Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Америкт бизнесийг даатгалаар хамгаалдаг

Д.Гэрэлцэцэг
2014 оны 7 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Өнөөдөр Америкт 25 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тэд Дэлхийн банк, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн сурталчилгааны алба, “YAHOO” зэрэг дэлхийд зартай томоохон байгууллагуудад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж явна.

Үүний зэрэгцээ алс холын Америкт өөрийн гэсэн жижиг бизнесээ төвөггүйхэн эрхэлж, чамлахааргүй амжилттай ажиллаж байгаа хүмүүс ч олон байдаг ажээ.

Тэдний нэг болох АНУ-ын “NK contracting” компанийн захирал Б.Энхбаярыг энэ удаагийн “Бизнес, хөгжил” буландаа урьж ярилцлаа.

-Таныг Монголд байхдаа биснесийн биш огт өөр салбарт ажиллаж байсан гэсэн. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

-Би эмч мэргэжлтэй. Монголд байхдаа Дархан хотын Яаралтай тусламжийн хэсэгт түргэний эмч байлаа. АНУ-д ирээд 12 жил болж байна.

Вашингтон хотод эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг маань Ш.Лхагвадулам гэдэг. Шүдний эмнэлэгт эмчийн ажил хийж байна. Америкт ирээд эхний хоёр жилд нь бусдын адил хоолны газар, хими цэвэрлэгээ зэрэг олон газар ажиллаж үзсэн дээ.

-Америкт амьдарч байгаа монголчууд дундаа таныг барилгын бизнесийн салбарт нэлээд тууштай, үр дүнтэй, сайн ажиллаж байгаа гэж сонссон. Эрхэлж байгаа бизнесийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Хувийн жижиг бизнестэй болох санаа арван жилийн өмнөөс төрсөн. Түүнийгээ ч эхлүүлж чадсан. Манай компани нь барилгын дотоод засал, чимэглэл хийдэг. Америкийн барилгын салбар нь олон нарийн чиглэлд хуваагддаг. Тухайлбал, том хэмжээний оффисын барилга, эсвэл хувийн хаус, орон сууц барьдаг зэргээсээ хамааран компаниуд нь өөр өөр байна.

Оффисын барилга барьдаг компаниуд нь тусдаа байдаг гэх мэтээр. Ийм компанийн эзэмшигчдийн тоо нь хүртэл олон байдаг. Түүнчлэн дотоод засал хариуцсан компаниуд ч мөн цахилгаан, сан техник, дотоод засал чимэглэл зэрэг олон салбарладаг. Миний эрхэлж буй компанийн хувьд хувийн хаус, орон сууцны дотоод заслыг ихэвчлэн хийдэг.

Дотоод засал, чимэглэл нь бас салбарлаад шинэ, хуучин байшингийн гэж байна. Бид голдуу хуучин байшингийн засал, чимэглэл хийдэг. Хуучин байшинг засварлахдаа үйлчлүүлэгчдийн саналыг ихээхэн харгалзан үзэж, зураг төслөө боловсруулах шаардлагатай болдог. Харин шинэ байшингийн хувьд ямар хэмжээтэй материал орох, юу хийх нь ашиглалтад орох үедээ цаанаасаа тодорхой болсон байдаг. Тэр дагуу нь дотоод заслын ажлаа гүйцэтгэдэг гэж болно.

-Өөр мэргэжлийн хүн яагаад заавал барилгын салбарт орсон юм бэ?

-Нэг талаараа энэ салбарт ажиллахад тийм ч их хөрөнгө мөнгө шаардаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, өөрөө ажиллах хүчин болж чадна. Монголчууд бараг л бүгдээрээ байраа засах, байшингаа барих чадвартай. Тиймээс их олон зүйл шаардлагагүй гэж бодсон. Нөгөө талаараа, монгол хүн бүхэнд шахам үндэсний ур ухаан шингэсэн гарын дүй байдаг. Энэ бүхэн нөлөөлсөн байх гэж боддог.

-Тэгэхээр бараг мөнгөгүй шахам байж бизнесээ эхлүүлж байсан гэсэн үг үү?

-Америкт барилгын салбар их хөгжсөн. Тэр утгаараа дагалдах засал чимэглэлийн ажлууд нь ч ямагт эрэлт ихтэй байсаар ирсэн. Энэ ажлыг эхлүүлэхэд төдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй гээд байх юмгүй. Мэдээж тодорхой хэмжээний багаж, тоног төхөөрөмж хэрэг болно. Анх бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хамгийн боломжийн салбар гэсэн үг. Би бараг багажгүй л ажлаа эхэлж байсан. Хамгийн эхний ажлын хөлсөөрөө багаж худалдаж авч байлаа.

-Америкт нэг эзэмшигчтэй буюу нэг хүний компани нийтлэг байдаг юм байна. Танай компани ч үүний нэг нь. Энэ төрлийн компанийн давуу тал нь юу байдаг юм бол?

-Энд хийж, бүтээж чадвал ганцаараа, эсвэл хэд хэдээрээ нэгдээд компани байгуулах нь чөлөөтэй, тухайн хүний эрхийн асуудал байдаг. Ер нь томоохон хэмжээний төсөл, ажлуудыг том компани, групп харин жижиг ажлуудыг хувь хүн, нэг эзэмшигчтэй компаниуд гүйцэтгэдэг. Нэг эзэмшигтэй компаниуд ихэвчлэн гаднаас ажилчдаа авч ажиллуулдаг. Бас төлөх татвар нь бага байдаг гэж болно. Энэ нь улсдаа ч, бизнес эрхлэгчдэд ч ашигтай.

-Танай компанийн хувьд жилд ямар хэмжээний татвар төлдөг вэ?

-Энд хэн нэгэн компани байгуулахад хураамжийн 10 ам.доллараа бичиг баримтын хамт бүрдүүлж өгдөг. Бичиг баримтыг нь албан ёсоор бүртгэж, гаргаж өгөх зэрэгт цаг хугацаа шаардаад байдаггүй. Шат дамжлага нь ч бага. Харин татварын тухайд орлогоосоо хамаараад өөр өөр байдаг. Манай компани гэхэд орлогоосоо шалтгаалан жилд 3000-5000 ам.долларын татвар төлдөг. Ер нь анх байгуулахад л компани нь ямар үүрэг хариуцлагатай байх,  хэдий хэмжээний татвар төлөх, аль салбарт том жижиг ямар компани тохиромжтой байж болох зэрэг мэдээлэл, зөвлөгөөг сайн өгдөг юм. Тиймээс гараагаа зөв эхлүүлсэн олон жижиг компани амжилттай ажиллаж байна.

-Хүний нутагт бие дааж бизнес хийнэ гэдэг амаргүй. Хүнд хэцүү үе байв уу?

-Бизнесийн салбарт үйлчлүүлэгч маш чухал. Гэтэл анх ажлаа эхлүүлж байхдаа үйлчлүүлэгчийн талаар ямар ч мэдлэг байхгүй байлаа. Америкт ирээд удаагүй байсан болохоор ядаж л хэрэглэгч маань юу сонирхож байгааг тэр бүр сайн ойлгодоггүй байсан. Хэлний бэрхшээл бас нэмэгдэнэ. Мөн туршлага багатай зэрэг олон асуудалтай тулгарч байлаа.

-Харин одоо арван жилийн хугацаанд арвин туршлагатай болж, олон ч үйлчлүүлэгчтэй болсон байх?

-Тийм ээ. Энэ хугацаанд тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй болж чадсан. Намайг өөр компаниуд болон бусад зах зээлтэй харьцуулах шаардлагагүй болсон гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, итгэл чухал гэдгийг үүнээс харж болно. Нэг ажлыг сайн гүйцэтгэсэн байхад дараагийн удаа тухайн үйлчлүүлэгч хэн нэгнийг хайхгүйгээр манай компанийг сонгодог. Чанартай сайн үйлчилгээ үзүүлж, итгэлтэй сайн ажилласан байхад дараагийн удаа заавал дуудах жишээтэй. Нэмж хэлэхэд латин америкчууд барилгын салбартаа маш их туршлагатай. Тийм болохоор их захиалга, ажилтай үед монголчуудаа ава­хын зэрэгцээ ла­тин америкчуудыг хамт ажиллуулдаг. Сайн, чадвартай хамт­рагч байхад үйлч­лүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж чаддаг.

-Америкт энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс дампуурах үе гардаг уу. Ийм тохиолдолд төрөөс хэрхэн дэмждэг бол?

-Мэдээж, энэ төр­лийн бизнес дампуурах үе бий. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямарч байсан үед их элбэг тохиолдож байсан. Тийм үед төрөөс дэмжлэг шууд утгаараа байхгүй л дээ. Харин даатгалаас, эсвэл банкнаас тодорхой нөхцөлтэйгөөр тусламж авч болдог.

-Энд даатгалын систем өндөр төвшинд хөгжсөн байдаг гэсэн?

-Даатгалын систем нь маш сайн. Олон төрлийн даатгал бий. Манай компани ч гэсэн даатгалтай. Барилгын салбар тул ямар нэг эрсдэл гарч болзошгүй учир эрүүл мэнд болон машин, тоног төхөөрөмжөө даатгуулдаг. Даатгалын төрөл, ямар хэмжээний хохирлыг барагдуулахаас шалтгаалан үнэ нь өөр. Тухайлбал, манай компани сард 200, эрүүл мэндэд 300, хоёр машиндаа 277 орчим ам.долларыг зарцуулдаг. Барилгын салбарынхан жижиг гэлтгүй заавал даатгалтай байх хэрэгтэй.

-Америкт хувь хүн бие дааж бизнес хийх боломж их байдаг юм шиг харагдлаа. Хууль, эрх зүйн орчин нь хэр чанга вэ, эсвэл чөлөөтэй байдаг уу?

-Чанга хатуу гэхээсээ илүүтэй тусалж дэмжих нь их гэж болно. Анх удаа бизнесээ эрхэлж байгаа хүмүүст мэдээлэл хангалттай өгч, сайн тайлбарлаж, зөвлөгөө өгдөг. Мэдээлэл хангалттай өгч байгаа учир тухайн хүн яг юу хийх гэж байгаагаа сайн мэдэж, мэдэрч хийдэг гэсэн үг. Тухайлбал, компани байгуулах гээд очиход нэг эзэмшигчтэй эсвэл хоёр эзэмшигчтэй компани нь ийм давуу талтай байна. Орлогоосоо хамаараад татвар төлөлт нь өөр байдаг гэх мэтчилэн олон зүйлээр тусалж, дэмждэг.

-Америкчууд ер нь барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэдэг үү?

-Америкт үйлдвэрлэ­дэг зүйл цөөхөн байдаг. Ихэнхдээ гаднаас ялангуяа Латин Америкийн орнуудаас барилгын материалаа оруулж ирдэг. Модон материалаа Канад улсаас татдаг. Сантехник, цахилгааны төрлийн бүтээгдэхүүнийг Латин Америкийн орнууд нийлүүлдэг. Америкчууд барилгын дотоод засал чимэглэлдээ гантиг болон төрөл бүрийн чулууг нийтлэг ашигладаг. Эдгээр чулуугаа мөн л Итали, өмнөд Азийн орнуудаас авдаг.

-Гэхдээ их бага хэмжээгээр америкчууд ямар нэг зүйл үйлдвэрлэдэг үү?

-Энд ихэвчлэн жижиг тоног төхөөрөмжүүдийг угсардаг.

-Монголд барилгын материалын үнэ нэмэгдэхэд байр болон үйлчилгээний үнэ дагаад өсдөг, хэлбэлздэг. Америкийн барилгын салбарт манайтай адил ийм үзэгдэл гардаг уу?

-Америкийг эрх чөлөөний орон, хүн бүхэн хүссэн зүйлээ хийж болдог гэж ярьцгаадаг. Жинхэнэ утгаараа бол эрх чөлөөтэй оронд хэн нэгний эрх ашгийг бас хохироох ёсгүй гэдэг хатуу зарчим үйлчилдэг. Энэ нь барилгын салбарт ч хүчтэй нөлөөтэй байдаг гэж болно. Хэрэв би өнөөдөр нэг банзыг 20 ам.доллараар авдаг байсан бол маргааш 24 ам.доллар болсон байж болно. Энэ тохиолдолд үүнийг шалгуулах эрх нь хэрэглэгчдэд байна. Хэрэв үнээ үндэслэлгүйгээр нэмсэн байвал тухайн компани маш том хариуцлага хүлээдэг. Гэхдээ ийм зүйл тохиолдох нь ховор. Ер нь үнийг дураараа өсгөж тавьдаг асуудал Америкт байхгүй. Үнийн хувьд маш тогтвортой байдаг. Америкчууд ихэнх барилгын материалаа гаднаас авдаг ч үнийг тогтвортой барих төрийн бодлого нь маш сайн. Мэдээж, их гүрний хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг хэцүү. Харин манайд бол өөр гэж боддог шүү.

-Монгол хүн болсон хойно эх оронд маань ийм зүйлийг хэрэгжүүлбэл авууштай юм байна гэж олж харсан зүйл их байдаг байх. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Хүн ер нь өөртөө хамаатай, ойр байгаа салбараас л их зүйл олж хардаг. Монголд үйлдвэрлэл оруулах хэрэгтэй гэдгийг харж, мэдэрч явна. Ялангуяа гарын доорх жижиг барилын материалын үйлдвэрүүдийг Монголд оруулах хэрэгтэй. Заавал том үйлдвэр байх албагүй. Зөвхөн аймаг, сумын хэрэгцээгээ хангачихдаг. Жижиг ч гэсэн үйлдвэрээ дагаад олон хүн ажилтай болж, аж амьдрал нь дээшлэх болно. Тодорхой хэмжээний хэрэгцээгээ дотооддоо хангана гэдэг бага ч гэсэн эдийн засгийн хэмнэлт гарна. Харин манайхан нэг мөсөн том том үйлдвэр байгуулах тухай их ярьдаг. Үүнд цаг хугацаа, хүч хөдөлмөр, санхүү хөрөнгө гээд зарцуулах зүйлсийн тоо хэмжээ ихсээд явчихдаг. Тиймээс жижиг үйлдвэрүүд барих л чухал байна гэж харж байгаа.

-Монголчуудын тухайд Америкт бизнес хийх орон зай, боломж хэр их байна вэ?

-Энд чулууны үйлдвэр эрхэлдэг монголчууд их байдаг. Тэдний үйлдвэрүүд нь бараг зэргэлдээ хаалганд шахуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ бүгд л боломжийн ашиг орлоготой ажиллаж байна. Энэ юуг хэлж байна гэхээр зөвхөн Washington, Virginia, Maryland орчмын зах зээл гэхэд монголчуудад хангалттай байгааг харуулж байна. Гэхдээ нэг сурсан зүйлээ заавал нөгөөдөө зааж өгч байх хэрэгтэй гэж би найзууддаа хэлдэг юм. Бизнест өрсөлдөөн чухал. Зөвхөн хоорондоо өрсөлдөөд байвал хөгжихгүй. Шинэ өрсөлдөгч гарч ирэх боломж өгөх ёстой. Өрсөлдөж байж үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирдаг.

-Монгол руугаа явах талаар бодож байна уу. Тэнд сурсан мэдсэнээ гаргаж өөрийн гэсэн бизнестэй болох талаар төлөвлөсөн зүйл бий юу?

-Өдөр бүр энэ тухай боддог. Монголд жижиг гэлтгүй бизнес хийх боломж хэр зэрэг байгаа талаар байнга мэдээлэл авч байдаг. Анх Америкт ирэхдээ ганцаараа ирж байсан бол одоо тавуулаа болоод буцах гэж байна. Тэгэхээр дор хаяж юу хийж бүтээх тухай санаатай, тодорхой хэмжээний бэлтгэлтэй очих хэрэгтэй. Хэрэв Монголд бизнес хийх орчин хангалттай сайн болвол маргааш ч гэсэн гараад очиход бэлэн байна.

Зураг