Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

open.parliament.mn
2015 оны 1 сарын 29
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын хуралдаанаас УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулахыг чиглэл болгосны дагуу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

УИХ-аас 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр энэхүү хуулийг баталсан. Хуулийг дагаж мөрдсөнөөс хойш таван сарын хугацаанд багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар заасан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй.

Мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдын нэхэмжилсэн 222,5 тэрбум төгрөгийн нөхөн олговор, түүнд хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хуулийн хэрэгжилт удааширч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байгаа.

2012 оны зургадугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан. Эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон байна.

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хуулийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. 

Ингэснээр хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулна. Харин хуулийг дагаж мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, түүн дээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй гэдгийг Уул уурхайн сайд илтгэлдээ дурдлаа.

Ингээд байнгын хорооны саналаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76,4 хувиар дэмжлээ. 

Хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.