Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хааны морьт хөшөө цогцолбор”-т фестиваль болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойгоор  “Чингис хааны морьт хөшөө цогцолбор”-т фестиваль болох ажээ.  Уг фестивалийг “Женко Тур Бюро” компаниас зохион байгуулж байгаа гэнэ. 

Энэ өдөр XIII зуунаас хойшх Монголын Их хаадын уран зургийн үзэсгэлэн, Чингис хааны бага насны үеийг харуулсан жүжиг, Талын Монгол ардын урлагийн богино хэмжээний тоглолтууд, түүхчдийн сонирхолтой илтгэл мөн “АХА” тэмцээн зохион байгуулагдах ажээ. 

Фестивалийн үеэр зураач Р.Батцэнгэлийн урласан “Монголын нууц товчоо” ном нээлтээ хийх ажээ. Тус номны эх нь Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлсэн “Монголын нууц товчоо” бөгөөд зураач Ц.Батцэнгэл өөрийн долоон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болгосон зургуудаар баяжуулсан юм байна. 

 

Зураач Р.Батцэнгэл

-Та номныхоо талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Монголын нууц товчоо бол манай түүх соёлын гол дурсгалт бичиг учраас үүнийг сонирхолтой хэлбэрээр түгээе гэж бодоод номоо бүтээсэн. Зураг, дүр дүрслэлээр дамжуулж хүмүүст тэр үеийн ахуй амьдрал соёл, үйл явдлыг харуулахыг хичээсэн. 

-Түүхэн хүмүүсийн дүр төрхийг хэрхэн гаргав. Судалгаа шинжилгээний үндсэн дээр үү эсвэл уран бүтээлчийнхээ төсөөллөөс ургуулсан уу?

-Нууц товчоон дээр гарч байгаа дүрүүдээс хоёр хүний дүр л хөрөг зургаар үлдсэн. Бусад нь зургаар үлдээгүй. Гэхдээ тэр хүмүүсийн дүр төрхийг төсөөлөх боломжууд байгаа.

Жишээ нь Боорчийг Чингис хаан магтсан байдаг. “Айл хооронд явахдаа алаг бяруу шиг номхон, алалдах дайсан учирвал арслан бар шиг догшин” гэх мэт.

Тэндээс асар их мэдрэмж төрж уран сайхны дүрүүдийг гаргаж авдаг. Мөн эрэл хайгуул хийсэн. 

 

“Женко Тур Бюро” болон хамтарч буй уран бүтээлчид, судлаачдын зүгээс жил бүр Их хааны төрсөн өдрөөр энэхүү фестивалийг уламжлал болгон тэмдэглэхээр болжээ.

Мөн нийт иргэддээ төрөөс ямар нэгэн юм харалгүйгээр өөрсдөө энэ өдөрт ач холбогдол өгч, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж байхыг уриаллаа. 

Үйл ажиллагаа өглөө 10.00 цагт эхлээд 15.00 цагт дуусна.  “Баянгол” зочид буудлын урдаас “Чингисийн морьт хөшөө цогцолбор” руу автобус хөдлөх бөгөөд очихыг хүсэж буй иргэд сууж явах боломжтой гэв.