Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжжээ

ikon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

​УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж үндсэн гурван асуудлыг хэлэлцлээ. 

Ардчилсан намын ҮЗХ энэ сарын 07-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Ч.Сайханбилэгийг сонгосон юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн тухайд Р.Амаржаргал гишүүнийг ҮЗХ-д оруулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Ардчилсан намын бүлгээс ҮЗХ-д оруулж буй саналын шийдвэр байсан.  Харин улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэнтэй  холбоотойгоор Ардчилсан намын дарга шинээр сонгогдсон. Шинээр сонгогдсон намын дарга ҮЗХ-ны хуралдаанд  Ерөнхий сайдад хоёр дахь нэр дэвшигчийг өрсөлдүүлэх саналыг оруулж иржээ.

АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 29 гишүүний 19 нь буюу 65,5 хувь нь Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

 Ардчилсан намын үндсэн дүрмээр  эцсийн  шийдвэрийг ҮЗХ гаргах ёстой байдаг учраас хоёр нэр дэвшигчийг шударга өрсөлдөөний зарчмаар сонгох нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Үндсэн дүрмийн хүрээнд шийдэгдсэн асуудлыг хуулийн хүрээнд баталгаажуулах нь УИХ-д оногддог. Тиймээс Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ҮЗХ-ны шийдвэрийг хэлэлцээд хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь буюу 65,5 хувь нь Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 

Орон нутгийн хөгжлийн сан болон, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад 46 төрлийн зөрчил илэрчээ

Орон нутгийн хөгжлийн сан болон, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад Үндэсний Аудитын газраас  хийсэн дүгнэлтийг сонслоо. Орон нутгийн хөгжлийн санд 2013 оноос эхлэн орлого төвлөрч эхэлжээ. 2013 онд 197.3 тэрбум төгрөгийн төвлөрсөн. Үүнийг 4840 төсөл арга хэмжээнд зарцуулсан байна. Төсөл арга хэмжээнд хийсэн Аудитын дүгнэлтээр 46  төрлийн зөрчил илэрсэн байна.  Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 30 хувь, иргэдийн саналыг эрэмбэлсэн ч үүндээ  зориулагдаагүй,  худалдаа авах журмыг зөрчсөн, чанаргүй, хугацаа хэтэрсэн ажлууд санхүүжүүлсэн 24 хувь байна гэсэн дүгнэлт гарсан тухай мэдээллийг Үндэсний Аудитын газраас бүлэгт өгсөн. 

Сум хөгжүүлэх санд 37 тэрбум төгрөг төвлөрсөн. Суманд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Орон нутгийн хөгжүүлэх санд хөрөнгийг хувиарлаж байгаа индекс арга буруу байна. илүү нарийвлах ёстой гэсэн саналыг гишүүд хэлж байв. Тухайлбал, суманд 20 сая төгрөгөөс дээш зарцуулалтыг тухайн аймагт  худалдан авах ажиллагаа зарладаг учраас төсөл арга хэмжээ хэт жижгэрч, үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа учраас бодлогын хэмжээнд засч, залруулах  нь зүйтэй гэж үзлээ. 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэхийг дэмжлээ 

Гэр бүлийн тухай хуулийг анх 1999 онд баталж байжээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  ХАХННЯ өргөн барид УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэгдэнэ. Тиймээс хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд санал бодлоо солилцож нэгдсэн дүгнэлтэд хүрлээ. 

Хүүхдийн эрх, гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцаа болон өмнөх хуулиар зохицуулагдаагүй харилцаа болох  хамтран амьдрагчийн тухай асуудлыг илүүтэй зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн эх эцэг нь салсан тохиолдолд хүүхдэд олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан олгодог байсан бол  шинэчилсэн найруулгын төсөлд бодит орлогынх нь 30-40 хувиар тооцдог болохоор зохицуулжээ. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд дэмжлээ. 


Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

Д.Эрдэнэбат: Төр тогтвортой байгаасай гэж хүсч байна

Хуралдааны дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон нь ямар хуулийн хүрээнд явагдаж байгаа юм бэ. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн   тэргүүлсэн Засгийн газарт ажиллаж байсан байтал хариуцлага хүлээлгэлгүй харин ч нэр дэвшүүлэхээр боллоо. Ямар тайлбар өгөх вэ?

-Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон гэж шууд утгаар нь ойлгож ярих нь зохимжгүй юм. Өнөөдөр үйлчилж буй хуулийн хүрээнд Засгийн газар огцорсон бол өмнөх бүрэлдэхүүнээс нь шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. ҮЗХ-ны шийдвэрийг хуулийн хүрээнд Ардчилсан намын бүлэг баталгаажуулах үүрэг ирсэн. Тиймээс энэ хүрээнд асуудлыг шийдсэн гэж ойлгож болно. Энэ нь өнөөдөр үйлчилж байгаа холбогдох хуулийн хүрээнд шийдэгдсэн. 

-Шинэ Ерөнхий  сайдын нэрийг дэвшүүлэхийг УИХ дахь бүлэгт  шилжшүүлсэн тухай өмнөх ҮЗХ-ны шийдвэр гарсан. Гэтэл гэнэт яагаад Гүйцэтгэх зөвлөл гэсэн хэсэг бүлэг хүмүүс өөр хүний нэр дэвшүүлж оруулж ирснийг яагаад баталж байгаа юм бэ. Тогтоол зассан гэдэг нь үнэн болж таарч байна уу?

-Өмнөх ҮЗХ-ны хуралдааны шийдвэрээр бүлэгт эрх өгсөн нь үнэн. Энэ хүрээндээ ажиллаад Р.Амаржаргал гэдэг нэр дэвшигчийг сая хуралддаг ҮЗХ-д санал болгосон. Намын дээд байгууллага ҮЗХ-д нэр дэвшүүлсэн хүнийг ҮЗХ  дэмжиж ч болно. Дэмжихгүй ч байж болох эрх байдаг.

ҮЗХ хороо Р.Амаржаргалыг дэвшүүлснийг хүлээж авсан. Харин шинээр сонгогдсон намын дарга дахин нэг нэр дэвшичгийг оруулж ирээд хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх тухай санал гаргасан нь ҮЗХ-д дэмжигдсэн.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий  сайдад нэр дэвшигчийн талаар ярих үед Ардчилсан намын бүлэг нэгдсэн байр суурь илэрхийлэхээр болсон уу. Эсвэл дэмжихгүй нь дэмжихгүй байж болно гэх зэргээр өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явах юм уу?

-УИХ-ын гишүүд бүрэн эрхтэй. Энэ итгэл үнэмшлээрээ энэ удаагийн бүлгийн хуралдаанд саналаа өгсөн  гэж ойлгож байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ямар санал өгөхийг хувь гишүүн болоод бүлгийн даргын хувьд урьдчилж хэлэх боломжгүй.  Харин бүлгийн даргын хувьд төр тогтвортой байгаасай гэж хүсч байна. Ард түмний эрх ашгийг хамгаалж, эдийн засгаа сэргээх үүрэг бидэнд ирсэн. Ганц нэг гишүүн гэхээсээ илүү парламентад суудалтай бүх улс төрийн намууд эв эеэ хичээгээсэй гэж хүсч байна. 

-Н.Алтанхуяг Монгол Улсыг эдийн засгийн хямралд хүргэсэн учраас огцруулах ёстой гэж үзсэн. Тэгвэл Ч.Сайханбилэгийг сонгосноор Монгол Улс эдийн засгийн хямралаас гарах юм уу. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүйтэй адил зүйл яваад байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ардчилсан  намын бүлэг олонхиороо шийдвэр гаргасан.  Хэн нэгэн хүний тухай гэхээсээ илүү урагшаа харж ажлаа хийх нь чухал байна. Эдийн засгийн хүндрэлтэй учирсан гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн.  Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдах юм бол тулгараад байгаа эдийг засгийн хүндрэлээс давж туулах чадвартай баг ажиллаасай  гэж хүсч байна. Энэ талаар бид шийдвэрээ гаргаад явах болно. 

-Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа. Ардын намын бүлгээс бусад бүлэгт санал ирсэн байна гэсэн. Ардын намын бүлэгт санал өгөх юм уу?

-Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдсан. Дөрвөн удаагийн хуралдаанаар урьдчилсан санал солилцоо хийх асуудлаа эхэлж тавьсан. ИЗНН, Шударга ёс эвслийг урьсан. Энэ нь өөрөө зарчим байсан. Учир нь бид өнөөдрийг хүртэл засагт хамтарсаар ирсэн юм. Харин шинээр сонгогдсон намын дарга өнөөдөр бүх намуудтай албан ёсны зөвшилцлийн бичгийг хүргүүлж байгаа. Тиймээс зөвшилцөл бүх намуудтай хийгдэнэ.  

-Ч.Сайханбилэг цөөхөн гишүүнээр дэмжигдлээ. Энэ Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа тогтвортой ажиллахад нөлөөлөх үү?

-Аль болох тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар анхаарч ажиллах  ёстой. Би ч гэсэн бүлгийн даргын хувьд анхаарах ёстой. Саналын зөрүү цөөхөн байна гэдэг нь бидний анхаарах ёстой  асуудал мөн.