Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугаас сэргийлье

ikon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN

Энэ сарын 17-23-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 160.230 хүн амбулаториор үйлчлүүлсний 12.418 (7.8%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм.

10.000 хүн амд 45.9 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногоос 6.4, өмнөх оны мөн үеэс 11.9 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 72.294 хүн амбулаториор үйлчлүүлсний 6,694 (9.6%)нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 2.3%, өнгөрсөн оны мөн үеэс 2.7%-иар их, 10,000 хүн амд 56.5 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 13.2, өмнөх оны мөн үеэс 17.3 тохиолдлоор мөн нэмэгджээ.

 

 

Лабораторид суурилсан тандалтаар цуглуулсан 30 сорьцыг шинжлэхэд 13 (43%) сорьцод респиратор-синцитиаль вирус /уушиг гэмтээдэг/, 7 (23%) сорьцонд риновирус, 2 (6%) сорьцонд тус бүр коронавирус, энтеровирус, аденовирусын ДНХ тус тус илэрчээ.

 Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 

Үүнд:

  • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,

  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,

  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,

  • Гараа тогтмол савандаж угаах,

  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,

  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,

  • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

  • Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,

  • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,

  • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЭМЯ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.