Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Байнга зурвас илгээх нь таны харилцаанд сайн уу муу юу?

ikon.mn
2014 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Арваад жилийн өмнө болзоог нүүр нүүрээ харсан уулзалт гэж тодорхойлдог байсан. Хүмүүс уулзацгааж; бие биетэйгээ хамт цагийг өнгөрөөж; нэг нэгнийхээ найз, гэр бүлтэй нь танилцаж, хоорондын харилцаа болон нийцлээ биечлэн үнэлж дүгнэдэг байсан. Мэдээж тэд мөн адил утсаар ярьж, хааяа захиа илгээдэг байсан. Гэхдээ харилцааны гол хэлбэр “нүүр нүүрээ харсан харилцаа” байсан.

Өнөөгийн харилцаанд болзоо нь өөр өнгө аястай болж, өөрчлөгдөж байгаа ба судлаачид, жирийн хүмүүсийн ч анхаарлыг ихээр татаж байгаа юм. Нэгэн цагт хүмүүс хоорондын харилцааг дэмжигч хэрэгсэл байсан техник, технологи нь өнөөдрийн харилцаанд дэндүү том зай эзлэх болжээ. Хүмүүс хоорондын харилцаанд техник, технологийн гүйцэтгэх үүрэг юу вэ? Романтик харилцааг бий болгож, хадгалан үлдэхэд мэдээллийн технологи хэрэглэх зөв үү, энэ нь эрүүл зан үйл үү?

Зурвас (мессеж) илгээлтийн өсөлт

Ихэнх хүмүүсийн хувьд зурвас илгээх (өөрөөр мессеж бичих) нь хосын харилцаан дахь гол хэрэглэгдэхүүн болдог. 17-25 насны хүмүүс романтик сонирхлоо зурвас илгээх байдлаар илчлэх явдал бусад насныхныг бодвол илүү их байдаг (Coyne, Stockdale, Busby, Iverson, & Grant, 2011). Нэг жишээ дурдахад, судалгаанд оролцогчдын 90-ээс илүү хувь нь өдөрт дор хаяж нэг удаа найз залуу/бүсгүй рүүгээ зурвас илгээдэг хэмээн хариулжээ (Schade, Sandberg, Bean, Busby, & Coyne, 2013). Энэ зуршил бүр эрт үед бий болсон байдаг.

Өсвөр насныхны найз охин/хөвгүүнтэйгээ харилцах “зурвасанд төвлөрсөн харилцаа” маш өндөр үзүүлэлттэй байдаг. Үерхдэг өсвөр насныхны хорин хувь нь найз охин/хөвгүүн рүүгээ хичээлийн цагаас гадуур үед (эсвэл орон цагаар) нэг цагт гуч болон түүнээс дээш удаа зурвас илгээдэг болох нь судалгаанаас харагдсан (Teenage Research Unlimited, 2007).

Зарим хүмүүс зурвас илгээх нь сээтэгнэх нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр бөгөөд асуулт асуух, чалчих, төлөвлөгөө гаргах, одоогийн эсвэл ирээдүйн найз залуу/бүсгүйтэй тань холбож өгөхөд тусладаг гэж үздэг. Шинэ хосын харилцаанд байгаа (нэг жилээс бага хугацаанд байгаа харилцаа) бүх насны хүмүүс тогтвортой харилцаанд байгаа хүмүүсээс илүү их зурвас илгээх хандлагатай (Coyne et al., 2011). 

Зурвас илгээх нь нүүр нүүрээ харан ярилцсан яриаг нөхөж чадах уу? Эсвэл энэ нь стратегийн шинжтэй ба өөрийн гэсэн давуу талтай юу? Хосууд бие бие рүүгээ ямар шалтгааны улмаас зурвас илгээдэг вэ гэдгийг судлах нь эрүүл харилцаанд мессежний гүйцэтгэх үүргийг тодорхойлох эхний алхам болох юм.

Зурвас илгээхийн давуу тал

Зурвас илгээх нь нүүр нүүрээ хараад ярилцахад үүсдэг зарим бэрхшээлийг (мөн утсаар ярилцахад үүсэх бэрхшээл) үгүй болгодог. Валтерийн (Walther, 1996) “гипер-бодгалийн загвар”-ыг мессеж илгээх үйл явц дээр хэрэглэвэл дараах гурван үндсэн давуу талыг тодорхойлж болно:
Зурвас илгээх үед түргэн, шуурхай сэтгэж, ухаан зарцуулах шаардлага байхгүй. Зурвас илгээгч юу бичих вэ гэдгээ сайтар бодох цаг байдаг учир ухаалаг үгс бичих боломжтой.


Вербал бус дохио зангаа (биеийн хэлэмж) энэ үед хэрэглэгддэггүй. Мессеж илгээгчид санаандгүй вербал бус дохио (гар хөлрөх, хоолой чичрэх г.м) хэрэглэж харилцааг бүтэлгүй болгохвий гэж санаа зовох зүйлгүйгээр зурвасаа илгээх боломж олгодог.
Зурвас илгээх нь маш хялбар, харин биечлэн хүнтэй ярилцана гэдэг бэрхшээлтэй.


Нүүр нүүрээ харсан харилцаа үүсгэх үед гарч ирдэг “нэгэн зэрэг шаардлагууд”-ыг (Сайн уу? гэж хэлэхийн сацуу тэврэх, үнсэх эсвэл зүгээр л гар барих уу гэж бодох, инээмсэглэхийн зэрэгцээ нүдээрээ холбогдох г.м) зохицуулах нь зарим хүмүүст төвөгтэй байдаг учир зурвас илгээхийг илүүд үздэг. Сандруу эсвэл ичимтгийн зан ааштай хүмүүст зурвас илгээх нь тус болдог.

Бодит амьдрал дээр хүн рүү сээтэн хаях нь эвгүй байдаг. Яагаад зурвасаар үүнийг хийж болохгүй гэж? Улам хялбар биш гэж үү?  

Зурвас илгээх нь зөвхөн сандрамтгай, хүмүүстэй харилцаж чаддаггүй хүмүүст ашигтай зүйл байдаггүй. Энэ нь статусыг тодорхойгүй байлгадаг. Электрон хэрэгслээр тухайн хүний хандлагыг (Тэр надад талтай бол уу? Би түүнд таалагдаж байгаа болов уу?) мэдэх нь илүү амар байдаг. Ийм зорилгоор мессеж илгээх нь хувь хүнийг “гологдох”-оос хамгаалж өгдөг. Хэрэв хэн нэгэн таныг сонирхож байгааг мэдэхийг хүсвэл энэ нь аюулгүй арга зам байх болно.  

Зурвас илгээх нь ихэвчлэн харилцааны эхэн шатанд үүсдэг. Фокс болон Варбер нар (Fox and Warber, 2013) өнөөгийн хосын харилцааны нийтлэг дэс дарааллыг гаргаж ирсэн. Эхлээд хоёр хүн биечлэн уулздаг (найзынхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр, клубуудын уулзалт г.м.), дараа нь бие биенийхээ Фейсбүүк хуудсыг олж аван, шалгадаг, тэгээд ФБ дээр найзууд болцгоодог.  

Дараа нь нэг нь нөгөөгөөсөө утасны дугаарыг нь асууж, зурвас бие биендээ илгээж эхэлдэг.
Нэг нь нөгөөгөө нийгмийн ямар нэг арга хэмжээнд урих хүртэл зурвас илгээсээр байдаг. Энэ үед тэд ФБ-ээр мессеж бие биендээ  илгээж байж болно.
Удалгүй утсаар ярих эсвэл болзоонд явах өдөр товлогдоно (Fox & Warber, 2013).
 

Зурвас илгээхээс үүдэлтэй сэтгэл түгшилт

Зурвас илгээх нь ихэвчлэн хосын харилцааны эхэн үед явагддаг. Хэдий энэ нь хялбар зүйл боловч хэд хэдэн сул талтай:
Зурвас илгээж эхэлмэгц энэ нь дуусахгүй байх талтай (Эхэлвэл л дуусахгүй).

Хүмүүс их зурвас хүлээн авахын хэрээр буцаж хариу өгөх ёстой гэсэн мэдрэмж тэднийг зовоож байдаг. Энэ нь “гар утасны харилцааны тойрог”-ийг үүсгэж байгаа юм (Hall & Baym, 2012). Хэрэв энэ үйл харилцаа, хамаарлын зохистой байдлыг үүсгэж байгаа бол эрүүл хэв маягт тооцогдох боловч, харамсалтай нь хүмүүс хэт хамаарлыг мэдрэх болжээ.

Өөрөөр хэлбэл зурвас илгээх нь бусад үйл ажиллагаанаас (найз нөхөдтэйгээ уулзах, уулзалт цуглаанд явах, бие биетэйгээ биечлэн уулзах) хөндийрүүлж, улмаар сэтгэл ханамжгүй байдлыг бий болгож байна (Hall & Baym, 2012). 

Зурвас илгээх нь эндүүрлээр дүүрэн байдаг. Биеийн хэлэмжийн дохио байхгүй учир зарим зурвасууд буруу ойлгогдож, буруу тайлбарлагддаг. Ингэж буруу ойлголцсоноос болж үл итгэлцэл, түгшүүр үүсдэг. (Тэр ганцхан “Hi” гэдэг үг л бичсэн. Юу гэсэн үг юм бол?)

Цаашлаад энэ харилцаа нүүр нүүрээ хараагүй учир, биечлэн хэлэхэд хэцүү үгсийг хэлэх боломжийг олгодгоороо “сэтгэл зүйн холдолт”-ыг бий болгодог. Иймдээ ч шинэхэн хосууд хүнд сэдэв хөндөх, зориуд найз залуу/бүсгүйгээ гомдоох, уучлалт гуйхдаа ихэвчлэн зурвас хэрэглэдэг. Мессежний олгож буй энэ зай нь нүүр нүүрээ харахдаа хэлэхийг хүсэхгүй үгсийг хэлэхэд дөхөм болгож өгдөг.

Судалгаагаар 5 хүн тутмын нэг нь аймшигт “салалтын зурвас” авч байсан гэж хариулсан (Weisskirch & Delevi, 2012).

Ихэнх хүмүүс харилцааг зурвасаар дуусгаж буй энэ  байдлыг хүлээн зөвшөөрч боломгүй, зохисгүй гэж үздэг. “Салалтын зурвас” илгээж (хүлээн авч) байгаа хүн аттачментийн нилээд өндөр түгшүүртэй байх хандлагатай, өөрөөр хэлбэл тэдний сэтгэлийн гүнд “гологдох”, “хаягдахвий” гэсэн гүн айдас нуугдсан байдаг ба өөрийн үнэлэмж доогуур байдаг (Weisskirch & Delevi, 2012).

Хэдий техник, технологи нь нүүр нүүрээ харсан хэцүү ярианаас зайлсхийхэд тусалдаг ч энэ “хэцүү” яриаг бие биеэ харан хийх нь хэдий таагүй байдлыг авчирах ч маш хэрэгтэй юм. Ингэж чадвал бие хүний хөгжих боломжийг нэмэгдүүлж, салалт хэрхэн явагдах ёстойг ойлгож, нийгмийн эерэг туршлага болно.

Зурвас илгээлт ба Харилцааны сайн сайхан

Эцэст нь зурвас илгээх нь сайн болж хувирав уу үгүй юу?
Зарим судалгаагаар хосын харилцааны сэтгэл ханамж болоод тогтвортой байдал нь зурвас илгээхтэй холбоотой болох нь тогтоогдсон.

Гетеросексуал (эсрэг хүйснийхээ хүнд татагдах) харилцаанд эмэгтэй нь илүү их зурвас илгээдэг бол тэрээр өөрийнхөө харилцаанд аз жаргалтай байдаг. Мөн түүний хамтрагч ч ижил мэдрэмжийг мэдэрнэ (Schade et al., 2013).  

Харин эрэгтэй нь илүү их зурвас илгээдэг бол түүний сэтгэл ханамжийн түвшин бага байдаг. Мөн түүний найз бүсгүй ч сэтгэл ханамжгүй байдаг. Тэд салах талаар боддог гэж хариулсан (Schade et al., 2013).

Хосын харилцаа гэдэг төвөгтэй зүйл. Хайр дурлалаа илчлэхдээ зурвас илгээдэг эрчүүдийн найз охин/бүсгүй нь тэдэнд илүү их татагддаг. Зурвасыг нэгийгээ гомдооход (хардалтыг өдөөх, уураа гаргах г.м.) хэрэглэдэг хосуудын эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч тэр найз бүсгүй/залуудаа бага татагддаг нь тогтоогдсон.

Харилцаа тань эхэлж байна уу эсвэл тогтвортой байгаагаас үл хамааран зурвас (мессеж)-г хэрхэн ашиглах вэ гэсэн тодорхой дүрэм, хэм хэмжээг хосууд баримталбал технологоос үүдэн бий болох сэтгэл зовнил, түгшүүрээс урьдчилан сэргийлж чадна.

Судалгаагаар хосын харилцааны сэтгэл ханамж хийгээд харилцаандаа ашиглаж буй утасны хэрэглээний сэтгэл ханамж хоёрын хооронд холбоо хамаарал байгааг тогтоосон (Miller-Ott, Kelly, & Duran, 2012).  

Техник, технологи нь хүмүүсийг ойртуулж; мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах боломж олгож байгаа ч зохисгүй хэрэглээ нь хосын харилцаа ч гэлтгүй хүн хоорондын харилцаанд нөлөөлж, сөрөг үр дагавар авчирч байна.

Таны харилцаанд эдгээр мэдээллийн хэрэгсэл хэр их нөлөөлөл үзүүлж байгааг нэг бодоод үзээрэй!

Сэтгэл судлаач Б. Тунгалаг

Эх сурвалж: www.setgel.org