Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

"БЭТЭГТЭЙГЭЭ" ЭВЛЭР!

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 8
iKon.MN

НЭГ АМ.ДОЛЛАР = 1800.05 ТӨГРӨГ

Ам.долларын албан ханш АЛБАН ЁСООР 1800 төгрөг давлаа. Монголбанкны өчигдрийн зарласан ханш 1800.05 байсан нь долларын ханш улстөрчдийн яриад байгаа 1800 гэдэг тоонд албан ёсоор хүрсэн нь энэ бөгөөд бид түүхэндээ нэгэн шинэ үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлж байгааг юуны түрүүнд хэлье.

СЭТГҮҮЛЧ МИНИЙ ӨӨРТЭЙГЭЭ ХИЙСЭН ТОВЧ ЯРИА:

- Нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал буруутай юу. Эсвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг буруутай юу?
- ҮГҮЙ. Бид бүгдээрээ буруутай. 

- Яагаад?
- Яагаад гэвэл долларын ханшийг ӨСГӨӨД 1800 төгрөгт хүргэчихсэн зүйл биш. Өнөөдрийн бидний байж байгаа бодит дүр төрх юм. Бид өөрсдийн бодит төрхөө гадаадын хөрөнгө оруулалт нэрээр далдалж ирсэн нь ийнхүү ил тод боллоо.

- Тэгвэл бид өнөөдөр ҮЙЛДВЭРЛЭГЧ улс мөн үү, бид БАЯЛАГ бүтээгч орон мөн үү, бид ГАДААДЫН ХӨРӨНГӨ оруулалтыг татагч орон мөн үү?
- ҮГҮЙ. 

- Тэгвэл Монгол төгрөг ингэж шалдаа буух нь зөв юм байна. Тийм үү?
- ЧИ МАШ ЗӨВ ОЙЛГОЖЭЭ. 

БИДЭНД ОЙ САНАМЖ БАЙХ ЁСТОЙ

“Ам.долларын ханш 1800 төгрөгт хүрлээ. Юу болж байна аа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал огцор” гэж хэлэх УИХ-ын эрхэм гишүүний үгийг сонсоод дотор минь муухайрлаа. Эдийн засгийн энгийн ухагдахууныг ойлгодоггүй УИХ-ын гишүүнтэй гэж бодохоор шүү дээ. 

Бидэнд ой санамж гэж зүйл байх ёстой. 200, 300 жилийн өмнөхийг би яриагүй юм шүү. Ердөө хоёр, гурван жилийн өмнөх түүх, эдийн засгийн хэдхэн тоогоо мэдчих хэрэгтэй л дээ, энэ УИХ-ын гишүүд. 

Тоо хэлж өгье. 2013 онд Эдийн засгаас – 6.1 их наяд төгрөг буюу дөрвөн тэрбум ам.доллар дутагдсан. 

Өмнө нь бий болсон энэ мөнгө яагаад манай эдийн засгаас суга алга болсон бэ.

Задалж харвал, 2013 онд:

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт –$2.4 тэрбум, 
  • Экспортын орлого –$0.8 тэрбум, 
  • Экспортын орлого барьцаалсан урьдчилгаа зээл –$0.8 тэрбум ам.доллар дутсан. 

Хэрвээ дээрх 6,1 их наяд төгрөгийн дутагдалтайгаа бид өнөөдөр сууж байсан бол магадгүй ам.доллар 3600 төгрөг болох байсан биз. Зөв үү. 

6,1 их наяд төгрөгийг нөхөхийн тулд бодит секторт бэлэн мөнгө нийлүүлж, мөнгөний нийлүүлэлтийн дутагдлын 49 хувийг л нөхөж чадсан. Тодруулж хэлбэл, гурван их наяд төгрөг зорилтот зах зээл руу “цутгаж” байж өнөөдөр бид өдий зэрэгтэй байх аж. 

Тодруулбал:

  •  Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх: +₮0.7 их наяд
  •  Банкуудад хугацаатай хадгаламж байршуулах: +₮0.9 их наяд     
  •  ОС-ны барилгын нийлүүлэлтийг дэмжих: +₮0.4 их наяд
  •  ОС-ны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх:+₮1.0 их наяд

Үүн дээр нэмээд Хөгжлийн банкнаас 1.2 их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн байна.  

Хэрэв 2013 онд валютын орох урсгал $2 тэрбумаар илүү байсан бол ДНБ-ий бодит өсөлт 13-14%, инфляци 8-9%, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш харьцангуй тогтвортой байх боломжтой байсан талаар эдийн засагчид онцолж байна. 

Бидэнд яагаад ой санамж хэрэгтэй вэ. Хэрвээ бид 2009-2012 онуудад орж ирж байсан тэр мөнгийг зөв зүйлд зарцуулсан бол өдийд ийм байдалд хүрэх байсан уу. 

Бид 2009-2012 онуудад ямар БАЯН байсан бэ. Нэг л график харуулъя.

Тоо баримтын эх сурвалж: ҮСХ, Монголбанк

 
Хэрвээ бид 2009 -2012 онд буюу гадаадын хөрөнгө оруулалт мөн экспортын орлого өсөн нэмэгдэж байх энэ үед ЭДИЙН ЗАСГИЙН ОНОВЧтой арга хэмжээнүүд авч байсан бол өдийд ам.доллар чинь 1800 төгрөгт хүрэх байсан уу.

Улсаараа ашигт малтмалаа барьцаалж байгаад л сар болгон бэлэн мөнгөөр угжуулаад л дууссан.  

2010 онд 324 тэрбум, 2011 онд 702,5 тэрбум, 2012 онд 358.4 тэрбум төгрөг бид бэлнээр тоолоод бүх ард түмэнд тараагаад идэж, уугаад дууссан. Харин үүний оронд өнөөдөр тэр хийх гээд ядаад байгаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих болон ипотекийн зээлийг гаргаж байсан бол хүчээр 1300 төгрөг дээр барьж байсан ам.доллар чинь өөрөө жамаараа 1300-1500 тогтох байсан биз. 

Дахиад нэг график:

Тоо баримтын эх сурвалж: ҮСХ, Монголбанк

 
ЭДИЙН ЗАСГИЙГ ЯНАГЛАН ХОРЛОГЧ НЬ ХЭН ЮМ БЭ?

2009- 2012 онуудад ард түмэндээ хайртай юм шиг баахан бэлэн мөнгө тараачихаад хорлоод алга болсон нөхдүүд хэн юм бэ. Тэдэнд яагаад алсын хараа байсангүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. 

С.Баяр гэж хүн бий. 2007-2009 онуудад Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Мөнгө тараах гол ажлыг хийсэн ХҮН. Харин түүний дараа С.Батболд залгамжилж гарч ирсэн. Тэрбээр С.Баярын бодлогыг үргэлжлүүлсэн. Бүр үргэлжлүүлэх үргэлжлүүлэхдээ гаднаас буюу Хятадад нүүрсээ зарах нэрийдлээр урьдчилгаа 350 сая ам.доллар аваад ард түмэндээ баяртай нь аргагүй тарааж өгсөн. 

Аливаад хариуцлага байх ёстой гэж нэг хүн аягүй гоё ярьдаг байсан. “Би бүх хариуцлагыг хүлээнэ” гээд л хэлэх дуртай Ерөнхий сайдтай бид байж үзсэн. Харин хариуцлага хүлээхгүй гадаад яваад жаргаад хэвтчихдэг гэдгийг л харлаа даа. БИД МАРТАХ ЁСГҮЙ ШҮҮ. 

Тэгэхээр буруутан нь МАН-ын хоёр лидер байж. Тийм үү. 

Харин АН энэ намаг, балчгаас хуурай гарна гэж саналтгүй. Тэд ч бас энэ бэлэн мөнгө тараах ажилд нь хамжиж, дэмжээд л явж байсан. Засгийн газрын Тэргүүн Шадад сайд нь Н.Алтанхуяг гээд л нэг хүн сууж байсан ш дээ. Юугаа ч хардаг, сонсдог байсан юм, мэдэхгүй. 

СОРИЛТ БА ГАРЦ

ДАХИАД ӨӨРТЭЙГӨӨ ЯРЬСАН НЬ:

- Одоо тэгээд яах юм бэ. Ам.доллар 3000 төгрөгтэй тэнцэхийг хараад сууж байх уу?
- Өөрсдөө баялаг бүтээ. Гадаадын хөрөнгө оруулалтаа идэвхтэй тат.

- Экспортоо тэтгэх хэмжээний үйлдвэрлэл босгоно гэж хэцүү. Нөхцөл байдал их муу байгаа юм байна. Тийм үү?
- Бүх зүйл муудаагүй. Эдийн засаг жаахан ч гэсэн эрүүлжиж, Монгол төгрөг байх ёстой газраа очлоо. 2014 оны эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл -9.1 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 97.7 хувиар буюу 386.8 сая ам.доллараар буурчээ. Энэ нь экспорт 22.0 хувиар өссөн, импорт 17.3 хувиар буурсантай холбоотой. Бид хэрэглээгээ танаж байна. Өөрөөр хэлбэл энэ хямрал чинь бидэнд ТОМ СОРИЛТ БАС ГАРЦ олгож байгааг ойлгож байна уу. 

- Сорилт гэдэг нь?
- Ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.6 нэгж хувиар өсч нийт экспортын 93 хувийг бүрдүүлж байна.  Харин энэ ашигт малтмалаа бид шуудайлаад л түүхийгээр эх орондоо нэмүү өртөг үлдээхгүй зөөгөөд байна. Үүнийг бид олон жил ярьсан даа. Яг одоо байгаагаараа эдийн засгаа тэтгэх боломжгүй болж байна аа л гэсэн үг. Тэгэхээр дотоодын давуу талаа ашиглаж эх орондоо баялаг, нэмүү өртөг бий болго. 

Улстөрийн увайгүй байдал төгрөг шалдаа буухад нөлөөлж байгаа гэдгийг ойлгож байгаа махан толгой цаад УИХ-д чинь байна уу даа.

- Гарц гэдэг нь?
- 888 төсөл гээд яриад л байна л даа. Мөн "Оюу Толгой", "Тавантолгой" гэсэн томоохон орд газруудын асуудлаа шийд. 

- Энэ чинь хэзээ ажил болж үр дүнгээ өгөх юм бэ?
- Санаа нь зөв ч Монголын төр хэтэрхий УДААН БАС ХОЙРГО юм. Эдийн засгийг идэвхжүүлэх 23 санал өнөөдөр УИХ-аар батлагдах байх. Үүнд ихэнх санаа базагдсан. Харин бодит ажил болж чадах уу. Хэцүү л байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд энэ эдийн засаг ярихдаа бид ам.долларын ханш тэд болчихлоо гэж орилсоор байгаад л 1800-д хүргэчихлээ. Улстөрийн увайгүй байдал төгрөг шалдаа буухад нөлөөлж байгаа гэдгийг ойлгож байгаа махан толгой цаад УИХ-д чинь байна уу даа. Мэдэхгүй. 

- Чи улстөрчдийг МАХАН толгой гэж болж байгаа юм уу?
- "Хэрэв УИХ-ын гишүүд өөрсдийнх нь толгой модоор хийгдсэн болохыг нотолвол чи хэрэгт орно" гэж нэг багш маань хэлсэн. 

- Улстөрийн увайгүй үйлдэл гэж юуг хэлж байна вэ?
- Эдийн засгийн асуудал ярихдаа ам.доллар 1800 төгрөг болчихлоо л гээд байхаас биш үүнээс гарах арга замаа ярьж байгаа нь ховор байгааг ажигласан уу. Хүүхэд өвдөөд халуураад халуун нь 38' хүрчихлээ л гээд байхаас биш шалтгааныг зөв олж тогтоогоод яаж эмчлэх тухайгаа мэдэж байгаа хүн ховор байгаа нь харагдлаа. Эсвэл мэддэг мөртлөө албаар улстөр хийгээд эдийн засгаа улам "алаад" байна. 

- Бидэнд өөр ямар сонголт байна вэ?
- Санхүүгийн болон макро тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангахын тулд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн дутагдлыг гадаад цэвэр активын өсөлтөөр нөхөх буюу гадаад валютын урсгалыг эрс сайжруулах хэрэгтэй. АМ.ДОЛЛАР хэрэгтэй гэсэн үг. 

- Ам.доллар олж чадахгүй бол яах вэ?
- Тэгвэл макро тогтвортой байдлыг хангахын тулд эдийн засгийн бодит өсөлт “золиослогдох” хэрэгтэй болно. Нэг тийм үг байдаг даа. “Тогтвортой байдал бол бүх зүйлийн шийдэл нь биш. Гэхдээ тогтвортой байдал үгүй бол бүх зүйл оргүй хоосон лугаа адил...” гэж Германы Сангийн сайд асан Карл Шиллер хэлсэн байдаг. 

Хэрвээ чи хөрөнгө оруулагч бол яг өнөөдөр Монголын улстөрд өрнөж байгаа үйл явдал буюу одоогийн Засгийн газар нь тогтвортой байх эсэх нь шийдэгдээгүй байгаа энэ үед хөрөнгө хийх үү?

- Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу?
- Хэрвээ чи хөрөнгө оруулагч бол яг өнөөдөр Монголын улстөрд өрнөж байгаа үйл явдал буюу одоогийн Засгийн газар нь тогтвортой байх эсэх нь шийдэгдээгүй байгаа энэ үед хөрөнгө хийх үү. Энэ чинь мөнгө шүү дээ. 

Ам.доллар цаашаа өсөөд л байх уу?
- Мэдэхгүй. Ямар ч байсан албан ханшаар 1800 ТӨГРӨГ НЭГ АМ.ДОЛЛАРТАЙ тэнцсэн түүхэн үйл явдлын гэрч бид боллоо. Баяр хүргэе. Энд албан ханшийн тухай ярьж байгаа шүү. Хар зах дээр бол 1800 хүрээд удаж байгааг ТА Ч, БИ Ч мэдэж байгаа. 

- Ам.доллар бий болгоно гэж ёстой шүдний өвчин юм даа. 
- Шүдний өвчин биш ээ. Энэ чинь БЭТЭГ.  Газар доорх баялгаа ядаж угаагаад ч өгч чадахгүй. Зүгээр л байгаа ашигт малтмалаа шууд л аваачаад гадныханд өгчихнө. Өөрсдөө ногоогоо ч тариад идчихэж чадахгүй. Тэгээд гаднаас мөнгө зээлээд ард түмэндээ бэлнээр тараагаад өгчихнө. Бүх зүйлээ гадаадаас худалдан авч, идэж, өмсдөг ард түмний бэтэг л гэх юм уу даа.