Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

А.Галтбаяр: Багш нарын эрх ашигт тааруулвал МУИС багшийн төлөө сургууль болно

Э.Орхонсүрэн
2014 оны 9 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
МУИС-ийн захирал А.Галтбаяр

МУИС-ийн захирал А.Галтбаяртай тус сургуульд өрнөж буй үйл явдлын талаар ярилцлаа.

-МУИС-ийн удирдлагууд өнгөрсөн жилээс шинэчлэлийн ажлыг идэвхтэй өрнүүлж нэлээд хэл ам дагуулсан. Та бүгдийн эхлүүсэн шинэчлэлийн дараагийн шат энэ хичээлийн жилээс эхэлж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Бид өнгөрсөн хичээлийн жилд шинэчлэл эхлүүлж бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд 12 бүрэлдэхүүн сургуулиа тав болгож нэгтгэсэн. Бүтцийн шинэчлэлтэй уялдаатайгаар хөтөлбөрийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлага гарсан.

Манай улс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд ороод 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд дээд боловсролын систем тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Гэхдээ их сургуулиуд дахин өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн нийгмийн хүлээлт бий болсон. Энэ нь хуучин систем шинэ нөхцөлд тохирохгүй болсон явдал юм. Тиймээс бид шинэ нийгмийн хүлээлтийг хангасан дээд боловсролын тогтолцоог бий болгох зарчим баримталж байна. Өөрөөр хэлбэл, социалист маягийн системийг зах зээлийн системд шилжүүлж байгаа хэрэг.

Энэ санааг өөрчлөлт бүрт тусгаж байгаа. Хүмүүс зах зээлийн 20 жилд өөрчлөлт хийх гээд явж байсан юм биш үү гэж асууж магад. Тэр үнэн. Гэхдээ энгийнээр хэлбэл хуучны орос машинаар хурдны замаар давхих гэж оролдож байгаатай адил юм. 1990-ээд оноос өмнө бүх зүйл тодорхой байсан.

30 оюутан 4-5 жил яг ижил хичээл үзээд төгсдөг. Энэ бол төлөвлөгөөт эдийн засгийн үедээ нийцэж байсан зохион байгуулалт. Хуучин системдээ тохирч өөрчлөгдөх гэж багш нар хэсэг үзлээ. Аль болох хөтөлбөрийнхөө тоог нэмсэн. Гэхдээ цаад утга санаа нь ижил байсан. Гэтэл энэ нь хэт нарийссан мэргэжилтэн зах зээлд бэлдсэн байна. 30 хүүхэд хэт нарийссан мэргэжлээр төгслөө гэхэд ажлын байр олдохгүй байх жишээтэй. Тиймээс бид энэ байдлыг дараагийн шатанд гаргах хэрэгтэй гэдэг санааг тавьсан.

-Шинэ хөтөлбөрөөр элсэлт авч байгаа гэдгээ тодруулахгүй юу. Өмнөх хөтөлбөртэй харьцуулбал ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Шинэчилсэн хөтөлбөрөөр хүүхдүүдэд сонголтыг нь өгөөд эхний жил ерөнхий хичээлээ үзээд цаашид ямар хичээл сонгох вэ гэдэг бэлтгэлийг хийж байгаа. Үүний дараа мэргэжил, хичээлээ сонгоод явна. Сонголтыг бий болгосноор хөтөлбөр хооронд хүүхдүүд чөлөөтэй эргэх боломжтой болно. Ингэснээр өрсөлдөөн бий болох нөхцөл бүрдэж байгаа юм.

4-5 хүнтэй тэнхимийн дунд өрсөлдөөн ярих ямар ч боломжгүй. Харин тэнхимийн бүтцийг томруулснаар багш нарын хооронд өрсөлдөөн бий болно. Судалгаан дээр ч гэсэн мөн адил шинэ бүтцэд тохирсон өөрчлөлт байх ёстой. Өмнө нь судалгаанд улсаас мөнгө авч захиалгаар судалгаа хийж хэрэгтэйг нь авч ашигладаг байсан. Харин одоо тийм зүйл байхгүй.

Шинэчилсэн хөтөлбөрөөр хүүхдүүдэд сонголтыг нь өгөөд эхний жил ерөнхий хичээлээ үзээд цаашид ямар хичээл сонгох вэ гэдэг бэлтгэлийг хийж байгаа. Үүний дараа мэргэжил, хичээлээ сонгоод явна.

Хувийн өмч бий болсон. Янз бүрийн судалгааг сонирхож байгаа салбар бий. Тиймээс түүнд нь тохирсон судалгааг санал болгох юм. Энэ судалгааг хийх нөхцөл нь хатуу биш уян хатан байх ёстой. МУИС нь судалгааны их сургууль болохын тулд багш нарынхаа судалгаа хийх орчинг бүрдүүлж, тодорхой хэмжээний менежментийн зардал өгч, хөрөнгө оруулалтыг татаж байх ёстой. Энэ бүгд бий болсны дараа бид зах зээл рүү хандсан багуудаа гаргах юм. 

-Шинэчлэлийн эхнийх нь сургуулийн бүтцийг өөрчлөх байсан бол энэ удаад хөтөлбөр шинэчлэгдэж байгаа юм байна. Дараагийн алхам юу байх бол?

-Өнгөрсөн жил бид бүтцийн өөрчлөлт хийх гэж байна гэж ярьснаас биш ажил эхлээгүй байсан. Ажлаа эхлээгүй байхдаа л шүүмжлүүлсэн. Энэ жилээс жинхэнэ шинэчлэлийн ажлууд хийж эхэлж байна. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрөөр оюутнуудаа элсүүллээ. Бидний хийж байгаа ажлын үр дүн дөрвөн жилийн дараа гарна. Тэгэхээр бид энэ хугацаанд хөтөлбөрөө улам баяжуулах ёстой.

Өмнө нь бид бүх хичээлийнхээ нэрийг биччихээд энэ хичээлүүд орно гэдэг байсан бол шинэ хөтөлбөр тийм биш болсон. Тухайн оюутан биологийн ангид сурдаг 120 кредит үзэх ёстой бол 60 кредит нь заавал үзэх ёстой хичээл багтана.

Харин үлдсэн 60 кредитийг өөрсдөө сонгоно. Тиймээс хөтөлбөр цаашид уян хатан болж баяжиж, хөгжих ёстой. Мөн судалгааны ажлаа яаж өргөжүүлж, хөгжүүлэх талаарх ажлыг хийх нь дараагийн гол ажлын нэг болоод байна.

-Төрийн өмчийн их сургуулиуд танайхтай адил шинэчлэл хийж байгаа ч хэл ам дагуулах нь бага байна. Танай сургуульд хэл ам их байгааг зарим эрдэмтэн багш нар албан тушаалаас үүдэлтэй гэж дүгнээд байгаа. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд хэл ам гаргаж эсэргүүцэж байгаа багш нартайгаа уулзаж ярилцдаг. МУИС бол төрийн өмчит их сургууль. Нөгөө талаас улсын хэмжээнд дээд боловсрол эзэмшиж байгаа хүмүүсийн 60 гаруй хувийг төрийн өмчийн сургуулиуд сургаж байна. Энэ бол төрийн өмчийн сургууль нийгэмд орон зай эзэлж байгааг харуулж байгаа юм. Төрийн өмч гэдгийг иргэд ард түмний, нийтийн өмч гэж ойлгодог.

Тиймээс энэ сургууль хэнд үйлчилж, хэний ашиг сонирхлыг хангах гэж байгааг байнга хардаг. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн оюутан, ажил олгогч бизнесийнхэн, нийгэм, улс төрийнхөн, багш нар гээд ашиг сонирхол их. Их сургууль хөгжлөө бүрдүүлэхийн тулд гаргаж байгаа бүтээгдэхүүний эрх ашгийг хөнддөг.

Багш нар нэг л юм. Ажиллаж байгаа гэдгээрээ хамгийн чухал хэсэг бол мөн. Гэхдээ тэдний харах өнцөг нэг л юм. Бид амжилттай хол хөгжинө гэж харж байгаа бол дээрх өнцгүүдийг бүгдийг нь харж байж хол явна. Бид зөвхөн багш нарынхаа эрх ашгийг сонсоод тэдэнд тааруулвал хэсэг хугацааны дараа энэ сургууль багшийн төлөө сургууль болно.

Сайн ажилладаг, сайн судалгаа хийдэг багш нараа бид дэмжинэ. Би ийм л зүйлийг багш нартайгаа ярьдаг.  

Нийгэм ч сонсохоо болих юм. Тиймээс энэ сургуулийг удирдаж байгаагийнхаа хувьд энэ бүх өнцгийн балансыг зөв барих ёстой. Мөн бие даасан байдлаар хөгжихөд сургалт судалгааны зөв орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой.

Хэл ам дагуулаад байгаа нь албан тушаалаа алдсан эсвэл заримд нь албан тушаал өгөөгүй асуудал байгаа. Гэхдээ энэ бол цөөнх хэсэг. Нөгөө талаас энэ сургуульд олон жил насаараа ажилласан хүн бий. Тэгэхээр манай сургуулийн хувьд бидний харах өнцөг хаана байна вэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш хэн нэгэн багш, оюутан эсвэл зах зээл хараад байж болохгүй. Аль болох олон талаас нь харж байж хөгжинө. Сайн ажилладаг, сайн судалгаа хийдэг багш нараа бид дэмжинэ. Би ийм л зүйлийг багш нартайгаа ярьдаг.     

-ШУТИС, АШУҮИС гээд томоохон их сургууль мөн л шинэчлэл хийж байгаа. Та тэдгээр сургуулийн шинэчлэлийн хөтөлбөртэй танилцсан уу. Танай сургуультай харьцуулбал ямар өөрчлөлт хийж байна. Мэдээж, мэргэжил хоорондын ялгаа байгаа байх. Харин үүнээс өөр?

-Шинэнчлэлийн үзэл санаа бүх сургуульд ижил байгаа. Ерөнхий гол концевц нь адилхан. Манай сургуулийн бусад сургуулиас ялгарах гол онцлог бол шинжлэх ухааны сургууль.

-Өнгөрсөн хавар ШӨХТГ-аас танай сургуульд шалгалт хийж таныг мөнгө идсэн гэж буруутгаж байсан. Харин та энэ хугацаанд ямар ч тайлбар хийгээгүй. Тиймээс энэ асуудалд ямар байр суурьтай байгааг тань сонирхмоор байна?

-Манай сургууль олон салбар сургуультай. Тэр хооронд шилжилт хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй. Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх гэж байгаа бол түүнийг нь зохицуулах механизм нь төлбөр авах байсан. Гэтэл шилжих хөдөлгөөн нь нэг талаар авлигын асуудлыг дагуулдаг үзэгдэл. Энэ нь нэг жилийн төлбөрийг 0.5-2 дахин үржүүлсэн мөнгийг сургуулийн дансанд шилжүүлдэг.

Энэ журмыг 2004 оноос мөрдөж эхэлсэн. Жил бүр ямар ангиас ямар хөтөлбөрт шилжихэд коэффицент яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь чухал. Бусад нь хэвээрээ үйлчилж эхэлсэн.

Бүх мөнгө дансанд ордог. Ямар нэг байдлаар хувь хүний дансанд орох боломжгүй. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг шүүхэд өгсөн.

Өнгөрсөн жилийн хувьд нэг хүний гомдлоор энэ асуудлыг гаргаж ирж та нар энэ мөнгийг авах ёсгүй гэдэг шаардлага тавьсан. Бидний зүгээс энэ зохицуулалтын тухай Удирдах зөвлөлдөө санал тавьсан. Гэвч Удирдах зөвлөлөөс захирал өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэх ёстой гэдэг тайлбар өгсөн.

Тиймээс захирлын тушаалын дагуу хурааж авсан. Энэ бүх мөнгө дансанд ордог. Ямар нэг байдлаар хувь хүний дансанд орох боломжгүй. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг шүүхэд өгсөн. Үүнийг хуулийн дагуу зөв шийдэх байх. Түүнээс биш ямар нэг хүний нэр хүнд аль эсвэл сургуулийн нэр хүндэд халдсан асуудал байж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.

-Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас таныг гүтгэсэн болж таарч байна уу. Мөнгө төгрөг авсан, өгснийг шалгалтаар тогтоосон гэсэн мэдээлэл яваад байсан шүү дээ?

-ШӨХТГ-ын нэг алдаа гаргасан. “МУИС өөрийн дүрэм журмын дагуу шилжилтийн төлбөр аваад байна. Энэ буруу” гэсэн бол хамаа алга. Гэтэл МУИС-ийн захирал А.Галтбаяр гэдэг хүн шилжилтийн төлбөрийг аваад байна гэж хэлсэн. Энэ бол гүтгэлэг. Уг нь бол нэг нь МУИС-ийн дансанд, нөгөө нь хувь хүний дансанд орж байгаа мөнгө гэсэн үг.

МУИС-ийн захирал А.Галтбаяр гэдэг хүн шилжилтийн төлбөрийг аваад байна гэж хэлсэн. Энэ бол гүтгэлэг. 

Сургууль, анги хооронд шилжилт хөдөлгөөн хийхэд мөнгө авдаг журам аль 2002 онд батлагдсан. 12 жил энэ журмын дагуу явж ирсэн. Манай сургуулийн өмнөх захирлууд хүртэл хэлж байсан. “ШӨХТГ-аа явуулаач. Бидний үед ийм л байдлаар шийддэг байсан” гэж хэлсэн. 12 жил явж ирсэн журам буруу байна гэсэн. Бид өөрчилсөн. 

-Тэгвэл энэ жилээс оюутнууд анги, сургуулиа өөрчилж шилжилт хөдөлгөөн хийх асуудалгүй болно гэсэн үг үү?

-Тийм. Шинэчлэлийн журмаа өөрчилсөн. Шинэ журмаар мөнгө авдаг асуудлыг зогсоох болно. Мөн шилжилт хөдөлгөөнийг тэр дундаа хувийн сургуулиар дамжиж манайд орж ирдэг урсгалыг зогсоох болно. Харин өөрийн сургууль дотроо шилжилт хөдөлгөөн хийх асуудлыг илүү зохицуулалт сайтай чөлөөтэй болгох юм.

Мөн шинэ хөтөлбөрөөр оюутны хичээл сонголт нэлээд чөлөөтэй болж байгаа. Тиймээс шилжилт хөдөлгөөн хийж анги, сургуулиа сольдог асуудал багасах болно гэж харж байгаа. Бидний хийж байгаа бүтцийн өөрчлөлт бол хатуу замаар явдаг байсан механизмыг чөлөөт сонголтод шилжүүлж байгаа хэрэг юм.

-Энэ хичээлийн жилээс эхлээд МУИС-ийн оюутнууд суралцах хичээлээ өөрсдөө сонгоно гэж яриад байгаа. Энэ нь нэг талаар оюутнуудыг дураар нь тавьж байгаа хэрэг  гэж  шүүмжлэх хүн олон байгаа. Нөгөөтэйгүүр, багш, оюутнуудын дунд мөнгө өгч авах тухай асуудал яригдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Түүнчлэн хөндлөнгөөс харахад оюутнуудыг бүр задгай тавьж байгаа юм шиг санагдаад байгаа?

-Тухайн хүнд сонголтыг нь үлдээж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн мэргэжлийг эзэмшихийн тулд ийм хичээл үзэж судалсан байх ёстой гэдэг шаардлага байгаа. Энэ нь кредитээр илэрхийлэх юм. Ерөнхийдөө суурь шаардлагаа тавина. Үлдсэн хэсэгт нь сонголт чөлөөтэй байна гэдэг санаа. Түүнээс биш бүх хичээлээ өөрөө сонгохгүй. 

-Мөн МУИС-д энэ хичээлийн жилд шинээр элсэн орж байгаа оюутнууд шууд мэргэжлээ сонгохгүй. Хоёрдугаар курсээсээ мэргэжил сонголт хийнэ гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ. Ажлын байранд тавьж байгаа шаардлага хангахгүй, чанаргүй муу боловсон хүчин бэлтгэж байна гэсэн шүүмжлэл нийгэмд олон жил явж байгаа. Тэр утгаар мэргэжлээ эртхэн сонгочихоод, тэр чиглэл рүүгээ илүү нарийн мэдлэг хуримтлуулж байвал арай илүү чанартай бүтээгдэхүүн гарах юм биш үү?

-Их сургуульд орсон оюутнууд эхний жил ерөнхий суурь хичээл үзнэ. Хоёрдугаар дамжаанаасаа эхлэн мэргэжлийн суурь хичээлээ үзнэ. Ер нь тухайн хүний ерөнхий чадвар буюу багаар ажиллах, хэл харилцааны соёл, логик дүгнэлт хийдэг байх зэргийг эхний жилд ярих асуудал. Харин дараа нь нарийн мэргэших замдаа орох юм. Нарийн мэргэжлээр гүнзгийрч сурна гэж байгаа хүүхдийг багаас нь гүнзгийрүүлсэн сургалтад тусгай программаар заах ёстой.

Их сургуульд орсон оюутнууд эхний жил ерөнхий суурь хичээл үзнэ. Хоёрдугаар дамжаанаасаа эхлэн мэргэжлийн суурь хичээлээ үзнэ.

Гэхдээ энэ бол үнэтэй хөтөлбөр. Нөгөөтэйгүүр зах зээлийн нарийн шаардлагыг тэр бүр хангана гэдэг хэцүү. Гэхдээ дээд боловсролтой хүний үндсэн суурь мэдлэг болон мэргэжлийн чиг баримжаагаа зөв авсан хүүхдүүд бакалаврын зэрэгтэй төгсөнө. Харин энэ хүүхдүүд нарийн мэргэжлийн хичээлээ магистр, докторт үзнэ.

-Хоёр жилд мэргэжлийн хичээл үзээд бакалаврын зэрэг авах хангалттай хугацаа мөн гэж үү?

-Энэ бол мэргэжлийн хамгийн бага шаардлага. Тухайн мэргэжлийг эзэмшүүлэхийн тулд ямар ч хөтөлбөртэй байж болно. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд дээд боловсролтой хүний эзэмших ёстой үндсэн суурь ойлголтуудыг бүгдийг өгнө. Хэрэв мэргэшинэ гэж үзвэл цаашаа заавал сурах шаардлагатай. 

-Зарим хүн таныг “Л.Гантөмөр сайдын томилгооны хүн”. Харин зарим нь таныг МУИС-ийг аваад явчих чадвартай хүн гэдэг. Тэгэхээр энэ хоёр асуултын дунд таниас нэг хариулт авмаар байна. Та МУИС-ийн захирлын суудалд сууснаасаа хойш яг ямар ажлуудыг хийж, юуг яаж өөрчлөв?

-Би энэ асуудалд ганц зүйл хэлж чадна. Энэ сургуульд багш байхаасаа өөрчлөлт шинэчлэлтийг ярьсан. 2010-2012 онд дэд захирал байхдаа ч ярьж байсан. Тэр үед одоогийн сайд байгаагүй. Миний ажлаа хийж чадах чадахгүйн асуудлыг цаг хугацаа харуулах байх.

-Бусад сургуультай харьцуулахад МУИС-ийн захирлын халаа сэлгээ байнга хэл ам татаж, олон хүний хараанд байнга өртдөг. Нэг сургуулийн захирлын суудал гэхээс илүү энд албан тушаал, эрх мэдэл, мөнгөний асуудал  эргэлдэж байдаг юм шиг санагддаг. Энэ тухай та юу гэж боддог вэ?

-МУИС бол улсын ууган сургууль. Тэр ч утгаар монголчуудын сэтгэхүйд дээд боловсролын хамгийн чухал байгууллага гэдэг ойлголт явдаг. Тиймээс хүмүүсийн анхаарлыг байнга татдаг. Нөгөө талаас манай сургууль дээр судалгаа цөм байсан. Судалгаа хийнэ гэдэг улсын хамгийн үнэ цэнэтэй, чадвартай хүмүүс юм. Хүчтэйгээр хэлбэл Монголын оюун ухааны цөм гэж ойлгож болно. Манай сургуулийн төгсөгч нар бол Монголын ирээдүйг авч явах шилдэг хүмүүс болох ёстой.  

-А.Галтбаярыг энэ суудалд суухад олон хүн дургүйцэж байсан гэж сонс­сон. Одоо тэдгээр багшийн уур амьсгал, харилцаа хандлага ямар байна?

-Эсэргүүцэл нэг хэсэгтээ байна гэж бодож байгаа. Эсэргүүцэж байгаа багш нартай хэл амаа ололцлоо гээд үндсэн зарчмаасаа ухарч болохгүй. Хамгийн гол нь багш нарын эсэргүүцээд байгаа санаа нь ажил хэрэг болвол би хүлээж авч сонсоно. Сонсож ч байгаа. Харин тэр эсэргүүцэл нь зүгээр л нэг улс төрийн тоглоом бол би тэр хүмүүсийг яаж ч өөрчилж чадахгүй.

Тэд өөр зорилготой хүмүүс. Тиймээс тэдэнтэй яриад байх зүйл алга. Миний хувьд МУИС-ийн нийт багш нарын эрх ашгийг л ярина. Бүх багш шинэчлэлийг зөв гэж дэмжиж байсан. Үнэндээ эсэргүүцэж байгаа багш нар ч зөв гэж байсан. Асуудлын гол нь ямар зорилгоор ингээд байна вэ гэдэгт байна. 

Зураг