Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Фергюсон тайван байдалд шилжиж байна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Америкийн Миссури мужийн Фергюсон хотод өнгөт арьст хүү зэвсэггүй явж байгаад цагдаагийн ажилтанд буудуулан амиа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан нь олны анхаарлыг татсаар байна. Учир нь энэ хэрэг гарсны дараа Фергюсон хотын иргэд болон Америкийн бусад хотуудын оршин суугчид арьс өнгөөр ялгаварласан үзэл байсаар байна хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, түүнчлэн эмх замбараагүй байдал хүртэл үүсээд байлаа.

Мөн энэ хэргийн талаар Фергюсоны тангарагтны шүүгчид хэлэлцээд өнгөт арьст хүүг буудан хороосон цагдаагийн ажилтныг эрүүгийн хэрэгт татахгүй гэсэн шийдвэр гаргасан нь иргэдийн дургүйцлийг дахин төрүүлж, жагсаал, эмх замбараагүй байдал үүсээд байсан юм.

Эсэргүүцлийн жагсаал Америкийн томоохон хотуудад өрнөсөн бөгөөд хэрэг болсон Фергюсон хотод жагсагчид үймээн самуун үүсгэж, хэд хэдэн машин, барилгыг шатаан, ойролцоох барилга байшингийн цонх хаалгыг эвдэх зэргээр түрэмгий, хүч хэрэглэсэн өнгө аястай эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байлаа.

Фергюсонд болж буй хэрэг явдлын талаар Цагаан ордны тэргүүн Барак Обама мэдэгдэл хийхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл Америкийн нийгэмд байсаар байгааг хүлээн зөвшөөрөхийн дээр оршин суугчдын уур бухимдлыг ойлгож байгаа ч хүч хэрэглэж байгааг нь зөвтгөх аргагүй хэмээн мэдэгдэж байлаа. Ийнхүү тангарагтны шүүгчдийн гаргасан шийдвэрийн дараа эмх замбараагүй байдал улам газар авах нь гэж ажиглагчид үзэж байсан ч өчигдрөөс энэ хотод эсэргүүцлийн ажиллагаа намжиж, эмх журмандаа орж эхэлсэн байна.  

Фергюсон хотын гудамжуудаар эргүүл хийж байсан цагдаагийн тоо ч буурч, пүрэв гарагт хотын иргэд Талархлын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.

Түүнчлэн бусад мужуудад ч эсэргүүцлийн арга хэмжээ намжсан байна. Гэвч баярын өдрөөр Нью-Йорк хотод уламжлалт Мейси парадын үеэр тангарагтны шүүгчдийн гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн долоон хүн баривчлагджээ.