Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Исламийн улс” дайчдаа гэрлүүлнэ

Б.Даваахүү
2014 оны 7 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Сири болон Иракийн зарим хэсгүүдэд хяналтаа тогтоосон Исламын шашинт суннитуудын хэт даврагч “Исламын улс” байгууллага “Гэрлэлт зуучлалын товчоо” байгуулж, дайчидтайгаа гэрлүүлэх охид эмэгтэйчүүдийн бүртгэлийн ажлыг эхлүүлсэн хэмээн Их Британи улсад үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага болох “Сирийн хүний эрхийн байгууллага” орон нутгийн иргэдийн ярианд тулгуурлан мэдээлжээ. 

Исламын улсын Сирийн хойд хэсэгт орших Алеппо мужийн Аль-Бабын хэрэг эрхлэх газар Исламын улсын дайчидтай гэрлэх хүсэлтэй ганц бие эмэгтэйчүүд болон нөхрөө алдсан бэлбэсэн эмэгтэйчүүдийг бүртгэж эхэлсэн аж. Гэрлэх хүсэлтэй эмэгтэйчүүдийн нэр, гэрийн хаягийг хэрвээ мэдэхгүй бол “Исламын улсын дайчид тус охид, эмэгтэйчүүдийн гэрийнх нь хаалгыг тогшиж, албан ёсоор гэрлэх санал тавих гэнэ. 

Үүнээс гадна “Исламын улс” дайчдаа бал сараа тэмдэглэхэд нь дэмжлэг үзүүлэхээр болсон бөгөөд хяналтад байдаг бүс нутгийнхаа зарим хэсгийг аялал жуулчлалын бүс болгож аяллын хөтөлбөр боловсруулж байгаа аж.

Долоо хоногт хоёр удаа хийх тус аялалд “Исламын улс”-ын хар өнгийн тугийг хатгасан автобус үйлчлэх бөгөөд Сирийн хойд этгээдийн Ракагаас Иракийн Анбар хүртэл  аялах юм байна. Аялалын турш автобусандаа Исламын ариун дайчдын дуулалыг эгшиглүүлэх ажээ. 

“Исламын улс” нь өнгөрсөн сарын сүүлээр Сири, Иракийг дамнасан газар нутгийг эзэлж, “Халифын Вант улс” байгуулан тусгаар тогтнолоо зарласан билээ.

Тус байгууллагын хяналтын бүсэд Сирийн хойд болон зүүн хэсгийн нутаг дэвсгэр, Ирак, Сирийн хилийн бүс нутаг, Иракийн хойд хэсэг болон зүүн хэсгийг зарим газар нутгууд багтана. 

Зураг