Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

О.Отгонбаатар: Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц компаниудын нэг нь “Шивээ-Овоо”

Монголын мэдээ
2015 оны 1 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

“Шивээ–Овоо” хувьцаат компаний захирлаар томилогдоод хоёр жил илүүтэй ажиллаж байна. Ажил хүлээж авсан жил буюу 2013 онд манай компани 1.9 сая тонн нүүрс олборлох ёстойгоос 1.930 мянган тонн нүүрс олборлож, төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэн нь надад төдийгүй хамт олонд маань “Бид чадах юм байна, дахиад жаахан зүтгэхэд л хоёр сая тонн нүүрс” гэх зорилго, мөрөөдөл, итгэлийг авчирсан. 

Тэр л эрч хүчээрээ өнгөрсөн онд хоёр сая 600 тонн нүүрс олборлосон. Энэ амжилт уурхайн түүхэнд  алтан үсгээр бичигдэн үлдэх нь дамжиггүй” хэмээн өгүүлж суугаа эрхэм бол “Шивээ-Овоо” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар. Түүнийг энэ удаагийн “Чухал сэдэв” буландаа урьсан юм. Шивээ–Овоогийн нүүрсний уурхайн таамаг нөөц 2.8 тэрбум. Үүнээс батлагдсан нь 564 сая тонн аж. 

2018 оноос V цахилгаан станц ашиглалтад орохоор нүүрсний 70 хувийг тус уурхай нийлүүлэхээр ТЭЗҮ нь хийгджээ. Тэгэхээр үндсэндээ одоогийн ашиглаж байгаа хоёр сая, V цахилгаан станцын 2.4 сая орчим, Амгалан дулааны станцын нийт нүүрсний хэрэглээний 70 хувь гэдэг маань 300 орчим мянган тонн, нийт 4.8 сая тонныг олборлох хүчин чадалтай уурхай болох юм. 

Энэ үед жилд таван сая тонн нүүрс олборлолоо гэхэд 100 гаруй жил ашиглах нөөцтэй гэж ойлгож болохоор. Гэхдээ энэ нүүрсний баялгийг 100 жил ашиглана гэж бодоход өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнд жилдээ 10 сая тонн нүүрсийг нийлүүлэх бүрэн бололцоотой гэсэн үг. Тэгэхээр нөөцийн хувьд санаа зовох зүйл байхгүй гэсэн  үг.   

Монгол Улс үйлдвэрлэгч биш импортлогч орон шүү дээ 

“Тендер зарлахыг хүлээгээд уурхайгаа зогсоолтой биш. Тиймээс цаг алдахгүйн төлөө  аж ахуйн нэгжүүдийн оруулж ирсэн  сэлбэг материалыг худалдаж авахаас өөрөөр яалтай. Харамсалтай нь эх орноо, уурхайгаа гэсэн сайхан сэтгэл маань биднийг заримдаа хэл амны бай болгож орхидог” гэж тэрбээр миний тавьсан “Амжилт, ялалтын тухай сайхан мэдээллийн араас хар бараан зүйлийг асуух нь. Та бүхэн уучилна биз. “Шивээ-Овоо” байсхийгээд л хэл аманд өртөж, хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цоллуулж байгаа дуулддаг. Асуудал юундаа байдаг юм бэ. Та үүнийг анзаарч, судалж үзэв үү?” гэх асуултад бухимдангуй хариулаад цааш нь үргэлжлүүлэн “Тийм ээ, сайны хажуугаар саар мэдээ биднийг үе үе нэрвэж орхидог.

Төрийн өмчит учраас зориудаар алдагдалтай ажиллуулж байна. Төрийн мөнгийг өндөр хүүтэйгээр банканд хадгалуулан хүүгээр нь бизнес хийлээ гэхчлэн авч өгнө шүү дээ. Би нэгэнт  энэ албыг хашиж чадна гээд хүлээж авсан болохоор ухрах, буцах  тухай бус бүтээх, бий болгохын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн гэдгээ юун түрүүнд хэлэх ёстой болов уу.  

Ажлаа хүлээж авсан эхний өдрөөс л уурхайг алдагдалтай ажиллаж ирсний учрыг олохыг хичээсэн. Нэг үгээр хэлбэл, судалгааны ажил явуулсан гэх үү дээ.

 “Шивээ-Овоо”  хувьцаат компани  25 жилийн түүхтэй уурхай.  

Нүүрсний салбарт төрийн өмчит хоёрхон компани бий. Багануур, манай хоёр. Эрчим хүчний салбарын өмнө маш өндөр хариуцлага хүлээдгийн хувьд алдагдалгүй ажиллах ёстойгоос гадна үйл ажиллагаа маань тогтвортой, доголдолгүй, найдвартай байх учиртай.

Ийм хэмжээнд ажиллахын тулд  техник технологийн найдвартай ажиллагаа цаашлаад ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн  аюулгүй байдал. Энэ бүхэн цогц, нэгэн шугам дээр зэрэгцэж гэмээнэ бид зорьсондоо хүрнэ. Үүнийг л  гол зорилгоо болгон ажиллаж ирлээ.

Монгол Улс, Монголчуудын амьдрал жилээс жилд хөгжин дэвжиж, тэр хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж буй цаг дор бид  аж төрж байна. Тэр хэрэглээний эх үүсвэр нь уурхайн тогтвортой ажиллагаа. Манайх IV цахилгаан станцын нүүрсний нийт хэрэглээний 51 хувийг дангаараа  нийлүүлдэг. Энэ бол онцгой хариуцлага. “Шивээ-Овоо”  хувьцаат компани  25 жилийн түүхтэй уурхай.  

Уурхайн хамт олон улс эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Тиймээс би уурхайг цааш нь авч явахдаа өмнөх захирлуудын  үеэс  дордуулчихгүй шиг, илүү боломж бололцоо байвал сайжруулахын төлөө мэрийж  ажиллаа.  Миний ажиллаж байгаа хоёр жилийн хугацаанд уурхайн төлөвлөгөө зуун хувь биелэгдэж ирсэн.   Ерөнхийдөө уурхайн хамгийн гол асуудал бол техникийн бүрэн бүтэн байдал.  

Техникийн бүрэн бүтэн байдлын коэффициент өндөр байх ёстой. Түүнийгээ дагаад техник ашиглалтын  коэффициент өндөр гарна.  Ингэж байж төлөвлөгөө, нормоо биелүүлнэ. Уурхайн хувьд 1998 оны Япон-Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр техникийн шинэчлэлт хийгдсэн байдаг.

Түүнээс хойш  шинэчлэл бараг хийгдээгүй. Урсгал засвар  маягаар явж ирсэн. Ийм нөхцөлд  хоёр сая тонн нүүрс олборлоно гэдэг маш том амжилт  юм шүү. Хэдийгээр манайх Японы “Комацү” брэндийн техник, тоног төхөөрөмжөөр  бүрэн тоноглогдсон ч эдүгээ бидний  ашиглаж байгаа техникийн  сэлбэг хэрэгсэл хоцрогдож, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэхээ больсон байх жишээний. Монгол Улс сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэгч  биш учраас  хэн нэгэн янз бүрийн сэлбэг  оруулж ирэхээр нь  таарч тохирохыг нь худалдаж авдаг. Энэ л  хэл ам дагуулаад байх юм. Мэдээж хэрэг олон жил ашигласан техник, тоног төхөөрөмж элэгдэнэ, хуучирна, эвдэрнэ. 

Тэр хэмжээгээр эвдрэл саатал маш их гардаг. Эвдрэл саатлыг тухай, тухайн  үед нь засаад явчихаж болох ч хамгийн хэцүү нь ашиглалтын зардал маань өсдөг явдал. Ашиглалтын зардал ихэснэ гэдэг маань эргээд үйлдвэр ашигтай ажиллах, өртөг зардлаа хэмнээд ашиг алдагдлаа тэнцүүлэх боломж нь багасчихаж байгаа юм.

Мөн эрчим хүчний үнэ, эрчим хүчинд нийлүүлж байгаа нүүрсний үнийг төрөөс бодлогоор барих болсон. Энэ бүхэн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай алдагдалд орох гол шалтгаан болж ирлээ.  

 Өнгөрсөн онд хоёр сая тонн нүүрсийг техникийн ямар ч боломжгүй үед л олборлолоо шүү дээ. Ирэх жил  2.313 мянган  тонн нүүрсний захиалга ирж байна.

Энэ бол үндсэндээ нийт олборлож байгаа нүүрс болоод ажлын явц 15 хувиар өсөж байна гэсэн үг. Тэгээд одоо байгаа уурхайгаа 15 хувиар өсгөхгүй бол ирэх 2015-2016 оны өвлийн ид ачааллын үеэр нүүрс ханган нийлүүлэх боломжгүй гэсэн үг л дээ. Ерөнхийдөө ийм байна” гэсэн юм.  

Зардал бууруулах арга  маш энгийн зүйлээс эхэлдэг

Миний хувьд уурхайн  алдагдлыг бууруулах ажлыг  техникийн шинэчлэлээс эхэлсэн. Энэ тухай  нэгэн жижигхэн түүхийг өгүүлье. Дэлхийд хоёр, гуравхан байдаг алхагч экскаваторын нэг нь манайд байдаг.  

Зардал бууруулах, үйл ажиллагаа сайжруулахын тулд зайлшгүй алхагч  экскаватортой хоршин ажиллах экскаватор хэрэгтэй байсан тул  дуудлага худалдаагаар 1170 гэж алхагч экскаваторыг худалдаж  авсан. Миний хувьд мэргэжлийнх биш учраас тэр экскаваторын талаар сайн мэдэхгүй.  Гэтэл экскаваторыг авсан өдөр манайхан өдөржингөө надад баяр хүргэсэн. Учир нь манай уурхайн 20 жилийн мөрөөдөл байж. 

Та уурхайн 20 жилийн мөрөөдлийг биелүүллээ гээд л. Үнэндээ зах зээлийн ханшаар нь авна гэвэл 30 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй учраас уурхай авах боломжгүй.

Тэгж байтал аз болж “Шижир алт” гэдэг компани санхүүгийн хүнд байдалд ороод техникүүдээ дуудлага худалдаагаар зарсан. Дуудлага худалдаанаас хойш жилийн дараа  компанийн захирал нь “Бид үнэхээр хайран юмаа бараг үнэгүй өгчихсөн байна лээ” гэж  билээ. Гэтэл бид тэрбум 250 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг. 

Уурхайн зардлын 23-25 хувийг түлш эзэлдэг.

Эдийн засаг, санхүү хөрөнгө мөнгөний хувьд хэцүү байсан ч энэ техникийг авах нь зөв шийдвэр байж, зардлыг тодорхой хэмжээгээр  бууруулж чадсан. Уурхайн зардлын 23-25 хувийг түлш эзэлдэг. Тэгээд энэ бүх ажлыг тэр цахилгаан экскаватор хийж гүйцэтгэж байгаа юм.

Манайх сардаа цахилгаанд 130-140 сая төгрөг төлдөг. Тэгээд энэ мэтчилэнгээр зардал хэмнэх үр ашигтай гэж тооцоод 1170 гэдэг алхагч экскаваторыг авсан даа. Би уурхайд ирэхдээ энэ өндөр өртөгтэй “Комацү” техникээс татгалзвал яадаг юм бэ гэж бодсон. Тэгээд юу юугүй  уурхайн алдагдлыг бууруулна, зардлыг нь багасгана гээд хамаг техникийг нь солиод холиод унавал аюултай шүү дээ, өндөр эрсдэлтэй. 

Уурхайд найдвартай хэвийн ажиллагаа хамгийн чухал байдаг. Японы “Комацү” техникийн хувьд бүтээмж өндөр, мундаг ч БНХАУ-ын таван ширхэг самосвал авсан. Эхний ээлжид туршиж үзэхийн зэрэгцээ өртөг зардлаа бууруулаад үзье гэж шийдсэн хэрэг.  Одоо нэг ширхэг “Комацү” машиныг явуулахад дунджаар жилд 200 гаруй сая төгрөг зардаг. Зөвхөн сэлбэг хэрэгсэл, эвдрэлийг нь янзлахад тэр. 

Гэтэл Хятад машиныг цоо шинээр нь 100 саяар л авна. Магадгүй гурван жил явах байх, гэтэл өнөөх “Комацү”-д сэлбэг авсан мөнгөөр л шинэ машиныг гурван жил ашиглаж байх жишээтэй. Бас нэг хийсэн ажил гэвэл манайх худгаа гадны машинаар өрөмдүүлдэг байсан.

Үүнийгээ яагаад өөрсдөө ухаж болохгүй гэж, яагаад заавал алдагдалтай байж тендер зарлаад гадны компаниар өрмийн ажлаа хийлгэж байдаг юм бэ гээд өрмийн машин ямар үнэтэй байгааг судалж эхэлсэн. Тэгсэн өрмийн машиныг 200 гаруй сая төгрөгөөр авахаар байна гэж байгаа юм. Гэтэл бид өрмийн ажлаа гадны компаниар 200 сая төгрөгөөр хийлгэдэг байхгүй юу. 

Тэгэнгүүт нэг машин авчихъя, тэгээд жилд нэг удаа худгаа өрөмдөөд байя. Би ажлаа дөрөвдүгээр сард авсан, тэгээд машинаа авах гэсээр байтал цаг хугацаа өнгөрөөд өнгөрсөн жилийн хувьд худгаа өрөмдөж чадсангүй л дээ. Тэгээд энэ жилийн хувьд ус шүүрүүлэлтийн ажлаа хийх гээд найман худгаа дураараа өрөмдөж байгаа юм.

Гүний тэсэлгээгээ хийчихсэн. Хүнээр хийлгэсэн бол хэдэн зуун сая төгрөг өгч байгаа шүү дээ. Тэгэхээр ирээдүйд гарах зардлыг хэмнэж байгаа эсэхийг л үзсэн л дээ.

Уурхайд найдвартай хэвийн ажиллагаа хамгийн чухал байдаг.

Түүнээс гадна өвлийн ид ачааллын үеэр техникийн хүрэлцээ муу байдаг учраас гадны компанид түрээсэлдэг.

Заавал түрээсэлж хүнд мөнгө өгч байхаар өөрсдөө энэ 2-3 сарын түрээсийн мөнгөөрөө ачигч авъя гээд л авсан. Аль болох л ирээдүйд үүсэх зардлыг бууруулах зорилготой техникийн шинэчлэлүүдийг хийсэндээ би хэзээ ч харамсахгүй.

Засгийн газар дөрвөн тэрбумын асуудлыг шийдэж өгсөн, одоо айх зүйлгүй

Алдагдлын тухайд энэ жил Засгийн газар томоохон шийдвэр гаргасан. Уурхай нэгэнт алдагдалтай байгаа юм чинь улсад төлөх татварын суутган тооцолтын асуудлыг Сангийн яамтай ярьж байгаад, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноосоо хойш тусгайлан хүлээж авч уулзаад, хүнд асуудлууд юу байна, алдагдлын шалтгаан юу байсан байна гээд сонссон.

Тэгээд үнэхээр энэ чинь Засгийн газар хариуцлага хүлээхгүй бол болохгүй болсон юм байна, олон жилийн хуримтлагдсан өр, авлага чинь эргээд уурхай чинь оршин тогтнох уу гэдэг байдалд хүргэсэн юм байна. Тийм учраас Багануур, Шивээ-Овоогийн уурхай улсын төсөвт төлөх татварын асуудлыг Сангийн яам бодлогоор шийдэх нь зөв юм байна гээд шийдсэн. Тэр нь уурхайд ихээхэн дэмжлэг боллоо. 

Тухайлбал, бид түлш нийлүүлдэг компаниудад маш их өртэй явдаг. Өнгөрсөн онд бүр түлш нийлүүлдэг компаниуд  мөнгөө төл гээд түлшээ өгөхөө больсон. Станцаас мөнгө маань хоцорч орж ирнэ. Бүр аргаа бараад түлш нөөцөлдөг ёмкостоо явуулаад зам дээр ажиллаж байгаа ШТС-аас  түлшийг нь шавхаж авч байгаа юм.

Монгол Улсын эрчим хүчийг хангаж байгаа компани ийм үйлдэл хийж байна гэвэл итгэхгүй дээ. Хоёр сая тонн нүүрс олборлож байгаа компани замын колонкийн түлшийг хамж авчраад уурхайгаа явуулж байна гэхэд итгэхгүй шүү дээ. Ийм байдалд хүрсэн. Энэ асуудал дээр Засгийн газар үнэхээр анхаарахгүй бол болохгүй юм байна гээд шийдсэн. Өөрөөр хэлбэл, түлшний компанид төлөх өр, улсад төлөх өрийг түр хугацаагаар хааж өгөхөөр болсон.

Гэхдээ өрийг бүрэн хааж байгаа юм биш, үүнийг бид төлнө. Хамгийн гол татвараас өрөө төл гээд орж ирсэн жаахан мөнгийг минь хамж авчихаад байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм. Бид болохгүй байна, бүтэхгүй байна гээд хойш суугаагүй, бэрхшээлийг даван туулаад өдийг хүрчихсэн. Одоо уурхайн дөрвөн тэрбум төгрөгийн өрийг Засгийн газраас шийдчихсэн учраас өнгөрсөн жилийнх шиг хүнд байдал үүсэх нь харьцангуй гайгүй​ болсон. 

Тэгэхдээ цаашдаа ийм байдлаараа яваад байх юм уу. Яагаад тэр дэлхий дахин конверийн цахилгаан систем рүү ороод байхад зардал бууруулах зүйл рүү орж болдоггүй юм бэ гээд судалгаа хийсэн. БНХАУ-ын конверийн системийг судаллаа. Хятадынх хямдхан хэр нь эвдрэл саатал ихтэй, чанарын шаардлага хангахгүй.

Тэгэхээр хийвэл нэг мөр олигтойхон юм хийе гээд Европ стандартын конверийг судалсан. Орос, Украин  гээд судалгаа хийлээ. Украиных боломжтой байсан боловч улс төрийн байдлаас шалтгаалаад бид тийшээ хандах боломжгүй. Герман стандарт үнэхээр мундаг боловч үнэтэй байна. Ингээд Польшийн системийг цогцоор нь нэвтрүүлье гэсэн судалгаа хийгээд мэргэжилтнүүдийг нь авчираад үзүүлсэн. Бүтэн жилийн судалгаа хийсний үр дүнд зардлын тооцоо хийхээр болж байна. 

Өнөөдөр манайх хөрс хуулалтад 20 орчим тэрбум төгрөг зарж байхад тэр системийг суурилуулчихвал 11 тэрбум төгрөг л зарж байгаа юм. Өөрөөр хэлбэл, боломжит технологийг нэвтрүүлснээр есөн тэрбум төгрөг хэмнэнэ. Ингэвэл уурхай алдагдалтай биш ашигтай ажиллах боломж бүрдэнэ.

Ийм маягаар хэмнэлт хийж чадвал ажилчдынхаа эрүүл мэндийн байдал, хөдөлмөр аюулгүй байдлыг дээд зэргийн төвшинд хүргэх зэрэг олон зүйлийг цогцоор нь хийх боломж бүрдэх юм байна гээд төслөө бэлтгээд ТУЗ-дөө танилцуулаад, ТУЗ маань бүрэн хэмжээгээр дэмжээд Засгийн газарт оруулаад хөрөнгө мөнгөө шийдвэрлүүлэх асуудлыг ярихаар болсон. 

Гадны компаниас авсан нэг таатай санал маань Польшийн Хөрөнгө оруулалтын банканд Засгийн газар 100 хувь баталгаа гаргаад өгвөл тус банкнаас нөгөө компанид 100 хөрөнгийг нь гаргаж өгөөд шууд шийдвэрлээд  хоёр  жилийн хугацаанд угсраад хийж өгье, түлхүүр гардах нөхцөлтэйгөөр гэж байгаа.

Үүнийг хийгээд явах гэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар гацдаг зүйл бий. Дураараа би шийдэж болдоггүй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийг ярьсан дээрээ нэг зүйл хэлэхэд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах гэж ийм хууль гарсан нь мэдээж. Гэхдээ энэ хууль арай нэг тал руугаа хэвийсэн юм болов уу гэж боддог юм. Төсвийн байгууллагад бол маш мундаг хууль. Өөрөөр хэлбэл, төсвөө жилийн өмнө гаргадаг байгууллагад хэрэгжүүлэхэд боломжтой. 

Гэтэл үйлдвэрлэл явуулдаг газарт буюу Шивээ-Овоогийн уурхайд энэ хууль байнга зөрчигдөх гээд байдаг. Одоо биднийг энд яриад сууж байхад тэнд нэг техник эвдэрч байгаа шүү дээ. Тэрний сэлбэгийг авъя гэхэд л 50 сая төгрөг давчихдаг.

Худалдан авах ажиллагааны тухай хуулиар 50 сая төгрөгөөс дээш бараа, сэлбэг худалдан авах бол тендер зарладаг. Техник эвдэрчихсэн байхад тендер зарлана гээд сууж байх уу. Тэгэхээр энэ хууль үйлдвэрлэл явуулж байгаа газарт хэрэгжүүлэхэд маш хүнд. 

Шилэн данс гээчийг би уурхайдаа анх нэвтрүүлсэн  юм шүү дээ

Өнгөрсөн он санхүүгийн хувьд хүнд жил байлаа. Учир нь 2010 онд Засгийн газар уурхайд 800 сая, 2011 онд 1.250 сая төгрөгийн татаас  өгсөн байдаг. Тэрхүү татаасаар  уурхайн техникээ  шинэчилж чадах байлаа.  Гэтэл улс  бидэнд  2012 онд 500 сая төгрөг 2013, 2014 онд нэг ч төгрөг өгөөгүй.  

Харин 2013 онд хөнгөлөлттэй зээл олгосон ч  түүгээр нь урд хормойгоо хойд хормойгоороо гэдэг шиг зарим өрөө төлчихсөн. Одоо  гурван  тэрбум орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа энэ үед төсвөөс ямар нэгэн хөрөнгө өгөхгүй бол бидэнтэй цуг өөр олон компани алдагдал хүлээж байгаа шүү дээ. Сэлбэг хэрэгсэл авсан, дугуй авсан өрөө төлж чадахгүй яваад байдаг. Нөгөө компани манайхыг хүлээгээд алдагдалд орж байгаад сүүлдээ шүүхээр шийдүүлээд л аваад явчихаж байна. 

Энд ирээд ажил авахдаа л уурхай ил тод, нээлттэй байх ёстой гэдэг зарчмыг баримталсан. Вэб сайтыг шинэчлэхийг шаардсан. Өнөөдөр хэрэгжиж эхлээд байгаа шилэн данс гээч зүйлийг би анх уурхайдаа нэвтрүүлсэн хүн шүү дээ. Бүх гүйлгээ, хөрөнгө санхүү, худалдан авалтын төлөвлөгөө гээд бүх зүйл ил тод, вэб сайт дээр тавигддаг.

Тэгээд энэ жилээс хэрэгжиж байгаа хуулийг манайх хэрэгжүүлэхэд бэлэн байсан. Хэрэгжүүлэх боломжтой хууль байна. Гэтэл Худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаа нь доголдвол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч болохуйц компани энэ хуульд хамрагдахгүй гэсэн заалтыг оруулж өгмөөр байгаа юм. Энэ заалтыг оруулах юм бол УИХ дээр хүнд зориулсан хууль байна гээд хардлага, сэрдлэгэд орчих гээд байдаг. 

Гэтэл бодит амьдрал дээр нэг юм эвдрэхэд л манай хамаг ажил доголдоод эхэлдэг. Тэгэхээр хэвлэл мэдээллээр дамжуулаад энэ хууль чинь хэрэгжих боломжгүй газар гэж байдаг юм шүү гэж хэлмээр байна. Ер нь бол саналаа өгсөн, гэхдээ миний саналыг хүлээж авах нь ч юу бол.

Бодвол хууль тогтоох байгууллага ирсэн саналыг хэлэлцээд, хуулиа сайжруулахын төлөө л ажилладаг юм чинь өөрчлөлт орох байх. Энэ хууль дээр бас нэг зүйл хэлэхэд тендер зарлалаа, хамгийн чанаргүй, хамгийн хямдхан үнийн саналтай юмнууд орж ирдэг. Би төсвийн байгууллагад ажиллаж байгаа бол хамаа байхгүй ээ. Нэг ширээ нураад унахад тоох ч үгүй бүтэн жилийг давна, болохгүй бол гэрээсээ авчираад суучихна. Гэтэл уурхайн хувьд нөгөө зардал нь нэмэгддэг. 

Өмнөх жилүүдэд ашиглаж байсан тросс 800 мянган куб метр шорооны ажил хийгээд тасраад сольдог байсан. Өнгөрсөн жил манай тендерт орж ирсэн компанийн тросс 1.2 сая куб метр шорооны ажил хийсэн. Энэ нь манай бүтэн жилийн ажлыг дараагийн хагас жилийн ажилтай хийчихэж байна.

Тэгэхээр улсад мөн ч их ашигтайн дээр уурхайд ч тэр троссны зардал хэмнэгдэж байгаа юм. Гэхдээ одоо энэ жил бас ямар компани орж ирээд манай хэмнэж байсан троссыг сольчих бол гэж бодогдож байна. Өнгөрсөн жилийн компани шалгарчихвал сайн л байна. Ингээд ярих юм бол тэр компанитай холбоотой юм байна гэх ийм л аюултай. 

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй тал дээр бол хоёр жил тутамд бүрэн үзлэгт хамруулдаг. 2012 оны байдлыг 2014 оныхтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Яагаад гэвэл мэргэжлээс шалтгаалах өвчлөл ихсэх шинжтэй байгаа учраас ажилчдаа жил болгон үзлэгт хамруулж байх санал оруулсан.

Энэ жилээс эхлээд жил бүр үзлэгт хамруулахаар болоод байна. Хөдөлмөр аюулгүй байдлыг уурхай бол дээд зэргээр хангасан, тэг үзүүлэлттэй байх ёстой. Гэтэл манайд буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гэхдээ бүр огт алга болсонгүй. Өнгөрсөн жил манай нэг ажилтан харамсалтайгаар амиа алдсан.

Тэр маань хөдөлмөр аюулгүй байдал зөрчигдсөн гэхээсээ илүүтэй санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй. Гэхдээ ар гэрийнхэнд нь болгоомжгүй байдлаас болсон гэж хэлэхэд хэцүү. Миний хувьд санаатай ч бай, санамсаргүй ч бай ямар нэгэн байдлаар хүний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй гэсэн хатуу зарчим баримталдаг. Тиймээс манай дүрэм журам олон улсын стандартад нийцэж байна уу, заавал Монголын стандарт гэх юу байдаг юм.

Бид олон улсын төвшинд хүрч байж сайн муу, сайхан муухайгаа олж харж цаашаа явах ёстой учраас мэргэжлийн байгууллагад хандсан. Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн менежментийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэж байна. Энэ байгууллага олон улсын стандартыг мөрддөг учраас хөдөлмөр  аюулгүй байдлын асуудал дээр тэг хувьтай болох байх гэж найдаж байна. 

Хөдөлмөр аюулгүй байдлыг уурхай бол дээд зэргээр хангасан, тэг үзүүлэлттэй байх ёстой. 

Манайх жилийн төлөвлөгөөндөө боловсон хүчнээ сургалтад хамруулах, хөдөлмөрийн гэрээний дагуу 12 цагаас илүү ажиллуулахгүй байх зэрэг асуудалд анхаардаг.

Мөн ажилчдынхаа цалинг өнгөрсөн жил 30 хувиар нэмэгдүүлсэн. Уурхайд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсийн хувьд  дунджаар 1.2 сая төгрөгийн цалин бага шүү дээ.

Тиймээс болж өгвөл алдагдлаа бууруулаад, зардлаа багасгаж чадвал ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Ажилчдынхаа нийгмийн асуудал, цалин хөлсийг бодож явна гэдэг удирдах албан тушаалтны бодох, хийх ёстой ажил шүү дээ. Мөн ажилчдынхаа эрүүл мэнд, ая тухтай амьдрах орчны талаар анхаарахгүй бол бас болохгүй байна.  

Намайг ирэхэд манай уурхай 60 айлын орон сууцны асуудлыг шийдсэн байсан. Одоо уурхайд бүртгэлээрээ 75 хүн орон сууцгүй байгаа. Шинэ байр баригдвал орно гээд 100 гаруй уурхайчин  өргөдлөө өгсөн.  Тэгээд энэ жил орон сууц барих гэж байна. Үндсэндээ энэ орон сууц баригдчихвал манай ажилчид 100 хувь орон сууцтай болох юм.

Зураг