Оны эхэнд төсөвт тодотгол хийхдээ зардлаа нэмэгдүүлж, алдагдлынхаа ДНБ-нд эзлэх хувийн хэмжээг нэмсэн, өрийн таазыг 58.3 болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн хямралаас гарах жорынхоо эсрэг явсан. Энэ бол Шийдлийн Засгийн газрын хоёр дахь том алдаа болсон. Гэхдээ Төсвийн хүрээний мэдэгдэл зөв голдрил руугаа орж байна гэж үзэх үндэс байна. Төсөвт нөлөөлөх нөлөөллийг энэ удаагийн Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тусгаагүй гэж мэдэгдэж байгаа.  

Хоёрдугаарт нийт төсвийн зарлаг нь 2015 онд батлагдсан түвшнээсээ 114.6 тэрбум төгрөгөөр төсвийн зарлагаа бууруулж тооцсон. Өөрөөр хэлбэл одоо зардлаа хумьж, алдагдлаа багасгаж, данхар төрийн бүтцийг багасаж ажиллах анхны алхмаа хийж байгаа нь сайшаалтай гэж бид үзэж байгаа. Өмнө нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тооцоолж байсан.

Үндсэндээ концесс бусад зүйлээр хийх хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байгаа гэж ойлгож байгаа. Энэ бодлогыг дэмжих нь зүйтэй. Цаашдаа бид төсвөө эрүүл саруул болгохын тулд төсвийн алдагдлаа бууруулж, анхнаасаа алдагдалгүй төлөвлөхийг зорих ёстой. Төсвийн өрийн хэмжээг бууруулах хэрэгтэй. Эдийн засаг хүнд байхад Засгийн газраас Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдээд явж байна. Эдийн засаг хямралтай, хүнд үед төсвийг төвлөрүүлэн барьж байж хамгийн оновчтой зүйлд зарцуулан ажиллах хэрэгтэй.

Чадан ядан олж байгаа хөрөнгөө судалгаа, шинжилгээн дээр үндэслэн зөв зохистой зүйлд зарцуулах бодлогоо гаргаж ирэх нь зүйтэй. Харамсалтай нь Засгийн газрууд эдийн засгийн зөв бодлого барьж ажиллаж чадахгүй байгаагаас болж эдийн засгийн хямралыг даван гарах арга замаа олоогүй байна. Тиймээс МАН-ын бүлгээс Засгийн газар бодлогын алдаагаа засч, эдийн засагчид, дэлхийн банк, Валютын сан, эдийн засгийн зөвлөхүүдийн өгч байгаа зөвлөгөөг бодлогодоо тусгах ёстой гэж үзэж байна” гэв.