Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгшчүүл жагсаалтад “нуугдаж”, залуус тойрогт дайтах нь

Б.Өнөртогтох
2015 оны 4 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

2016 оны сонгууль угтсан пиар тун эрт эхэллээ. Улстөрчид ч ирэх сонгуулиар очих той­рог, “тойглох” сонгогчдынхоо эрэлд гарч эхэлцгээжээ. Сонгуулийн жил л хэдэн арваараа гарч ирдэг шанага, шүүр барьсан зургууд 2013 оноос эхлээд л цахим хуудсыг дүүргэж байна. Зул хүж өргөж, туулай агнаж, телевизээр дуулж хуур­дах нь эрчимжлээ. 

Цэмцийсэн ганган залуу ямаа самнаж, төрийн түшээ бүсгүйчүүд хормогч зүүж эмнэлэг цэвэрлээд л. Зарим нь засмал за­мын хажууханд цас ухаж, автобусанд суусан зур­гаараа “нүүр ном”-оо гоёж эхлэв.

Хамгийн гол нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон эрхмүүд ирэх сонгуулиар тойрогт өрсөлдөх учраас УИХ-ын гишүүн болсныхоо маргаашнаас л хаана той­рог олох, хэнтэй өрсөлдөх вэ гэсэн бодлоор тархиа гашилгах болсон гэдэг.

Тиймдээ ч жагсаалтын гишүүд л хамгийн түрүүнд иймэрхүү төрлийн пиараа эхлүүлж, аймаг орон нутгаар хэрэн хэсч эхэлсэн юм. УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

Можаритор тогтолцоогоор явах уу, холимог системээр явуулах уу гэдгээ эцэслэн шийдээгүй гэсэн үг. Можаритор боллоо ч тэд тойргийн эрэлд гарна. Өмнөх шигээ холимог системээр явлаа ч эхний удаад жаг­саалтаар орчихсон бол дахиад тийм боломж олгохгүй гэж хуульд заа­чихсан. 

Мөн хуульд өөрчлөлт оруулж тойр­гуудыг жижигсгэх эсэхээс шалт­гаалан өөрчлөлт орох ч тэд хүссэн ч эс хүссэн ч сонгогчдоо асарч, тойрох, “хайр зарлах” ажилдаа ханцуй шамлан орохоос өөр аргагүй юм. Тиймээс аймаг сум дамжин аль сумын иргэд наа­шаа харж инээж байгааг тагнах ажилдаа тэд тун шаргуу оржээ. 

АН фракцийг чухалчлахгүй  

АН анхнаасаа л тойргоо хуваагаад авчихсан. Фракцийн зарчим энэ намд үйлчилдэг учраас аль фракцийн гишүүн хаана өрсөлдөх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой болчихдог. Тэр ут­гаараа тойргийн зураглал гаргахад илүү амархан харагдаж байгаа юм. Гэхдээ З.Энхболд намын даргаар оч­сон даруйдаа ирэх сонгуульд ямар ч фракцийн дүрэм үйлчлэхгүй шүү гэдгийг хатуухан сануулсан би­лээ. Фракцийн хор найруулах асуу­дал хэрхэвч байж болохгүй гэд­гийг сануулаад ирэх сонгуулиар нэр дэвшихээр санаархаж байгаа хү­мүүс­тэй нэг бүрчлэн уулзсан гэдэг. 

Той­рогт өрсөлдөх боломж байгаа хэ­сэгт нь нэр дэвшүүлнэ гэдгээ амалж, эрт­нээс сонгуулийн ажлаа эхэл хэ­мээж, харин энэ удаад тойрог өгөх­гүй гэсэн хүмүүстэй ил тод хэлсэн сураг дуулдаж байлаа. АН-ын хувьд ирэх сонгуулийг холимог системээр явуулах бодолтой байгаа. 

Сонгуулийн хуулиа сүр дуулиантай баталж, нэг алхам урагшиллаа хэмээчихээд эр­гээд нэг алхам ухарч дахин өөрчлөх шаард­лага байхгүй гэж дүгнэсэн хэ­рэг. Сонгуулийн тухай хуулийн аж­лын хэсгийг ахалж байгаа УИХ-ын ги­шүүн Р.Бурмаа “28:48 буюу 48 нь нэг мандаттай тойргоос сонгогддог, 28 нь намын  нэрсийн жагсаалтаар сонгог­дох хувилбар явж байгаа. Гэхдээ на­мын бүлгүүдээс санал аваад Ажлын хэ­сэг дээр дахиж ярина. 

Тэгэхээр сон­­гуулийг ямар тогтолцоогоор явуу­лах нь эцэслэгдээгүй гэсэн  үг” хэ­мээжээ. Тиймээс олонхийн бүлэг энэ асуудлаар ойлголцолд хүрч чадвал сон­гууль хуучин байдлаараа явах нь. Сон­гинохайрханаас дүүргийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатар, Л.Эрдэнэчимэг, Баян­зүрхээс дахиад Ж.Батзандан өрсөлдөх бэлтгэлээ хийж эхэлсэн. Хан-Уулын хос хоёр ч ирэх жил дөрөө харшин давхих нь тодорхой байна. 

Гэхдээ АН-ын баримталж байгаа бодлого нь тойрогтоо нэр хүндтэй зайлшгүй суудал зулгаах хүмүүсээ явуулж, нэр хүнд нь буурсан, эсвэл олон удаа парламентад сонгогдсон гишүүдээ жагсаалт руу оруулах бодлого баримталж байгаа юм. Тэр утгаар харвал Хан-Уулаас олон сонгогдсон Л.Болд, Баянзүрхэд нэр дэвших Д.Арвин нар жагсаалт руу орж, Уул уурхайн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх тойрог руу очих магадлал өндөр байгаа юм. 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тойрогтоо хэвээр үлдэж, харин Р.Амаржаргал гишүүн жагсаалт руу орох нь гэсэн яриа гараад байгаа. Тэгсэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мэдрээ Сүхбаатарыг сонгох магадлалтай. Өмнөх сонгуулиар жаг­саалтаар орж ирсэн гишүүдээс УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймаг, Р.Бурмаа Дорнодод, Д.Эрдэнэбат Сэ­лэнгэд өрсөлдөх нь тодорхой болсон. 

“Мон-Уран”-ы Б.Наранхүү өнөө жил ч Дундговьдоо өрсөлдөх бол Х.Баттулга жагсаалтаар, Д.Ганбат хонгор нут­гаасаа өрсөлдөх нь гэсэн бор шувуу нисч байна. С.Одонтуяа, С.Эрдэнэ нар тойргоо бусдад өгөхийг хүсэхгүй бай­гаа. Намын даргын фракцид байсан хүмүүс гэдэг утгаараа Баянголын хоёр, нэмээд Г.Баярсайхан Чингэлтэйгээ авч үлдэх нь. Архангайгаас Б.Болор, Р.Гончигдорж нар өрсөлдөх яриа эрчээ авчээ. 

Харин Н.Батбаяр гишүүн АН-д хангалттай олон жил тойргоос суудал авч ирсэн учраас энэ удаад жагсаалтад орох магадлалтай. Ерөн­хий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар автоматаар жагсаалтаар орж ирнэ. Увс аймагт экс сайд Н.Алтанхуяг, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр нар магадлал өндөртэй ч Д.Нямхүүг мартаж боломгүй. Өлгий нутгаас өнөө жил К.Сайрааныг сойж, А.Бакейг жагсаалт руу татах боломж бий. 

Монгол Улсын дархан аварга А.Сүхбат Төв аймагт, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Булган, Их аварга Д.Даг­вадорж Өвөрхангайд санаатай гэд­гээ илэрхийлж намын даргатай ойр ойрхон уулзах болсон сурагтай. “Аж­най” Д.Бат-Эрдэнэ Өмнөговиосоо өнөө жил ч суудал зулгаах биз. МҮАН-аас урваж орж ирсэн Д.Батцогт Ховдоос хүч үзнэ. 

Р.Эрдэнэбүрэн, О.Эрдэнэбулган, Г.Ургамалцэцэг, Г.Бай­гальмаа, Д.Болдбаатар зэрэг өн­гөр­сөн хугацаанд  дэд сайдын ал­бан ту­шаал хашсан залуучууд ирэх сон­гуу­лиар мэдээж тойрогт өрсөлдөнө. Энэ утгаараа АН-ын лидер улстөрчид жаг­саалт руу орж, тойрогт дандаа за­луус өрсөлдөх дүр зураг харагдаж бай­на. 

МАН залуусдаа боломж олгох уу?

МАН-ын хувьд мөн л залуучуудаа дэмжих зорилго баримталж байгаа. Тэр ч утгаараа олон сонгогдсон ги­шүүдээс илүүтэй намын залуусын улс төрийн тоглолт, пиар хүчтэй бай­гаа нь харагдах болсон. Дорнодыг Н.Номтойбаяр хэдийнэ өмчилсөн.

Баян­зүрхэд өдгөө дэд сайдын алба хашч буй Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, Б.Мөнхбаатар нар нэр дэвших бэлтгэлээ базааж буй мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ. 

МАН-ын хувьд мөн л залуучуудаа дэмжих зорилго баримталж байгаа.

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь саяхан Сэлэнгэ нутгаар зочилж зорилгоо тодорхой болгочихсон. Энэ тойрогт Сангийн сайд Ж.Эрдэнэбат нэг бүсгүй дагуулан өрсөлдөх бололтой.

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Архангай, Я.Содбаатар, С.Чинзориг, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн на­раас хоёр нь  Өвөрхангайд нэр дэв­­шинэ. Л.Оюун-Эрдэнэ Хэнтийд өр­­сөл­дөх бол Б.Бат-Эрдэнэ аварга өнөө жил жагсаалтаар УИХ-д орж ирэ­­хээр санаархах нь.

О.Содбилэг Эр­­дэнэт, Чингэлтэй дүүргийн За­саг дарга Д.Ганболд дүүрэгтээ, Л.Энх-Ам­­галан, Д.Сарангэрэл нар Хөвс­гөл, Д.Сумъяабазар, Ц.Сандуй Сон­гинохайрхан, Баянгол дүүрэгт Л.Амгалан, Ж.Ганбаатар, Хан-Уул дүүрэгт Б.Саранчимэг, Сү.Батболд нар ма­гадлал өндөр байгаа. Д.Оюунхорол, Ж.Батсуурь, Ж.Энхбаяр, Су.Батболд, Д.Лүндээжанцан нарын гишүүд энэ удаад жагсаалтаар орж ирнэ. 

Ц.Ням­дорж гишүүний хувьд жагсаалтаар орж ирэх шаансаа алдчихсан учраас өнөө жил хотын аль нэг дүүрэгт, эс бөгөөс УИХ-д өрсөлдөхгүй байж мэ­дэх юм. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар УИХ-ын гишүүн М.Зоригтын тойрогт өрсөлдөх су­раг дуулдлаа. А.Тлейхан жагсаалт руу орж, Ардын нам өлгийчүүд рүү Аж үйлд­вэрийн яамны дэд сайд Х.Бадел­ха­ныг явуулахаар тохироо хийсэн сурагтай. 

МАХН нэр дэвших хүсэлтэй хүмүүсийнхээ саналыг авчээ 

“Шударга ёс” эвслийн хувьд ирэх сонгуулиар эвсэл болж орох эсэх нь эргэлзээтэй. Мэдээж өнөө жил хамгийн рейтинг өндөртэй байсан гишүүдээсээ гадна шинээр намд элссэн гишүүд тойрог хувааж авна. Өнгөрсөн сонгуульд тойрог зулгааж ирсэн гишүүн МАХН-д бараг л байхгүй. Тиймээс энэ жил тойргийн гишүүдээ жагсаалт руу явуулах бодлого барих нь. Намын удирдлагуудын зүгээс хэн хаана нэр дэвших хүсэлтэй вэ гэдгийг нь асууж, саналыг нь авсан гэх мэдээлэл байна. 

Монголбанкны дэд захирал Э.Батшугар хотын дүүргүүдээс нэгийг нь онилох, эс бөгөөс дахин даагаа нэхэж жагсаалтаар орж ирнэ. АН-ын олон нарийн бичгийн дарга нар мөн л Архангайгаас эхлээд, хотын дүүргүүдээр сонгуулийн ажлаа эхлүүлжээ. Жагсаалтаар орж ирсэн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар Чингэлтэйд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн бол Шадар сайд асан Д.Тэрбишдагва, Н.Удвал төрсөн нутаг Архангай, Г.Шийлэгдамба сайд Өвөрхангайг онилж байгаа аж. 

Жил жилийн хамгийн өрсөлдөөн ихтэй тойрогт ордог Өвөрхангайд өнөө жил дандаа нутгийнх нь хүүхдүүд өрсөлдөх нь ээ. МҮАН-аас өнөө жил мөн л жагсаалтын гишүүдээ тойрог руу явуулна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга Сэлэнгэ аймгаас нэр дэвших нь гэх яриа байна. Н.Батцэрэг Өвөрхангай, эс бөгөөс хотын аль нэг дүүргийг сонгох юм байна. 

Энэ бол эхний байдлаар таамаг төдий яриа. Сонгуулийн хууль хэрхэн батлагдахаас, мөн жилийн жилд байдаг тойргийн наймаа яаж явахаас шалтгаалан зарим нэг тойргийн нэр дэвшигчид өөрч­лөгдөж, шинэ хүмүүс гарч ирэх ма­гадлал ч өндөрсөнө. Парламентад суудалтай намууд үндсэндээ нэр дэв­ших сонирхолтой хүмүүсийнхээ нэр­сийг авч дууссан бөгөөд хэн хаана өр­сөлдөх вэ гэдгийг тандаж судалгаа хийж, энэ тойрогт мөнгө хаяж чадах, эс чадахаас шалтгаалан хүмүүсээ явуу­лах бололтой. Урьдчилсан таам­гаас харахад өнөө жил жагсаалтад на­­муудын хөгшчүүл “нуугдаж”, тойр­гуу­дад залуусын тулаан өрнөх дүр зу­раг харагдаж байна.

Зураг