Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларыг 1500 төгрөгт хүргэх БОЛОМЖ байна. ХАРИН ...

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ЯМАР БОЛОМЖ

Бид ам.долларын ханш 1800 төгрөгт хүрсэнтэйгээ эвлэрлээ. Эвлэрээд яах юм. Одоо шийдэл нь юу вэ гэх асуултууд хөврөх. 

Нэг санал байна. Долларыг сарын дотор 1500 төгрөг болгох боломж байна. Харин тэр их үнэтэй. Шуудхан хэлбэл манай ажиллах хүчний 16 хувь буюу 188 мянган хүний ажлын байрыг үгүй хийх. Ямар сонсогдож байна. 

Тодруулбал Төв банкны бодлогын хүүг 16 хувьд хүргэх. Монголбанкны бодлогын хүү 10.5 хувь байгаа. Харин үүнийг 16 хувьд хүргэвэл бид ам.долларыг 1500 төгрөгт барих боломж харагдах. 

Төв банкны хүү хөдөлснөөр түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орохоор хүлээгддэг гэдгийг бид бүгд мэднэ.

Өөрөөр хэлбэл бид арилжааны банкны зээлийн хүүг огцом өсгөж эдийн засгийг хумиснаар төгрөгийг чангалж болно. 

Харин эцсийн гаргалгаа нь хувийн хэвшилд ажиллаж байгаа 188 мянган хүний ажлын байрыг булааж болж байна. 188 мянга гэдэг тоог хаанаас гаргаад ирэв гэж та гайхаж магад. 

Нэг түүх бий. 2009 оны эхээр дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол улсын эдийн засагт шууд нөлөөлж, инфляцийн түвшин жилийн 34 хувьд хүрч байснаас шалтгаалан Монголбанк 2009 оны гуравдугаар сард бодлогын хүүг 14 хувь хүртэл нэмэгдүүлж байсныг санаж байгаа биз дээ. Үүний гороор 77 мянган ажлын байр үгүй болж байсныг мартах ёсгүй.  

Бодлогын хүү:

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн огноо Бодлогын хүү
2013.06.24 10.5
2013.04.05 11.5
2013.03.13 12.5
2013.01.25 12.5
2012.04.17 13.25
2012.03.19 12.75
2011.10.25 12.25
2011.08.29 11.75
2011.04.28 11.5
2010.05.12 11
2009.09.30 10
2009.06.12 11.5
2009.05.12 12.75
2009.03.11 14
2008.11.19 9.75
2008.11.13 10.25
2008.09.10 10.25
2008.03.19 9.75
2007.11.21 8.4
2007.10.17 7.4
2007.07.09 6.4

Тэгэхээр төв банкны бодлогын хүү эдийн засагт ийм хэмжээний нөлөөлөл үзүүлэх хүчтэй. 

Өөрөөр хэлбэл бид Монгол улсын нийт ажиллах хүч 1,1 сая гэж үзвэл 188 мянга буюу 16 хувийг нь ажилгүй болгож долларыг 1500 төгрөгт барьж болно. 

ЯАГААД БИД ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН БЭ?

Чухам яагаад бид ийм хатуу сонголтын өмнө ирэх болов. Үүний учир шалтгааныг ЭНД дарж уншина уу. 

Та бүхэнд хоёрхон тоо сануулъя. 2013 оны нэгдүгээр сард Монгол улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байв. Харин 2014 оны нэгдүгээр сард буюу нэг жилийн дараа манай валютын нөөц -40.1 хувь буюу 2,4 тэрбум ам.доллар болж буусан. 

Үүний учир шалтгааныг хангалттай ярьсан. Өмнөх Засгийн газрын балаг. Одоогийн УИХ, ЗГ-ын хойрго байдал. 

Одоо бидэнд ямар сонголт байна вэ. Эдийн засгийг жамаар эсвэл механик аргаар өөрчлөх гэсэн ердөө хоёр сонголт. 

- Нэгт, ам.долларын бодит ханшийг 1800 төгрөг дээр нь барингаа эдийн засгийн нөхцлүүдээ сайжруулах. Энэ тохиодолд бид ажлын байраа одоо байгаа хэмжээнд нь барьж импортын хэрэглээгээ 30 хувь торгуулах (одоогийн үүсээд байгаа нөхцөл). 

- Хоёр дахь сонголт нь дээр хэлсэнчлэн бодлогын хүүг 16 хувь хүртэл өсгөж ажлын байраа 16 хувь торгож үлдсэн 84 хувь нь боломжийн нөхцөлд амьдрах. Гэхдээ бид энэ тохиолдолд одоо үүсээд байгаа эерэг өөрчлөлтүүдээ мартагнах л хэрэгтэй болох байх. Дээрээс нь 188 мянган иргэний цаана хэдэн хүний амьдрал байгааг ТА төсөөлж чадах байх. Учир нь бодлогын хүү 16 хувьд хүрвэл арилжааны зээлийн хүү хаданд гарч бизнесүүд "зогсоно". 

ЭЕРЭГ ТӨСӨӨЛӨЛ БА НЭГ ДЭХ ХУВИЛБАР

Дээр дурдсан хоёр санал хоёулаа хэцүү. Тэгвэл бид яах ёстой вэ.

Хамгийн эерэг үр дүнтэй байх нөхцөл нэг дэх хувилбар буюу ам.долларын ханшаа өөрийнх нь жамаар үлдээж валютын орох урсгалаа нэмэх. 

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр үдээс хойш баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд хайгуулын лицензийг зогсоох шийдвэрийг цуцлах гэх мэт агуулга дагалдах хуулиар өргөн баригдсан. Энэ мэт шинэ хөрөнгө оруулалтыг татах арга нь валютын орох урсгалыг дунджаар 500 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх өгөөжтэй гэж эдийн засагчид онцлоод буй.  

Мөн алт, ноолуур зэрэг долларын урсгалыг 300-400 сая ам.доллараар нэмэгдүүлэх хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлсэн байгаа билээ. 
Олон тоо ярилгүй танд нэг дэх, хоёр дахь хувилбарын сонголтыг үлдээж байна. 188 мянган ажлын байрны нэг нь ТА ч байх юм билүү. 

Бодоод үзээрэй. 

Танд бас өөр хувилбар байхыг үгүйсгэхгүй ...

Bolortuya@ikon.mn