Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Оюун: Уул уурхайн ашиглагдсан нутаг унаган төрхөндөө орж, тэр бүү хэл шинэ ургамал нутагшиж болдгийг харлаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2009 онд АНУ-ын Пийбоди Энержи компани Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээний уурхайн 18 га талбайд ашиглалтын дараах техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.
2009 оны 7-р сараас эхлэн нэг жилийн хугацаанд: 

  • Нөхөн сэргээх талбайд ус хураах талбай бий болгож, 
  • 20 см-ээс багагүй шимт хөрсөөр хучиж, 
  • Гүн сийрэгжүүлэлт хийсэн болон үрлэлтэнд бэтгэсэн хөрсөнд ургамлууд тарьж, 
  • Ан амьтан, малаас хамгаалж хашаажуулжээ. 

Энэ бүхнийг хийхдээ АНУ-ын туршлага, стандартыг Монголын багийхантай хамтран Монголын нөхцөлд нутагшуулсан байна. Өнөөдөр нөхөн сэргээсэн талбайд 50 гаруй зүйл ургамал, нүүдлийн болон суурин шувууны 26 зүйл, тарвага, туулай, дагуур зурам зэрэг амьтад нутагшжээ. 

Түүнчлэн нутгийнханы хүсэлтээр ундны болон малын хэрэгцээнд зориулан гаргасан худаг нь тухайн нутагтаа анхных бөгөөд жилийн дөрвөн улиралд тасралтгүй хэрэглэгдэж байна.

С.Оюун: Уул уурхайн ашиглагдсан нутаг унаган төрхөндөө орж, тэр бүү хэл шинэ ургамал ч нутагшиж болдог юм байна гэдгийг эндээс харлаа.

ХААИС-ийн профессор Д.Түмэнжаргал “Нутагшиж буй ургамал, амьтны судалгаа хийдэг 12 мониторингийн цэгт өмнө нь байгаагүй 12 зүйлийн ургамал нутгийн унаган өвс ногоо шиг дэлгэрч байгаа” гэлээ.

Нөхөн сэргээлтийн үр дүнтэй газар дээр нь танилцсан БОНХ-ийн Сайд С.Оюун “Маш их сэтгэл, зүтгэлийн үр дүнд уул уурхайн ашиглагдсан нутаг унаган төрхөндөө орж, тэр бүү хэл шинэ ургамал ч нутагшиж болдог юм байна гэдгийг эндээс харлаа. Манайд нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх оролдлого 2008 оноос эхэлсэн гэж болно.

БОНХЯ энэхүү стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, тархац ихтэй ашигт малтмал бүрээр нь стандарттай байх чиглэлээр ажиллаж 10-аад төслийг батлуулахаар холбогдох газарт нь өгчихөөд байна. Түүнчлэн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын төвтэй болохоор Койка олон улсын байгууллагатай саяхан Санамж бичиг зурсан” хэмээн ярилаа.