Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт хүний aлтaн амийг аварсан хоёр тохиолдол гарчээ

Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 25
Өдрийн шуудан

Хэдхэн сарын өмнө фэйсбүүк хуудсанд тавигдсан нэгэн бичлэг олныг цочроогоод байлаа.

Нэгэн залуу машинд дайруулаад замын голд хэвтэж байхад тааралдсан хүмүүсийн хэн нь ч туслахыг хүсээгүй нь монголчууд бидний хүний мөч чанар хаачсаныг эрхгүй сануулсан сан.

Гэхдээ монголчууд бүгдээрээ хувиа хичээсэн нэгэн биш бөгөөд энэ долоо хоногт хүний амь аварсан хоёр ч тохиолдол гарсан байна.

Ламын гэгээн Лувсанданзан-жанцангийн мэлмий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн хурдан морины уралдаан Баянхонгор аймгийн төв Баянхонгорт болж байгаа билээ. Энэхүү наадмыг "Тод харуулна” уриатай “ETV” телевиз Монгол эх орон даяар шууд дамжуулан үзүүлж буй юм. Энэ сарын 22-нд хэт халуун байсан тул тус телевизийн сурвалжлах багийнхан Түйн голын эрэг дээр сэрүүцээд сууж байтал ширүүн урсгалтай гол нэг хүүхэд урсч явахтай таарчээ.

Хүн бүр л сандарсан энэ үед тус телевизийн зураглаач Н.Батбаяр гол руу орж, хүүг гаргаж ирсэн байна. Эхэндээ хүүгийн зүрхний цохилт нь бараг сонсогдохгүй байж, тэнд цугларсан хүмүүсийг нэлээн сандаргасан аж. Харин хиймэл амьсгаа хийж байтал ухаан орж, улмаар сэргэжээ.

Энэ явдал болсны дараахан хүүхдийн аав ээж, түргэн тусламжийнхан голын эрэгт иржээ. Хүү таван настай бөгөөд хашаандаа тоглож байгаад гол руу явчихсан аж. Харин одоо биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарсан байна. Эрдэнэт хүний алтан амь аварсан Н.Батбаяр энэ тухай их л даруухан өгүүлнэ билээ.

Улаанбаатар хотод уржигдар хүний амь насанд аюул учирсан үйл явал болжээ. “Хүчит Чулуут” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батзаяа Гандангийн “Байгаль ордон”-ы хашаан дотор байх оффистоо байхад ийм явдал болжээ. Тэрбээр хүнд бичиг өгөхөөр гартал байгууллагынх нь үүдэн дээр нэгэн залуу хэвтэж байж. Ойрд хавьд байсан хүмүүс тэрхүү залууг согтуу хэмээн бодож, тойрч явсаар байсан байна.

Б.Батзаяа тэр хүнийг царайг хартал юм хэлэх гээд хэлж чадахгүй байгаа хүн шиг санагджээ. Энэ үед түүнд хэн нэгэн “Хүн татчихаараа юм хэлж чаддаггүй” гэж хэлж байсан нь санагдаж, дөхөж очоод лавшруулж хартал нэг гартаа утас, нөгөө гартаа иргэний үнэмлэхээ барьчихсан байж. Утсан дээрээ нэг дугаар хийчихсэн, тийш залгаж өгөхийг нүдээрээ гуйх шиг санагдсан байна. Хэвтэж буй хүнээс архи дарс огт үнэртээгүй тул согтуу биш болохыг нь мэдэж, яаралтай түргэн тусламж дууджээ.

Утсыг нь аваад залгатал нэгж байсангүй. Өөрийнхөө утсаар залгаж, тэрхүү хүний ээжтэй нь холбогдож, юу болсныг нь гэр бүлийнхэнд тайлбарлаж өгсөн байна. Сүүлд сонсох нь 35 настай, Чимгээ овогтой Хүрлээ гэх тэр залуу тал цус харвачихаад хэвтэж байсан бөгөөд жаахан хугацаа алдсан бол бүтэн харваж ч болохоор байжээ.

Хэрвээ тэрхүү залуутай сайхан сэтгэлд хүн бус ашиг хонжоо хайсан хэн нэгэн таараад утсыг нь аваад явчихсан, эсвэл хажуугаар нь зөрөх хүн бүхэн согтуу хэмээн бодож дөлсөн бол юу ч болох байсан юм билээ. Бид гудамжинд таарсан, тусламж хүссэн хэн нэгнийг хайхралгүй орхидог юм биш биз.

Зураг