Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдыг хар тамхи хэрэглэсэн эсэхийг албадан шалгана

Б.Ууган, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Думын “Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хороо”-ны гишүүн Ирина Чиркова Төрийн Думд хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ хуулийн төсөлд сурагчдыг хар тамхи хэрэглэсэн эсэхийг албадан шалгах талаар тусгасан байна. 

Үүнээс өмнө ОХУ-ын Эрүүл мэндийн яам сурагчид болон оюутнуудыг хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмыг батласан юм. Энэ төрлийн шалгалтыг эмнэлгийн байгууллагуудад хийх бөгөөд эмнэлгийн картан дээр шинжилгээний дүнг бичих юм байна. 

“Энэ хуулийн төсөл батлагдвал 15-аас дээш насны хүүхдүүд болон тэдний эцэг эх, хууль ёсны төлөөлөгчийнх нь өгсөн зөвшөөрөлтэйгээр сайн дурын үндсэн дээр эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдах байдал дуусгавар болж, зайлшгүй үзлэгт хамрагддаг болно” гэж Думын гишүүн  тайлбарлажээ. 

Хуулийн төсөлд тусгаснаар насанд хүрээгүйчүүд хар тамхинд мансуурсан шинж тэмдэг илэрвэл зайлшгүй үзлэгт хамрагдах бөгөөд энэ тухай эцэг эхэд нь мэдэгдэх гэнэ. Ийнхүү албадан шинжилгээнд хамруулснаар мансуурах явдалтай тэмцэх ажилд ихээхэн үр дүн авчирна гэж хуулийн төсөл санаачлагч мэдэгджээ. 

Дашрамд дурьдахад, 2012-2014 онуудад Орост хүүхэд, өсвөр насныхны дунд хар тамхи хэрэглэх явдал эрс өссөн гэсэн судалгаа гарсан юм. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд хар тамхины хэрэглээтэй тэмцэхийн тулд олон талт арга хэмжээ авч байгаа ч тэр бүр үр дүнд хүрэхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тиймээс зөвхөн сайн дурын үндсэн дээр биш албадан шинжилгээ өгдөг болвол хар тамхины хэрэглээ буурна гэж найдаж байгаа гэнэ. 

Эх сурвалж: ria.ru