Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Алибабагийн IPO ба бусад баримтууд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн дэлхий дахинд болсон үйл явдлуудын хамгийн том нь Хятадын онлайн худалдааны Алибаба компаний IPO хийсэн явдал байлаа.

Нэгж хувьцааны анхны үнэлгээ нь 68$ байсан бол Баасан гарагийн хаалтын ханш 93.89$ хүрч 38 хувь өссөнөөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том IPO-д тооцогдох боллоо.

Ингэснээр Алибабагийн зах зээлийн үнэлгээ нь 231 тэрбум долларт хүрчээ.

 

  • Алибабагийн CEO Жэк Ма Баасан гарагийн өглөө CNBC телевизэд ярилцлага өгөхдөө өөрт нь “Форест Гамп” кино хамгийн их урам зориг өгдгийг дурджээ. Хэдийгээр Гамп нь зохиомол дүр ч “Надад тэр залуу үнэхээр таалагддаг. Энэ киног би 10 гаруй удаа үзсэн. Үзэх бүртээ сэтгэл догдолдог” гэжээ.
  • Хөрөнгийн зах зээлээс 22 тэрбумыг босгосон Алибаба АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO боллоо.
  • Алибаба нь үнэлгээгээрээ технологийн компаниудын дөрөв дүгээрт бичигдэж байна. Түүний урд Apple 611 тэрбум, Google 400 тэрбум, Microsoft 384 тэрбумын үнэлгээтэй жагсаж байна. Харин Алибабагийн ард Facebook, IBM, Oracle, Samsung, Intel, Amazon нар байгаа юм.
  • Алибабад 20,884 хүн ажилдаг нь Yahoo, Facebook хоёрынхыг нийлүүлснээс их ажээ.
  • Алибабагийн 22 хувийг эзэмшдэг Yahoo компани одоо эзэмшлийнхээ 4.9%-ыг зарж 10 тэрбум орчим доллар босгохоор бэлдэж байна. Ингэснээр тэд өөрийн бизнесийн алдагдлаа дарах гэнэ. Үлдсэн хувьцаа нь 26 тэрбум болж байгаа нь хангалттайд тооцогдож байна.
  • 2013 онд Алибабагийн сайтаар 240 тэрбум долларын гүйлгээ хийгдсэн нь Амазоныхоос хоёр дахин, eBay-гээс гурав дахин их байна.
  • Алибабагаар Америкийн Хар Баасан гарагтай төстэй урамшуулалт худалдааны өдөр 5.75 тэрбумын гүйлгээ хийгдсэн нь Америкынхаас гурав дахин их байна. Гэхдээ энэ бол зөвхөн Алибабагийн сайтаар хийгдсэн гүйлгээ гэдгийг санах хэрэгтэй.
  • Алибабагийн бараа хүргэлт нь Хятадын шуудан тээвэрлэлтийн 60 хувийг дангаар эзэлдэг. Хятадын нийт онлайн худалдааны түгээлтийн 80 хувийг эзэлж байна.
  • Алибабад жил бүр 11.3 тэрбум худалдан авалт хийдэг 231 сая идэвхтэй хэрэглэгч бий. Мөн 2.8 сая бараа борлуулагчид, 5,900 барааны ангилал байдаг.
  • Алибаба удахгүй дэлхийн анхны 1 их наяд долларын борлуулалт жилд хийдэг онлайн худалдааны компани болох болно.
  • Алибабагийн Таобао сайт нь дэлхийн хамгийн их хандалттай 20 веб сайтын нэгд тооцогдож байна.
  • Алибабагийн өсөлтийн ирээдүй маш том. Учир нь Хятадад онлайн худалдаа хийж огт үзээгүй хэдэн зуун сая хүн бий. Судлаачид 2020 он гэхэд Хятадын онлайн худалдаа одоогийн АНУ, Англи, Япон, Герман, Францынхыг нийлүүлснээс том болно гэж үзэж байна.
  • Алибаба мөн жижиг зээлийн бизнес хийж эхэлсэн. Худалдаачид Алибабагаас дунджаар 8000 орчим долларын зээл авах боломжтой байдаг. 2013 онд Алибаба 2 тэрбум долларын ийм зээл олгожээ.
  • Анх Жэк Ма “Алибаба ба 40 дээрэмчин” үлгэрийн баатрын нэрийг сонгожээ. Мөн хэн нэг нь Алимама нэрийг ашиглахаас болгоомжилж давхар бүртгүүлсэн байдаг гэнэ.
  • Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма 10 тэрбум долларын хөрөнгөтэй. Хятадын баячуудын найм дугаарт эрэмбэлэгдэж байна.