Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

12 залуу судлаач тус бүр дөрвөн сая төгрөгийн судалгааны грант авлаа

ikon.mn
2014 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

"Хүрэлтогоот" Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ эрдэм шинжилгээний бага хурал нь нэг талаас эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, харилцан туршлага судлах нөхцлийг бүрдүүлэх нөгөө талаас  судалгааны ажлын  үр дүнгээ өргөжүүлэн төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулах ач холбогдол бүхий  уламжлалт ажлуудын нэг юм.

Монголын Залуу Эрдэмтэн Судлаачдын "Хүрэлтогоот-2014" эрдэм шинжилгээний бага хуралд олон ахмад эрдэмтэн, багш нар  уригдаж  500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан  бүтээлээрээ оролцож амжилттай зохион байгуулагдлаа.

Уг эрдэм шинжилгээний бага хурал нь:

  • Нийгэм-Хүмүүнлэг  салбар
  • Геологи, газар зүй салбар
  • Байгалийн ухаан салбар
  • Техник технологи салбар
  • Биологи, Хөдөө аж ахуй салбар
  • Анагаах ухаан салбар гэсэн чиглэлээр илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт БШУ-ны сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгний судалгааны грантыг олгодог. 

Залуу судлаачид БШУ-ны сайдын нэрэмжит судалгааны грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашигладаг юм.

Хүрэлтогоот - Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг 2005 оноос БШУ-ны яам дэмжин зохион байгуулж сайдын нэрэмжит залуу судлаачийн грантыг 100 гаруй шилдэг залуу судлаачдад  олгосон байна.

Эдгээр грантын эздийн 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг хамгаалж,  шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа  ажээ.