Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Хувийн машинаа унахгүй, замын хөдөлгөөний ачааллыг багасгахыг уриалж байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 20
iKon.MN

Нийслэлийн Засаг даргын энэ сарын 19-ний өдрийн  А/714 тоот захирамжаар Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хотын төв болон хөдөө орон нутгаас Нийслэл хот руу чиглэх хөдөлгөөн ихсэж, авто зам, уулзваруудын засварын ажил явагдаж байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан гудамж замын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрийг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Улсын дугаарын хязгаарлалт өнгөрсөн жил найм хоног үргэлжилж байсан бол энэ 10 хоног буюу энэ сарын 22-31-ний өдрүүдэд өглөөний 07:00 цагаас 21:00 цагийн хооронд хамаарна.

Автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцох юм байна. 

Улсын дугаарын тэгш, сондгой үйлчлэх замын хязгаарлалт нь Нисэх, Сонсголонгийн аюулгүйн тойрог, Моносын уулзвар, Орбит, Толгойтын салдаг уулзвар, 21-р хорооллын уулзвар, ЭХЭМҮТөвийн зүүн хойд уулзвар, 7-н буудлын салдаг уулзвар, Дамбадаржаа, Бэлх салдаг уулзвар, Шархад, Улаан-хуарангийн уулзвар, ХСИСургуулийн уулзвар хүртэлх гудамж замуудад үйлчлэх болно.

Ингэснээр иргэд долоо хоногийн 3-4 өдөр автомашинаа унах боломжгүй болж байгаа учир нийтийн тээврийн хэрэгслээр дугаарын хязгаарлалт үргэлжлэх 10 хоногт өдөрт нэг удаа 500 төгрөгийн тасалбар авч өдрийн турш бүх нийтийн тээврийн хэрэгсэлд  үйлчлүүлэх боломжийг олгож байгаа ажээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Бүх тээврийн хэрэгсэлд өдөрт 500 төгрөг төлж зорчсноор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа.

Мөн нийслэлийн төсвөөс энэ ажлыг хэрэгжүүлэхэд зориулж нэг тэрбум 300 сая төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Тиймээс иргэдийг аль болох хувийн машинаа унахгүй байж, замын хөдөлгөөний ачааллыг багасгахыг уриалж байна” гэлээ.


Өдрийн турш бүх нийтийн тээврийн хэрэгсэлд үзүүлээд зорчих боломжтой тасалбарыг 10 өөр өнгөтэйгөөр хэвлэсэн юм байна.

500 төгрөгийн тасалбараар өдрийн турш үйлчлүүлэх боломжтой нийтийн тээврийн хэрэгслүүд

  • Бага багтаамжийн автобус \микро\
  • Дунд багтаамжийн автобус \Асио\
  • Их багтаамжийн автобус
  • Railbus

Тасалбараа автобусанд үйлчлүүлэх өдрөө нийслэлийн 400 гаруй автобусны зогсоол тус бүрээс гадна автобусан дотроос авч болох юм байна.

Нийтийн тээврийн автобуснууд 22-31-ний өдрүүдэд цагийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд чиглэл тус бүрээс хамааран хоёроос найман минутын зайтай явна. Тухайлбал,

  • Таван шар-Офицеруудын ордон чиглэлд 80 их багтаамжийн автобус хоорондоо хоёр минутын зайтай
     
  • Сэлбэ-Зайсан толгой чиглэлд 40 их багтаамжийн автобусхоорондоо гурван минутын зайтай 
     
  • Чингэлтэй-ТЭЦ3 чиглэлд 30 их багтаамжийн автобус хоорондоо долоон минутын зайтай 
     
  • Нисэх-Дүнжингарав чиглэлд 30  их багтаамжийн автобус хоорондоо найман минутын зайтай гэх мэт.