Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын талаар гишүүд байр сууриа илэрхийллээ

ikon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 28 сарын турш буурч, гадаад худалдааны нөхцөл муудсаны нөлөөгөөр төлбөрийн тэнцлийн хямралд хүргэж, эдийн засгийн хүндрэлийг бий болгосон ба энэхүү хүндрэлтэй орчинд Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ирсэн гэдгийг гишүүд онцоллоо.

Үүний зэрэгцээ 2015 оны мөнгөний бодлогод эдийн засагт үүсээд буй хүндрэл, шалтгааныг бодитойгоор тооцоолон оруулж ирсэн төдийгүй цаашид төсөв мөнгөний бодлогыг уялдуулж нэг дор хэлэлцэх шаардлагатай талаар зарим гишүүд байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн 2015 оны мөнгөний бодлогыг илүү нухацтай сайтар хэлэлцэх шаардлагатайг онцоллоо. Мөнгөний бодлогын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. 
 

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Төв банк эдийн засгийн хүндрэлтэй орчинд ажилласаар ирлээ

Би Монголбанкийг сүүлийн хоёр жил туйлын хүнд, сөрөг, амаргүй орчинд үйл ажиллагаа явууллаа гэж бодож байгаа. Нэгдүгээрт гадаад худалдааны орчин эрс муудсан.  Төмөр, нүүрс гээд олон нэр төрлийг хэлж болно. Хоёрдугаарт дотоод орчин тун таагүй байлаа. 2010-2013 онд УИХ, Засгийн газрын гаргасан хэд хэдэн шийдвэр сөрөг нөлөөтэй байлаа.

Хайгуулыг зогсоосон, Оюутолгой цаашаа явдаггүй, Тавантолгойн гацалт, өсөн нэмэгдэх роялти гэж гаргаж ирээд алтан дээр тавьсан, урт нэртэй хууль гаргасан, 106 лицензийн цуцлалт,  нэг өдөр Засгийн газрын шийдвэрээр 1300 лиценз цуцалсан, төмөр замын ажил саатсан гээд энэ бүр ажлын нөлөөн дээр төлбөрийн тэнцэл, үүн дотор гадаад худалдааны тэнцэл, хөрөнгө оруулалт эрс буурсан. Үзүүлэлт хасах тэмдэгтэй гарсан. Валютын орох урсгал саарсан. Ийм хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирлээ гэж харж байна. 

 

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Мөнгө, төсвийн бодлого уялдах шаардлагатай

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл нь хэлэлцэгдэх хугацаатай, хуультай зүйл. Энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ хэлэлцэх явцдаа сайжруулах, уялдуулах асуудал их байна. Ялангуяа Төрийн мөнгөний бодлого бол төсөвтэйгөө яв цав уялдах ёстой, зэрэгцүүлээд хэлэлцэх ёстой. Тийм учраас төсвийн орж ирсэн байдлыг харгалзах ёстой. Тиймээс бид ганцхан улсын төсөвтэй харьцуулах биш бусад бүх зээл, тусламж бондтой харьцуулсан байдлаар цааш хэлэлцэж батлах ёстой.

Байнгын хороон дарга аа, энэ хэлэлцүүлэх ажил дээр ганцхан Монголбанкныхан явмааргүй байна. Ажлын хэсэг гарч таарна. Сангийн яамныхан, төсөв барьж байгаа улсуудыг бүгдийг хооронд нь уялдуулсан ажлын хэсэг гаргаж нилээн сайн судалгаа хийх ёстой. Монголд гарч байгаа олон төсвүүдийг бүгдийг зангидсан байдлаар Мөнгөний бодлого гарах ёстой гэж бодож байна. Тийм учраас хэлэлцэхийг дэмжье. Ажлын хэсгийг өргөн хүрээтэй байгуулж бодитой мөнгөний бодлого гаргая гэсэн саналтай байна. 
 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Дотоодын үйлдвэрлэл сэргэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн

Мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжиж байна. 2013, 2014 оны хувьд Монголбанкны явуулсан үйл ажиллагаа бүхэлдээ эдийн засгийг эрүүлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төлбөрийн тэнцлийг сайжруулах, макро эдийн засгийн зорилтуудыг хангахад маш сайн ажиллалаа гэж би ойлгож байгаа. Ийм зүйлийг хийж чадаагүй бол үнэхээр бид эдийн засгийн өсөлтийн тухай ярихад хүнд байсан.

2013 онд эдийн засаг 11.7 хувиар өслөө. Энэ өсөлтийн том жин буюу 8-9 хувийг Монголбанкнаас явуулсан мөнгөний бодлого хангасан гэж дүгнэлтэнд гарч байсан. Үүнтэй би санал нэг байна. Өнөөдөр бидэнд аливаа асуудалд хамгийн бодитойгоор ханддаг байх шаардлага бий болоод байна. Өнөөдөр ханшийг яриад л байдаг.

Гэтэл ханшний өсөлт нь өөрөө сайн муу хоёр талтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний тансаг хэрэглээ, үргүй зардал буурч, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл сайжирч, экспорт нэмэгдэж, импорт тодорхой хэмжээгээр багаслаа. Зөвхөн барилгын салбарт гэхэд бид 30, 40-өөд бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагагүй боллоо. 2015 оноос эхлээд цементийг гаднаас импортлох шаардлагагүй болж, 2016 оноос эхлээд бид цементийг экспортлох тухай ярих болж байна.

Арматурыг бол 2015 он гэхэд ер нь гаднаас авах шаардлагагүй болж байна. Энэ мэтчилэнгээр дотоодын үйлдвэрлэл сэргэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нэмэр болж байгаа.

Арматурыг бол 2015 он гэхэд ер нь гаднаас авах шаардлагагүй болж байна. Энэ мэтчилэнгээр дотоодын үйлдвэрлэл сэргэхэд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нэмэр болж байгаа юм. Ер нь үүнийг танил талтай компанидаа ч өгдөг биш, арилжааны банкинд зээлийнхээ баталгаа гаргаж чадсан компани нь авч байгаа юм.

Тэр талаараа бүх аж ахуйн нэгжүүдэд хүрч чадаагүй байх. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн гол үйлдвэрлэгч нарт үр дүнгээ өгсөн арга хэмжээ боллоо гэж харж байна. Одоо бид яг энэ суурин дээрээсээ цаашаа яах вэ гэдгийг их зөв тодорхойлох шаардлагатай байна.

Импортын 70 хувь нь урд хөрштэй холбоотой байгаа. Тэгэхээр энэ хоёр банкны хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг бол бид валютын ханшийг тогтворжуулахад, худалдааг чөлөөтэй болгоход чиглэсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн арга хэмжээ болж байна гэж үзэж байна. 

Түүнчлэн нэр бүхий гишүүдээс гадна зарим нэг гишүүд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй орон сууцны моргейжийн зээл, дэд хөтөлбөрүүдийг ирэх оноос бүр зогсоож, мөнгөний хатуу бодлого барихыг  санал болгож байлаа.

М.Дарь