Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун Африкт Эбола тахлын 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгджээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Гвиней болон Сьерра-Леонд хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 1-ний хооронд үхлийн аюултай Эбола вирусээр үүсгэгддэг өвчний тохиолдол дахин 132-оор нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Шинээр гарсан тохиолдлуудын ихэнх нь буюу 81 нь Сьерра-Леонд гарсан бол Гвинейд 51 тохиолдол шинээр бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны тайланд дурдсанаар гуравдугаар сарын 4-ний байдлаар Эбола тахлын үхлийн аюултай вирусээр халдварласан хүний тоо 23,969 харин энэ өвчний улмаас амиа алдсан хүний тоо 9,807-д хүрчээ

Эргэн сануулахад Эбола тахлын дэгдэлт 2014 оны хоёрдугаар сард Баруун Африкт эхэлсэн юм. Баруун Африкийн орнууд дундаас Гвиней, Либери, Сьерра-Леон улсуудад энэ өвчний тархалт илүүтэй ихээр гарсан. Сүүлийн үед зарим муж нутгуудад өвчлөлийн тохиолдол шинээр гарах нь багасаж, улмаар тахлын дэгдэлт хумигдаж байгаа гэсэн дүгнэлтийг ДЭМБ-аас өгч байлаа.

Эбола тахал нь халдвар авсан хүний цус, ялгадастай  хамгаалалтгүй хүрэлцсэнээс үүдэн халдварладаг. Одоогоор Эбола тахлыг эмчлэх болон урьдчилан сэргийлэх тарилга байхгүй. Гэхдээ өвчний тархалт дэгдсэнээс хойш АНУ, Япон, Канад, Орос зэрэг орнуудад энэ өвчнийг эмчлэх эм, тарилга бүтээж эхэлсэн тухай мэдээлэл гарч байсан ч одоогоор өргөн цар хүрээнд эмчлэх боломж гараагүй байна. 

Эх сурвалж: РИА новости