Уншиж байна ...

Л.Алтанцогт: ЭМЯ-наас ярихаар нь Хүний эмийн зөвлөлийн гишүүн болсноо мэдсэн. Хүмүүс намайг "Монос Улаанбаатар"-ын захирал гэж танина

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"Хүний Эмийн Зөвлөл/ХЭЗ/, түүний салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилоход гишүүдэд тавигдах шалгуур, бүрэлдэхүүний тоо, улиран томилогдох, чөлөөлөх, хязгаарлалт, хориглолтыг нарийвчлан зохицуулалтгүй" хэмээн ШИНЖЭЭЧ танилцуулсан. 

Мөн тэрбээр "2018-2023 онд Хүний эмийн зөвлөлийн 78 хурал явагдсан байна. Энэ хугацаанд ажилласан нийт 44 гишүүдийн мэдээллийг нэг бүрчлэн шалгаж үзсэн. Нотлох баримтын хувьд хурлын тэмдэглэлүүд дутуу байсан. 

Тодруулах боломжтой материалд дүн шинжилгээ хийхэд "Монос Улаанбаатар" ХХК-ийн захирал Л.Алтанцогт нь ажиллаж байх хугацаандаа өөрийн нэгдмэл сонирхолтой Л.Хүрэлбаатарын "Монос фарм" компанийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон гэх зөрчил гарч ирсэн.

Л.Алтанцогт нь 2007 оноос хойш "Монос Улаанбаатар" ХХК-ийн захирлаар ажилласан. Тус компанийн 68 хувийг Л.Хүрэлбаатар эзэмшдэг" хэмээн шинжээч танилцууллаа. 

Үүний дараа хянан шалгах Түр хорооны дарга Ж.Чинбүрэн "Л.Алтанцогт та ашиг сонирхол, зөрчлийн мэдүүлгийг бөглөхдөө тухайн компанийнхаа бүтээгдэхүүнийг бүртгэлд оруулахад оролцсон уу" хэмээн асуув. 

"Монос Улаанбаатар" ХХК-ийн захирал Л.Алтанцогт тус асуудлын талаар "Хүний эмийн зөвлөлд би томилогдож, хоёр жил гаруй ажилласан. Эрүүл мэндийн яамнаас яриад Хүний эмийн зөвлөлд томилогдсон байна, хуралд ирнэ үү гэхээр нь тус зөвлөлийн гишүүн болсон гэдгээ мэддэг. Ярихаа болихоор нь намайг хасагдсанаа мэддэг. 

Ямар нэгэн хүсэлт, саналаар томилогддоггүй. Эрүүл мэндийн яамнаас томилогддог гэж би ойлгосон. 15 хүн томилогдоход салбар салбарын хүмүүс байдаг. Би эмзүйч мэргэжилтэй, салбараа төлөөлж томилогдсон хэмээн ойлгож явдаг. 

Би хурал тасалж байгаагүй. Намайг хүмүүс "Монос Улаанбаатар"-ын захирал гэдгийг мэддэг. Би ч үүнийгээ бичээд, ашиг сонирхол, зөрчлийн мэдүүлгээ бөглөөд хуралдаа ордог. 

Хэлэлцэх асуудлыг хурал болох өдөр өгдөг. Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг бөглөж байх үед хурлаар хэлэлцэх асуудлыг мэддэггүй. "Монос фарм"-ын бараа хурлаар хэлэлцэгдэх эсэхийг мэдэхгүй ордог. "Монос"-той холбоотой юм гарвал би саналаа өгч байгаагүй" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1117671796109707