Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ли Куан Югийн байгуулсан Сингапураас суралцах 10 хичээл

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

The Diplomat сайтад Прашант Парамесвараны бичсэн нийтлэлийг хүргэж байна.


Сингапурын гуравдахь ертөнцийн жижигхэн хотоос дэлхийн тэргүүлэгч хот улс болж чадсан амжилтыг хүлээн зөвшөөрөхгүй хүн төдий л олон байхгүй болов уу.

Ирэх жил сонгууль явуулахаар бэлдэж байгаа, үүсгэн байгуулсан ерөнхий сайд асан Ли Куан Ю таалал төгсөж дурсгалыг нь хүндэтгэж байгаа энэ үед байгуулагдаад 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус улсын хөгжлийн туршлагыг эргэн харахад сонирхолтой.

Өнгөрсөн сард Сингапурын хамгийн алдартай дипломатч Кишоре Махбубани Зүүн Тиморт илтгэл тавьж хөгжиж байгаа улсууд Сингапураас юуг суралцах хэрэгтэй талаар зөвлөжээ.

Махбубани Сингапурын амжилтын шалтгааныг дараах 10 хүчин зүйлийг жагсаан тайлбарласан байна.

 

  • Сингапур азтай улс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бурхны ивээлээр Ли Куан Ю, С.Ражаратнам, Го Кен Суи зэрэг удирдагчид Сингапурт заяажээ.
  • Хот-улс нь чадварлаг хүнийг үнэлдэг (meritocracy) соёлыг сайн хөгжүүлдэг. Сингапурын төрийн албан хаагчид сайтар шилэгдэж, хангалттай цалин хөлс авдаг. Ли нэгэнтээ “хүчтэй улс төрийн манлайлалд төвийг сахисан, оновчтой, үнэнч төрийн үйлчилгээ хэрэгтэй” гэж хэлж байв.
  • Сингапурын удирдагч нар прагматизмыг жанжин шугамаа болгосон. Тухайлбал Го Кен Суи нь Японы удирдагч нарын дэлхийн улс орнуудаас урт хугацаанд судалж, хуулж, тохируулсан Мэйжигийн шинэтгэлийг анхааралтай судалж нэвтрүүлж байжээ. Сингапур мөн ижил арга замаар хөгжихийг зорьж байсан гэнэ.
  • Гадаад бодлогодоо дээд зэргийн уян хатан бодлого явуулж чадсан. Жижиг улс дайсантай болохоос байнга зайлсхийж энх тайванч, хамтарсан хөгжлийн бодлогыг эрхэмлэж байв.
  • Сингапурын удирдагчид жижиг зүйлсээс амжилтын эхлэлийг олж чадсан. Хөгжихийн тулд том өөрчлөлт хийлгүй, тухайлбал тосгонд ус хүргэх хоолой татах зэргээр хүмүүсийн өдөр тутмын амьдралыг өөрчлөх алхмууд хийж байсан нь эцэстээ хөгжилд том нөлөө үзүүлсэн гэнэ.
  • Сингапур гадны тусламжинд найдаагүй, хөгжлийн зорилтоо гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаагаар хангаж чадсан. Тусламжийн ихэнх нь буцаад донор орондоо зардал болж очдог тул хөгжиж байгаа оронд ач тус багатай. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Сингапурын Эдийн засгийн Хөгжлийн Зөвлөл чухал үүрэг гүйцэтгэжээ.
  • Сингапур нь олон үндэстний эв нэгдлийг хангах бодлого барьж чадсан. Хятад, Малай, Энэтхэг үндэстнүүдээс бүрдсэн Сингапур улс нь Англи, Мандарин, Малай, Тамил гэсэн дөрвөн албан ёсны хэлтэй. Дундын хэл нь Англи байж үндэстнүүд өөр өөрийн эх хэлийг хадгалж үлдэх боломжоор хангажээ.
  • Сингапурын удирдагчид урт хугацааны бодлогыг шүтэж байсан. Тухайлбал 100 жил ундны усаар хангах гэрээг Малайзтай 1961 онд байгуулсан хэдий ч хөршийнхөө усны нөөцөнд  найдаж суулгүйгээр өөрийн усны эх сурвалжтай болоход их хөрөнгө зарцуулж амжилтанд хүрч чаджээ.
  • Сингапур популизмаас зайлсхийж чадсан. Тухайлбал зарим улсууд хэт хангамжийн бодлого явуулж, ард иргэдээ улсын гар харж амьдрах байдалд хүргэдэг бол Сингапур нь хүмүүстээ сайн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцжуулах зөв бодлого, чанартай нийтийн тээвэр, хөдөлмөр эрхлэгсдийн заавал хуримтлал бий болгох сан үүсгэх зэрэг аргаар амьдралыг нь сайжруулж чаджээ.
  • Сингапурын удирдагчид үнэнч, авлигаас хол байж чадсан. Махбубанигийн онцолсноор энэ бол жагсаалт дотрох хамгийн чухал зүйл аж. Орон даяар үнэнч шударга дэглэм тогтох нь ард иргэдийг удирдагч нартаа итгэх итгэлийг бий болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гол хүчин зүйл болсон гэжээ.