Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд импортын гурил идэх ёстой юу?

Х. Батсайхан
2015 оны 4 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Зурагт үзэж суухад импортын гэхээс илүү Монгол гурилын сурталчилгаа их гарах юм. Гэтэл “Чанар сайтай барааг рекламдах хэрэггүй” гэж нэг үг бий. Хэрэглэгчдэд чанараа нэг мэдрүүлчихсэн л бол бараа нь өөрөө сурталчилгаа болдог гэсэн утга байх л даа.

Зурагтаар дотоодын гурилын сурталчилгаа яваад байдаг, хүмүүс хоорондоо “Цесна сайн”, “Алейка дажгүй” гэж ярих. Эндээс “дотоодын гурилын чанар импортын гурилын чанарыг гүйцэхгүй байна”, “чанарыг нь сайжруулах хэрэгтэй” гэсэн дүгнэлт гарч байна аа даа. Гурилын үйлдвэрүүд ч үндэсний үйлдвэрлэгч мөн, тэднийг дэмжих ёстой. Гэтэл “яаж, ямар аргаар дэмжих вэ” гэсэн асуултад өнөөдөр хэн ч хариулж чадахгүй байна. 

Газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгч бол угтаа бие, биенээсээ хамааралтай, “нэг талынхан” байх учиртай. Гэтэл өнөөдөр Монголд тийм биш болсон байна. Тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдийн хооронд үүссэн маргаан жил дамнан үргэлжилж, “Атрын III аян”-аар олсон их амжилт зогсох дээрээ тулжээ. Тариаланчид нь “Тэгвэл энэ жил буудай тарихгүй, рапс тарилаа шүү” гэж айлгаж байна. Энэ бол үнэндээ эх оронч бус санаачлага юм. Тариаланчдад яах вэ, рапс тариад ашигтай ажиллах гарц байгаа юм байна. 

Тэгвэл гурил үйлдвэрлэгчдэд ямар гарц байгаа юм бэ. Гурилынхаа чанарыг сайжруулах л ганц гарц байна. Эх оронч үзэл гаргаад дан дотоодынхоо улаан буудайгаар гурил үйлдвэрлэлээ гэхэд хэрэглэгчид ойлгохгүй шүү дээ. Өнөөдөр “Ашиггүй байгаа бол ирэх жил тарихаа больчихооч дээ, тэгээд импортлоод болоо биз дээ”, “Аль болох чанартайг нь хэрэглэмээр байна, түүнээс биш ашиг бодсон бизнесүүдийг харах хэрэггүй”, “Тохирч чадахгүй бол бүх талбайдаа рапс тарь” гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс дийлэнх нь байна.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хэрэглэгчид энэ асуудалд “тариаланч, гурилын үйлдвэрүүд яах нь хамаагүй, болохгүй бол орос гурилаа аваад идчихнэ” гэсэн байдлаар хандаж байна гэдгийг харуулж байгаа юм. 

Хэрэв импортын гурил орж ирдэггүй байсан бол улаанбуудайгаа 100 хувь дотооддоо тариалаад, үйлдвэрлэгчид бүгдийг нь худалдаж авч гурил үйлдвэрлээд явж болно. Хэрэглэгчид яах вэ, ургацын чанар сайн жил сайн гурил идээд, муу гарсан жил муу гурил идээд явна биз. Сонголт байхгүй юм чинь. Гэтэл тийм биш. Импортын гурил гэж том өрсөлдөгчид цаана нь байна.

ОХУ жилд 80-100 сая тонн ургац хурааж авдаг, том экспортлогч. Тэдний талаас аваад үзэхэд, улаанбуудай экспортолсноос гурил болгож эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах нь хамаагүй ашигтай. Тийм болохоор гурилынхаа чанарыг яаж ийгээд манай дотоодын гурилаас илүү байлгаж чадна. Хэрэглэгчид ч аль чанартайг нь авч хэрэглэнэ. 

Газар тариаланчид ярьж байна, “Япончууд Хятад будаа хичнээн хямдхан байсан ч дотооддоо тарьж ургуулсан будааг хоёр дахин үнээр авч иддэг. Монголд ч тэгэх ёстой” гэсэн юм ярьж байна лээ. Ухаандаа, газар тариаланчдад төрөөс илүү өндөр татаас өгөх ёстой гэнэ. Тэгж болно, гэтэл тэр тариаг чинь гурил үйлдвэрлэгчид авч үйлдвэрлэлээ явуулна.

Харин Монголчууд худалдаж авах уу гэдэг нь ёстой эргэлзээтэй. Тэгэхээр асуудал тариаланчид, гурил үйлдвэрлэгчдэдээ биш, хэрэглэгчдээ байгаа биз. Үнэтэй ч байсан үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд илүү мөнгө зарлагаддаг ард түмэнтэй бол орос гурил аль хэдийнэ лангуунаас арилаад өгсөн байх байсан шүү дээ.

Гурил үйлдвэрлэгчид үнийн асуудалд ямар байр суурь илэрхийлэхийг сонирхлоо. Гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ц.Отгонбаатар “Манай тариаланчид ОХУ-д 345 мянган төгрөгийн үнэтэй байгаа улаан буудайг гурил үйлдвэрлэгчдэд 550 мянган төгрөгөөр өгдөг” гэжээ. "Улаанбаатар" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг “Дотоодын улаан буудай чанартай гэхээсээ чанаргүй нь их байна. Тиймээс гурилынхаа чанарыг сайжруулах гэж импортоор буудай оруулж ирсэн” гэжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард 1000 тонн улаан буудай импортоор оруулж иржээ. Гурилын чанар буудайны чанараас шууд шалтгаалдаг юм байна. Импортолсон буудай нь сайн чанарын цавуулаг өндөртэй улаан буудай гэнэ. Гурилын чанарыг сайжруулахын тулд сайн чанарын буудайг чанар муу буудайтай хольж болдог байна. Тиймээс нэг тонныг нь 494 мянган төгрөгөөр оруулж иржээ. Энэ нь дотоодын улаанбуудайнаас 56 мянган төгрөгөөр хямд гэсэн үг. Асуудал чанараас гадна үнэд ч байж болно гэдгийг энэ баримт харуулж байна. 

ХХААЯ-наас тариаланчидтай өнгөрсөн жил гэрээ хийхдээ төрөөс тонн тутамд 100 мянган төгрөгийн урам-шуулал олгохоор болж, улаанбуудайн доод үнийг 460 мянган төгрөг байхаар тохирсон. Хэрвээ дотоодод үйлдвэрлэсэн буудайн чанар сайн байгаад, үнэ нь 460 мянгаас нэг их хэтрэлгүй тогтсон бол импортлох шаардлага гарахгүй ч байсан юм бил үү. 

“Газар тариалан” холбооны Санхүүгийн хэлтэс энэ онд нэг тонн улаан буудайн өөрийн өртөг 380-400 мянган төгрөг байна гэсэн тооцоог хийжээ. Юмны үнэ өдрөөс өдөрт өсч байгааг тооцвол өртөг зардал өнгөрсөн жил арай бага байсан нь тодорхой. Ядаж л хорь гучин мянгаар бага байсан байлгүй дээ. 

ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэвлэлийн бага хурал зарлаж, гурил үйлдвэрлэгчдийг цуглуулахад тэд “энэ  жил нэг тонн улаан буудайн үнийг өндөр тогтоосон, буудайн чанар муу байна”, “тонн буудайн үнийг 450-500 мянгөн төгрөгт тогтоох боломжтой” гэж байсан.

Дээрх тоцооноос харахад 480-490 эсвэл 500 мянгад тогтоосон бол тариалан эрхлэгчдэд тонн тутмаас 150 мянган төгрөгийн ашиг гарч байгаа юм.

Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний гурил үйлдвэрлэж хүрэхүйц ургац авсан. 

Бараг 30 хувийн ашиг гэсэн үг. Энэ бол сайн бизнест тооцогдоно. Өнгөрсөн жил сайн ургац авсан юм чинь энэ жил үрийн буудайгаас энд тэндээс зээлээр авна гэсэн асуудал байхгүй.

Хангалттай ургац авч чадаагүй жилүүдэд тариаланчид улсаас үрийн буудайгаа авахаас гадна “зээлээр авсан” гэж хэлэн урамшууллынхаа хэмжээг нэмэх шалтгааны тоонд оруулдаг байсан билээ.

Харин асуудал улаанбуудайн чанарт байгаа бол үнэ ёстой падлий байхгүй. Үнэтэй ч байсан импортолж гурилын чанарыг дээшлүүлэхээс аргагүй. Яагаад гэвэл импортлогчид гэж аюул байна шүү дээ. 

Эцэст нь хэлэхэд, уншигчдаас нэг асуулт асууя. Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний гурил үйлдвэрлэж хүрэхүйц ургац авсан. Гэтэл улсын хэмжээнд 72 мянган тонн гэнэ үү тэрнээс их ч гэнэ үү улаанбуудай зарагдалгүй үлдэж байна, аюул боллоо гэж сүржигнэж ч байх шиг. Бид дотоодын хэрэгцээгээ хангах тариа хурааж авчээ.

Гэхдээ түүнийхээ хажуугаар импортоор их хэмжээний гурил оруулж ирж байна. Дан орос гурил хэрэглэдэг айлууд зөндөө. Дунджаас дээш амьдралтай айлууд ер нь л тийм хандлагатай. Түүнчлэн, орос гоймонгийн бизнес Монголд цэцэглэж байна. Ийм байхад гадагш нь экспортолдоггүй л юм бол буудай үлдэж таарна биз дээ.

Зураг