Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг 10.5 хувьд барих шийдвэр гарлаа

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцууллаа, 2014.2.11

- 2014 оны эхний улирлын Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр -

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-10-ны хооронд хуралдсан талаар бид мэдээлсэн. Тус зөвлөл жилд дөрвөн удаа хуралдах бөгөөд 2014 оны эхний улирлын хуралдаанаа хийж мөнгөний бодлогыг тодорхойлсон гэсэн үг юм. 

Энэ тухай Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа "Мөнгөний бодлогын зөвлөлөөс хоёр гол шийдвэр гарсан. Нэгдүгээрт бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээлээ. Хоёрдугаарт, Олон улсын зах зээл дээрээс гурав болон түүнээс дээш хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргалаа" гэв. 

Өнөөдөр ам.долларын албан ханш 1741.45 төгрөгтэй тэнцэж байна. Тасралтгүй өсч байгаа ам.долларын ханшийг сулруулахын тулд Монголбанк ийнхүү өөр арга хэмжээнүүд авч эхэллээ. Өөр гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 50 хувь буурсан. Харин энэхүү хөрөнгө оруулалтын орчноос үл хамаарч Монголбанк ийм арга хэмжээ авч эхэлсэн бололтой. 

Ханшийн график:

Н.Золжаргал "Валютын урсгал гэдэг нэг л өдөр урсаад ороод ирдэг зүйл биш. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээхийн тулд УИХ, Засгийн газар олон арга хэмжээ авч байна"

Энэ талаар Н.Золжаргал Ерөнхийлөгчөөс тодруулахад "Валютын урсгал гэдэг нэг л өдөр урсаад ороод ирдэг зүйл биш.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээхийн тулд УИХ, Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Томоохон хөрөнгө оруулалтын төслүүд ч он дамжин хэлэлцэгдэж байна. Бидний гаргасан шийдвэр зөвхөн өнөөдрөө хараагүй. Дунд хугацааны үр ашигтай арга хэмжээ" гэлээ. 

Олон улсын зах зээл дээрээс гурав болон түүнээс дээш хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргасанаар арилжааны банкуудад хүлээгдэж байгаа гэрээ, хэлэлцээрүүдийн талаарх мэдээллүүдийн талаар асуухад "Яг нарийн өгөх мэдээлэл алга. Сонсогдож байгаа зүйлүүд бол бий" гэж ноён Н.Золжаргал хариулав. 

М.Болд "Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээсэн нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдал хэвийн гэсэн томоохон дохиог өгсөн шийдвэр боллоо"

"Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээсэн нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдал хэвийн гэсэн томоохон дохиог өгсөн шийдвэр боллоо" гэж Мөнгөний бодлогын зөвлөлийн шинэ гишүүн, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд хэллээ. 

Бодлогын хүүг бууруулах боломж байсан уу гэсэн сэтгүүлчийн асуултанд ноён Н.Золжаргал "Бид одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай тааруулан энэ бодлогыг гаргаж байна.

Гэхдээ 2014 оны хоёрдугаар хагаст эдийн засаг илүү эерэг хүлээлттэй байна.

Тиймээс бодлогын хүүг бууруулах боломж урд байна гэж харж байгаа. Бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өнгөрсөн оны мөн сард инфляци 1,8 хувьтай байсан бол одоо 1,7 буюу 0,1 пункетээр буугаад байна.

Тэгэхээр эдийн засгийн эерэг хүлээлт байна гэсэн үг" гэлээ. 

Мөнгөний бодлогын зөвлөлд бизнесийн байгууллагын төлөөллөөс хоёр хүн шинээр оруулсан нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн илэрхийлэл гэж зөвлөлийн гишүүд үзэж байна.

Зөвлөлд шинээр Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзориг нарын төлөөллийг шинээр оруулаад байгаа билээ.