Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Alibaba 21.8 тэрбум ам.долларын IPO хийнэ

PURPLEBOOK
2014 оны 9 сарын 19
PURPLEBOOK
Зураг зураг

- Эдийн засгийн онцлох мэдээ -

1999 онд 60,000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны Alibaba компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна.

Компани нийт хувьцааныхаа 12 орчим хувийг зах зээлд арилжаалж 21.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ нь нэгж хувьцааг 66-68 ам.доллараар, нийт 320.1 сая ширхэг хувьцаа арилжаална гэсэн үг юм. Компанийн хувьцаа эзэмшигчид, түүний дотор Yahoo компани багтаад нийт 320.1 сая ширхэг хувьцааг зарах аж.

Тэгвэл Alibaba-гийн хамгийн том хувьцаа эзэмшигч Японы SoftBank Corp хувьцаагаа зарахгүй бөгөөд 32.4 хувиа эзэмшиж үлдэх юм. Ингэснээр АНУ дахь хамгийн их үнэлгээтэй хувьцаат компани болох юм. АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа үед хувьцаа гаргаж байгаа нь компанийн IPO амжилттай болох таатай цаг үе болж байна.



Бодит үнэ нь 90 ам.доллар

Хувьцааны бодит үнэлгээ нь $90 гэж тооцоолж буйгаа Morningstar мэдэгдлээ. "Facebook-ийн IPO-ийн туршлагаас харвал Alibaba-гийн  хувьцааг арилжаалж буй үнэ нь компанийн бодит үнэ цэнийг бүрэн тодорхойлж чадахгүй байна” гэж Morningstar –ийн шинжээч R.J. Hottovy хэлжээ.

Alibaba-гийн ашиг нь бусад IPO хийсэн ижил, төстэй компаниудаас онцгойроход хүргэж байна. Twitter, JD.com компаниуд ашиггүй мөртлөө 2 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон. Харин Alibaba-г харьцуулж үзэхэд орлогынхоо талыг ашиг болгож байгаа юм. Шинжээчид компанийн ашгийг 2015 онд 50 хувиар өснө гэж тооцож байна.



Хямд хувьцаа

“Тэнгэрт дүүлж яваа өндөр өсөлттэй компани газарт унана гэж харах хэрэггүй. Компанийн бизнесийн модел нь маш тогтвортой” гэж Clough Capital Partners,-ийн Eric Brock хэлжээ. Yahoo есөн жилийн өмнө Alibaba-д нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол IPO-ийн үеэр 121.7 сая ширхэг хувьцаагаа зарж 8.3 тэрбум ам.долларын хөрөнгийг суллах юм.  Ингэснээр Yahoo-гийн эзэмшлийн хувь 22.4 хувиас 16.3 хувь болж буурна гэсэн үг.

Хятадын эх газрын интернет хэрэглэгчид 632 саяд хүрсэн, 2015 онд 850 саяд хүрнэ гэж Хятадын холбогдох засгийн газрын агентлагаас таамаглажээ.

Тэгвэл компани өнөөгийн байдлаар 279 сая идэвхтэй хэрэглэгчидтэй байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар жилийн 8.46 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, нийт ашиг 1.99 тэрбум ам.долларт хүрчээ.



Бие жижиг ч бэлчээр томтой Жак Ма  

Нэг метр тавин см гаруйхан өндөртэй, туранхай Жак Магийн хөрөнгө 11.5 тэрбум ам.доллар хэмжигдэж Хятадын тэргүүн баячуудын дээгүүрт жагсдаг. 2005 оны Дэлхийн эдийн засгийн форумын “Залуу глобал удирдагч”-аар сонгогдсон.

Мөн 2009, 2014 онд Time сэтгүүлээс тодорхойдог “Хамгийн нөлөө бүхий 100 эрхэм”-ийн жагсаалтанд багтсан нэгэн. Бизнесвийкээс зарладаг “Хятадын хамгийн хүчирхэг хүмүүс”-ийн нэгт багтаж байсан бол 2009 онд Форбесоос гаргасан “Хятадын ТОР10 бизнес эрхлэгч”-ийн нэг болжээ.

Тэрээр чансаагаараа дээгүүрт жагсах Хонг Конгийн Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хүндэт докторын зэргийг хүртсэн. Японы Soft банкны ТУЗ-ийн гишүүн. Ма 1999 онд Alibaba компанийг байгуулсан нь Хятадын хамгийн анхны интернет худалдааны компаниудад тооцогдож байв. Компани нь өдгөө 240 гаруй улс, бүс нутгийн 279  сая гаруй хэрэглэгчидтэй бөгөөд 2014 онд 21.8 тэрбум ам.долларын IPO хийхээр төлөвлөж байна.

Шинжээчид Alibaba-г 160 тэрбум ам.доллараар үнэлж байгаа бөгөөд хувьцааныхаа 12 хувийг Нью Йорзкийн биржид 20 тэрбум ам.доллараар арилжаалах гэж байгаа тухай Блүүмбэрг мэдээлжээ. Тэрээр Alibaba группын ТУЗ-ийн дарга бөгөөд групп нь 9 компаниас бүрддэг. Ма компанийнхаа дөнгөж 8.9 хувийг эзэмшдэг байна.

Ма Шанхайн ойролцоо 2.4 сая хүнтэй Ханжоу хотод 1964 онд төржээ. Тэр багадаа бие жижигтэй, туранхай байсан ч өөрөөсөө том биетэй хүүхэдтэй зодолдохдоо ялагдахаа мэддэг байсан ч огт айдаггүй байсан гэдэг. Зодоонд орохдоо тэрээр ангийхандаа дооглуулдаг байсан ч гэлээ түүний энэ байдал нь гадаадын жуулчдын сэтгэлийг татдаг байв.

Тэрээр өглөө бүр 45 минут дугуйгаар явж зочид буудалд очдог байсан бөгөөд гадаадаас ирсэн жуулчдад хотоо танилцуулахдаа үнэ төлбөргүй үйлчилдэг байв. Гол зорилго нь англи хэлээ сайжруулах шүү дээ. Ингээд тэрээр өсч томрон их сургуульд орохоор хоёр ч удаа шалгалт өгсөн нь тэнцээгүй байна. Гуравдахь удаагийн шалгалтаараа тэнцэж Ханжоу Багшийн Институтад суралцан, тэндээ сард 12 ам.долларын цалинтайгаар багшилж байв.

Харин 1990 оноос Хятадын эдийн засаг нээлттэй бол их хэмжээний экспорт хийх болжээ. Энэхүү бизнесийн боломжийг ашиглах зорилгоор тэрээр орчуулгын компани байгуулж 1995 онд анх удаа ажлаар АНУ-д зочлов. Түүний найз нь түүнд нэгэн сонирхолтой зүйл үзүүлсэн нь интернет байлаа. Найз нь Мад интернеттэй холбоотой бүх зүйлийг хэлж өгөв. Ма интернетээс пиво хайхаар шийджээ. Үр дүнд нь нэг ч Хятад сонголт гарч ирээгүй байна.

Үнэндээ Хятадтай холбоотой ямар нэг зүйл олоход маш хэцүү байжээ. Ингээд нутагтаа эргэн ирээд China Pages компаниа байгуулж Хятадын бизнес эрхлэгчдийг гадаадын хэрэглэгчидтэй холбох зорилго тавьжээ. Тэрээр энэ тухай дурсахдаа “Интернетэд холбогдсон тэр өдөр би найзуудаа, TV-н хүмүүсийг дуудсан. Маш удаан dial-up холболт байсан тул гурван цаг хагас хүлээсний эцэст тал хуудас мэдээлэл гарч ирж билээ. Бид ууцгааж, TV үзэж, хөзөр тоглож хүлээж байсан юм.

Сэргэлэн хүн тархиа ашигладаг бол ухаалаг хүн зүрхээ ашигладаг.

Гэхдээ би бахархалтай байлаа. Учир нь интернет байдаг гэдгийг харуулж чадсан” гэжээ. Гэвч анхны бизнес нь бүтэлгүйтлээ. Гэсэн ч 1999 онд дахин компани байгуулж Alibaba гэж нэрлэжээ. Ингэхдээ 17 найз, Goldman Sachs, Soft bank-аас хөрөнгө оруулалт татжээ.

 2012 онд компанийн онлайн худалдааны хэмжээ 1 триллион юан давсан байна. Түүний бизнесийн гол тулгуур зарчим нь “Хэрэв төслийг чинь хурсан олны 90 хувь нь дэмжиж байвал энэ төслөө хөгийн саванд хийж хаях хэрэгтэй гэсэн үг. Шалтгаан нь маш энгийн. Ийм бизнесийг хэнч хийж чадах ба түүний хэрээр өрсөлдөөн ширүүсч эцэстээ ашиггүй болно.

Тэрээр залуу үедээ хандан дөрвөн зөвлөмж хэлдэг. Ялагдал гэж юу вэ? Бууж өгөх бол хамгийн том ялагдал.  Уян хатан чанар гэж юу вэ? Хүнд цаг үе, урам хугарал, гомдол, зовуурьтай тулах үед ойлгох тэр зүйлийг хэлнэ. Чинийг үүрэг юу вэ? Илүү зүтгэлтэй, илүү ажилсаг, бусдаас илүү амбицтай байх. Зөвхөн тэнэгүүд л ярихдаа амаа ашигладаг. Сэргэлэн хүн тархиа ашигладаг бол ухаалаг хүн зүрхээ ашигладаг.

Бизнес эхлүүлнэ гэдэг өөрийнхөө тогтвортой орлого, урамшууллыг алдаж, орхиж явах эрхээ хасуулахыг хэлнэ. Гэхдээ нөгөө талаар орлого чинь хязгааргүй болно гэсэн үг. Цагаа илүү үр ашигтай ашиглаж, бусад хүмүүсээс ивээл, халамж гуйх шаардлагагүй болно.  Хэрэв чи өөр сэтгэлгээтэй бол өөр үр дүнд хүрнэ. Бусдаас өөр сонголт хийвэл бусдаас өөрөөр амьдарна.