Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Тоосго үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Налайх дүүргийн иргэдээс ирсэн гомдлын дагуу тус дүүрэгт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхлэгч 22 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна.

Шалгалтыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хамтарсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явуулжээ.

Тус дүүрэгт шавар ашиглах тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгжийн  805.0 га талбай байдгаас  одоогийн байдлаар 492.3 га талбайд 21 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнхэд илэрсэн зөрчлүүд:

  • Техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч биелэлтийг тайланд тусгаагүй 
  • Биологийн нөхөн сэргээлтийг нь  хийгээгүй
  • Усны гэрээ, худаг ашиглах дүгнэлт байхгүй 
  • Үйлдвэрлэлийн технологийн зааврыг боловсруулж батлуулаагүй 
  • Бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтанд хамруулж, гэрчилгээ аваагүй
  • Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг зөрчилтэй байсан байна. 

Түүнчлэн ажлын байр болон ажилчдын ахуйн байрны эрүүл ахуйн нөхцөл маш муу дүн авчээ.  

Шалгалтаар 14 аж ахуйн нэгжид илэрсэн зөрчлүүдэд нийт 13.884.000 төгрөгийн, 1 албан тушаалтанд 400.000 төгрөгийн торгууль, нийт 14.284.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.  

Мөн зөрчил дутагдлаа арилгахыг шаардсан Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг 21 аж ахуйн нэгжид хүргүүлжээ. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүд  ухагдаж эвдэгдсэн газрын техникийн болон биологийн нөхөн  сэргээлтийг  хийж , ажилчдын амрах байрыг шинээр барьж,  засч тохижуулж эхэлжээ.