Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

ikon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
УИХ-ын чуулганы хуралдаан 2014.11.28

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан 10.25 цагт гишүүдийн 51,3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дарга хуралдаанаар хэлэлцэх дөрвөн асуудлыг танилцуулж, баталлаа. 

Нэг.  Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хийсэн дүн шинжилгээгээр энэхүү бодлогын зорилго, хүрэх үр дүн, хэмжих хэмжүүрүүд тодорхой бус гэсэн дүгнэлт гарсан байна. Учир нь бодлогод туссан асуудлуудын салбар дундын зохицуулалтыг зааж өгөөгүй, бодлогын зорилго, зорилтууд нь хэт ерөнхий туссанаас бодлогыг бодитойгоор үнэлж, дүгнэх боломжгүй байгаа аж.

Үүний үндсэн учир шалтгаан нь тус бодлого үндэслэлгүй, нөхцөл байдлын дүн шинжилгээгүйгээр боловсруулагдсанаас үүдэлтэй гэж төсөл санаачлагч үзсэн байна . 2004 оны бодлогын зорилтыг Монгол Улсын хүн амын одоо, ирээдүйн чиг хандлага, хэтийн тооцоололд нөхцөл байдлын шинжилгээ хийлгүйгээр тодорхойлсон нь бодлого дөнгөж батлагдсаны дараахнаас эхэлсэн хүн ам зүйн шилжилтийн асар том үйл явдал болох хүн ам зүйн цонх үеийг тусгаагүй байгаа тул бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.

Гишүүдийн зүгээс өнөөдөр хүн амын гуравны нэг нь нийслэлд амьдарч байгаа нь сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээнд хүрснийг онцолж, нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг багасгах асуудлыг хүн ам зүйн бодлогын хүрээнд хэрхэн шийдэх асуудлыг хөндсөн.

Мөн нөхөн үржихүйн бодлого, түүний дотор олон хүүхэд гаргасан ээжүүдийг урамшуулах болон бүтэн өнчин хүүхдийг дэмжихийн тулд төрөөс ямар бодлого барих, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг яаж дэмжих зэрэг асуудлыг тодотгож байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ өгсөн хариултдаа, Хүн амын бодлогын баримт бичгийг 2004 онд боловсруулсан бөгөөд энэхүү баримт бичгийг судалж үзэхэд тунхагын шинжтэй байдаг. Иймд төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулахдаа хүн амын хөгжлийн эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлэх зорилтыг тусгасан бөгөөд энэ бүхэнд суурилсан эдийн засгийн бодлого явах ёстой.

Мөн хөдөө орон нутаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанар адил байх, цаашлаад хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал хотын иргэдийн амьдралаас давуу байх асуудал нийгмийн зөв тогтолцоог бүрдүүлснээр бий болно гэж харж байгаа. Бодлогын хүрээнд 50 гаруй зорилтыг тусгасан. Энэ нь салбар дундын түвшинд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хүн амын хөгжлийн суурь цогц бодлого юм.

Өмнө нь материаллаг тал руу хэт анхаарч, хүн амын хөгжлийн бодлогыг орхигдуулж ирсэн. Үүнийг яаж богино хугацаанд нөхөх, хүн амын цонх үед хэрхэн оновчтой хэрэгжүүлэх нь чухал гээд, хүн амын цонх үед бодлогоо зөв боловсруулах юм бол хөгжлийг хурдасгах боломжийг бий болгодог практикийг бусад улс орны жишээн дээрээс харж болно. Ялангуяа бүсчилсэн хэлбэрээр хүн амын амьжиргааны чанарын асуудлыг тавих ёстой гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал нар төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68,6 хувийн саналаар дэмжив. 

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан 2014.11.28

Хоёр. Үүний дараа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 3 гишүүн 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,5 хувийн саналаар дэмжлээ.

Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.