Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зангад: “Алтан намар” 30 нас хүрч байна

Ч.Үл-Олдох
2014 оны 9 сарын 16
polit.mn

Б.Зангад гуай  “Алтан намар” аа дуулаад эхэллээ,   намар болж дээ, аяны шувууд буцах цаг болж дээ”   гэж манайхны   хэлэлцдэг   нь оргүй үг биш. Айсуй цагийн дохио, хадланч, тариаланчдыг яаруулж, хаа сайгүй трактор комбайн нүргэлэхтэй зэрэгцэн

  “Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан.
Ай даа намар цаг
Алтан сайхан цаг...”
хэмээн Ардын жүжигчин Б.Зангад гуайн дуу хангинан буй энэ өдрүүд аргагүй л намар болсныг сануулж байна.  “Алтан намар”-ын аялгуунд  хөглөгдөж, бас намар цагийг хөглөж  эрхэм уран бүтээлчийг урьж  ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу, Б.Зангад гуай.  Таны дуулсан “Алтан намар” гадаа, гэртгүй эгшиглэж, хүн болгон өөрийн эрхгүй дагаж аялаад л аргагүй  намар болж байна. Энэ өдрүүдэд  танд юу бодогддог вэ?

-Намар цаг хүний хорвоогийн хамгийн өгөөжтэй улирал. Хүнд идээ будаагаа дэлгэж хайрласан, амьдрах ухаанд сургаж, орчинтойгоо амьдрах бүхий  л зүйлийг  бүрдүүлж өгсөн хамгийн   сайхан улирал. Намарт хүн амьдралынхаа хамгийн сайн сайхныг бэлгэдэж, тариа будаагаа арвин  авах, ургацынхаа дээжийг дээдэлж хурааж авахад эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг.  Монголын дөрвөн цаг найман зовхист алтан сайхан намар налайж байна.

Хадлан, тариа гээд энд тэндгүй их ажил ч ид өрнөж байна. Энэ бүхэн сайхан байлгүй яахав. Би намрын улиралд дуртай. Миний уран бүтээлийн зонхилох сэдэв ч  намрын тухай.  “Алтан намар”,  “Хар ус нуурын шагшуурга”, “Хар ус нуур”, “Тунгалаг Буянт” гээд олон дуу бий.

-“Алтан намар” дуу  анх хэрхэн бүтсэн бэ? 

-1982 онд Монголд хөгжмийн урлагийн наадам  анх бий болсон. Тухайн үед төрөөс зохион байгуулж эхэлсэн юм. 1983 онд наадам тодорхой дуутай болъё гэсэн санаачилга гарч, хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд уралдаан зарласан. Түүнд би Л.Мөрдорж, Ш.Шажинбат нарын “Намрын баяр”, Н.Жанцанноров, Д.Цэдэв нарын  “Алтан намар”  дууг дуулж  оролцсон.

Гурван дуу үлдсэнээс миний дуулсан хоёр дуу хоёулаа шалгаруулалтад шалгарсан.  Нөгөө нь хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн намрын тухай дуу байсан юм. Сүүлчийн шалгаруулалтад Н.Жанцанноровын “Алтан намар” тунаж үлдсэнээр наадмын сүлд дуу болсон.

-Хүмүүс тухайн үед  хэрхэн хүлээж авч байсан бол?

-Хүн ард маань сайхан хүлээж авсан. Түүнээс хойш өдий олон жил болоход ч  огт уйдсангүй.

-“Алтан намар” дууг анх дуулахад танд юу бодогдож байв?

-Насалчих дуу дуулахсан гэж тэр үедээ бодоогүй, намрын улирал сайхан, түүнийг  сайхан сэтгэлээсээ дуулчихъя гэсэн бодол  төрж  байсан.  Харин Н.Жанцанноров багшдаа зориулаад нэг сайхан дуу хийе, сайхан дуу дуулуулъя гэж бодоо биз. Д.Цэдэв ч намрын тухай сайхан шүлэг бичье гэж бодсон байх. Ингээд бид гурав хамтарсан уран бүтээл хийж, тэр маань олон жил хүн ардынхаа оюуны хэрэгцээг хангаж, урам өгч байгаад би баярлаж явдаг.

-Та бол урлагийн  алтан тайзнаа нэгэн жаран дуулж байгаа эрхэм хүндтэй уран бүтээлч. Харин  тэр дотор  “Алтан намар” дууг дуулж амьдруулсан цаг хугацаа хэр урт бол?

-Би Монголын дууны урлагт зүтгээд удаагүй, нэг жаран л өнгөрч байна даа. Гэхдээ энэ жаранд Монголын үе үеийн яруу  найрагчид, хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжимчдийн хамт уран бүтээлээ туурвиж, үзэгч олонтойгоо уран бүтээлээрээ золгож, тэднээсээ урам авч, тэдэндээ мөн  урам хайрлаж  бие биетэйгээ шүтэлцээтэй амьдарч явна. Дууны хорвоод орж ирсний  ач буяныг эдэлж,  нэгэн жаран  алаг  цэцгийн баглаа, нижгэнэсэн алга ташилт дунд амьдарч байна. Үүнээс илүү ямар  эрхэм зүйл, аз завшаан, жаргал  байх билээ. Би анх дуулж, надтай хамт 50, 60 жил хамт яваа олон сайхан уран бүтээл бий. Тэр дотор “Алтан намар”-аа би 30 жил дуулж явна. Хүнээр бол дуу маань 30 нас хүрч байна даа.

-Цахим хуудсууд  “Алтан намар” дууны клип,бичлэгийг ихээхэн онцолж тавьж байна. Ер нь их сайхан клип болсон юм байна шүү?

- “Алтан намар” дуунд маань  “М-Ти-Эс” компани клип хийлгэж өгсөн юм. Өнгөрсөн жилээс эхлэн  радио, телевизээр их явж байна. Энд тэнд очиход  хүмүүс “Бид өдөр болгон таньтай уулзаж байгаа шүү. Өөрийн биеэр хүрээд ирэх нь сайхан байна” гэж бэлэгшээж байсан. Сайхан дууг сэтгэлээсээ  бүтээсэн уран бүтээлчдийн дуу удаан амьдардаг. Сүүлийн үеийнхэн  мөнгөний бүтээл хийх гэдэг  болчихож. Сэтгэлийн уран бүтээл, мөнгөний бүтээл хоёр огт өөр юм. Дээр үед зохиогдсон, одоо дуулагдаж байгаа бүтээлүүд дандаа сэтгэлээс хийгдсэн юм шүү дээ. 

Зураг