Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапур нисэх үү

ikon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 25 жилийн өмнө би анх удаа онгоцонд сууж үзэж билээ. 

Айдсаа дарж, мөрөөдлөө өвөртлөн ниссэн  АН-24 онгоц Завханы Донойн хөндийд газардахад сансарт нисээд ирсэн мэт баярласныг яана. Морины нуруун дээр өссөн надад тэнгэрээр нисэх нь ямархан сэтгэгдэл төрж байсныг хэлэх юун. 

Тэртээ олон жилийн өмнөх хэрэггүй дурдатгалаар бичвэрээ эхэллээ гэж намайг бүү зэмлээрэй. Тэрнээс хойш гадаад, дотоодын нислэгээр олон ч удаа нислээ. 
Олон ч янзын онгоцонд сууж үзсэн юм байна.

“Голио ногоон”-оос эхлээд “Боинг 767/300 ER” гээд Монголд байгаа агаарын хөлгүүдээрээ урт, богино хугацаагаар аялсаан, аялсан. Өнгөрөгч хавраас хойш “Хүннү эйр” компанийн Парисын анхны шууд нислэг, МИАТ компанийн Германы Франкфуртын анхны нислэгээр алс холын Франц, Герман оронд зочлоод ирсэн. Одоо МИАТ-ийнхэнтэй Сингапурын анхны нислэгээр нь нисэх гэж байна. МИАТ компани Бангладеш улсад “Боинг” онгоцоо түрээслүүлэхэд нь бас л явж, сурвалжилж байлаа. 

Ингээд бодохоор энэ хамт олонтой би ямар нэгэн байдлаар холбогдчихоод байдаг “гэмтэй”. 

Парис, Франкфурт руу нисэхэд Монголынхоо онгоцоор нисэхэд цаанаа л дотно. 

Тэгээд ч шууд нислэгүүд нээгдээд цаг зав, мөнгө санхүүд хэмнэлттэй, сайхан байна аа гэсэн хүн олон байснаас биш МИАТ муухай, нисэхгүй гэсэн хүн байгаагүй. МИАТ-ийг хойд захын хар овоохой гэж бид голж шилж, гоочилж л байдаг. Харин тэр овоохойныхоо дээвэр туургыг нь шинэчилж, унь тооныг нь өнгөлж, авдар савыг нь зүлгэе гэхдээ жаахан хойрго юм уу даа. Хамгийн энгийн жишээ. Нэг еэвэнгийн хоёр талтай зүйрлэе. Нэг тал нь, Германд шуургатай байхад МИАТ-ийн онгоц газардаж, монголчууд тэнэгээ гайхууллаа гэж өнгөрөгч зун баахан зэмлэв.

Нисэгч хүн “За яадгийн, азаа голио шиг азаа үзье” гээд буучихдаг гэж бодож байна уу. Тухай улсын нислэгийн удирдлагынхан, нислэгийн удирдагчид буух боломжтой эсэхийг нь хэлж, удирддаг. Тэр дагуу буудаг, хөөрдөг. Үнэн хэрэгтээ тэр бичлэг нь хэдэн жилийн өмнөх байсан гэж байгаа. Буруу зөвийг нь шүүх, үнэн худлыг нь ялгахаасаа өмнө баалж, давшилсан муу зан энэ.

Еэвэнгийн нөгөө тал. МИАТ компани үндэсний агаарын тээвэрлэгч статустай болоод зээлээр ч болтугай худалдаж авсан “Боинг”-той боллоо, өвөл цагт зорчигч урсгал цөөрдгийг далимдуулан өөр улсад онгоцоо түрээслүүлж, ашиг оллоо, Москва, Берлин, Сөүл, Бээжингээр дамжиж Франкфуртэд очдог байсныг шууд нислэгтэй болголоо, олон улсын нислэгийн 5-р эрхийг авч Сингапур руу нисэж эхэллээ, удахгүй Канад, Энэтхэг рүү шууд ниснэ. МИАТ-ийн инженерүүд дэлхийн авиакомпаниудад урилгаар очиж, агаарын хөлгийнх нь засвар үйлчилгээг амжилттай хийдэг, үнэлэгддэг болчихлоо. Энэ амжилт биш гэж хэн хэлэх вэ. Үүнийг үнэнээр нь хэлэх, сайшаах дэмжих сайхан зан ч бас биднийх л байх ёстой.

Үндэсний гэх юм болгон руугаа бид хангалттай нулимдаг. Одоо болсоон.  Монголынхоо жижигхэн зах зээл дээр өрсөлдөж байгаа хэдхэн үндэсний компаниа хэмлэх биш гадаадын зах зээл рүү хамтдаа гарах хэрэгтэй гэж мундаг эдийн засагчид хэлдэг. Эдийн засгийн хүндрэлийн үед иргэд дотооддоо ч тэр болгон онгоцоор нисээд байж чадахгүй байгаа нь үнэн. Харин гадаад зах зээлээс ашиг олох боломж бол бий. Ашиг олохын тулд МИАТ чадлынхаа хэрээр “хөдөлж” байна. Шууд нислэгүүд нээгдэж байна. 

Сингапур руу нисэх 5-р эрх Монголдоо хоёр дахь нь. Эхний эрхийг нь 1996 онд авч байсан бөгөөд Москвагаар дамжин Берлин рүү нисдэг. Харин хоёр дахь эрх нь энэ удаагийн Сингапурын эрх. Зам, тээврийн сайд А.Гансүх энэ эрхийг авахын тулд өрөвдүүлэх тактик хэрэглэсэн гэдэг. “Олон онгоцтой дэлхийн том авиакомпаниуд ганцхан онгоцтой манай муу МИАТ-тэй өрсөлдөөд яах вэ. Наад эрхээ манайд өгчих” гэж ширэн нүүрлэж байгаад авчихсан гэж байгаа.

Азийн бар улс, монголчуудын хамгийн ихээр зорчдог Сингапурын нислэгийн эрхийг авсан нь өөрөө том аз, бас амжилт.  Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэхээр тусгасан энэ цаг үед жинхэнэ цаг үеэ олсон ажил. 

“МИАТ” компани өнөөдөр гурван одтой. Дэлхийн хамгийн тансаг, дээд зэргийн агаарын тээврийн компани таван одтой байгаа. Баян орнуудын энд хүрч таван одыг байя гэхэд дөрвөн одтой болохын төлөө ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өмнөө байгаа шатан дээрээ гарахын төлөө л зүтгэх хэрэгтэй. Зүтгэж ч байгаа.  Засгийн эрхийг хэн барьж байна, “МИАТ” компанийн захирал хэн байна гэдгээс үл хамааран бидний хамгийн түрүүнд хүрэх амжилт тэр л байна. МИАТ удахгүй дахин хоёр “Боинг” худалдан авч паркаа шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн.

Тэр цагт Стамбул, Лондон, Австрали, Америк руу монголчууд шууд нисэх болно. Эхлээд би Сингапур руу нисчихээд ирье. Дэлхийд Нью-Йорк, Лондон, Хонконгийн дараа дөрөвт жагсдаг, санхүүгийн том төв, Азийн бар улс руу МИАТ-ийн онгоцоор. Ирж очих зардал нэг сая, наян есөн мянган төгрөг гэсэн. Долоо хоногт хоёр удаа буюу лхагва, бямба гарагт нисэх юм билээ. 

Б.Оюу