Уншиж байна ...

Оросын олимпын холбооны тэргүүн Парисын наадамд оролцох тамирчдаа “Гадаадын агентуудын баг” гэж нэрлэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Оросын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн Станислав Поздняков

Ирэх зун Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдах Зуны Олимпын наадмыг тойрсон маргаан Оросын эрх баригчид, тамирчдын дунд эрчимжиж байна.

Гуравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Швейцарын Лозанн хотод болсон Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Орос, Беларусийн тамирчдыг нээлтийн арга хэмжээний жагсаалд оролцуулахгүй, медаль авсан орнуудын албан ёсны жагсаалтаас хасах шийдвэр гаргасан юм.

2023 оны аравдугаар сарын 12-нд Украины эзлэгдсэн нутаг болох Донецк, Луганск, Запорожье, Херсоны салбар хороодыг өөртөө нэгтгэсэн Оросын үндэсний олимпын хорооны гишүүнчлэлийг ОУОХ цуцалж байв.

Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд Оросын тамирчид Парисын олимпын наадамд улсынхаа нэр, далбаан дор бус, төвийг сахисан статустай оролцох болоод байгаа.

Үүнтэй холбоотойгоор Парисын наадамд Оросын тамирчид оролцох нь зөв эсэх асуудал ид яригдаж байна.

Саяхан Оросын газрын теннисийн спортын тамирчид Парисын наадмыг алгасах бодолгүй байгаагаа илэрхийлцгээсэн юм.

Тухайлбал Оросын теннисийн шилдэг тамирчин Даниил Медведев боломж олдвол Парисын наадамд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Хэрвээ надад боломж олдвол би олимпын наадамд дуртайяа оролцоно. Би хамгийн шилдэг тоглолтоо үзүүлж, ялахыг хичээх болно. Энэ бол миний хувьд маш чухал” гэж тэр хэлсэн юм.

Дэлхийн чансаагаар зургаадугаарт бичигддэг Андрей Рублев, эмэгтэйчүүдийн чансааны 15 дугаарт бичигддэг Екатерина Александрова нар бас оролцох сонирхлоо илэрхийлцгээжээ.

“Дөрвөн жилд ганцхан олддог боломж тул олимпын наадамд оролцох нь миний хувьд маш том үйл явдал юм” гэж Александрова энэ долоо хоногийн эхээр Спорт-Экспресс сонинд ярьжээ.

Рублев өнгөрсөн долоо хоногт Оросын нэг хэвлэлд ярихдаа “Хэрвээ бүх тохироо бүрдвэл энэ нь бурхны хүсэл гэсэн үг. Хэрвээ миний бэлтгэл сайн байвал Парис явах нь эргэлзээгүй” гэсэн юм.

Гэвч теннисчдийн энэ байр суурь Оросын эрх баригчдад таалагдахгүй байна.

Оросын Ритмт Гимнастикийн Холбооны ерөнхийлөгч Ирина Винер саяхан хэвлэлд ярихдаа Парисын олимпын наадамд оролцох бүх тамирчдаа “орон гэргүй хүмүүсийн баг” гэж шүүмжлэн нэрлэсэн юм.

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Оросын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Станислав Поздняков энэ шүүмжлэлийг бүр гүнзгийрүүлсэн байна.

“Төвийг сахисан статустай Олимпын наадамд оролцох асуудлаар Ирина Винер болон теннисчдийн хооронд маргаан сошиал ертөнцөд өрнөж байна. Би Иринатай бүрэн санал нийлж байгаагаа илэрхийлмээр байна. Теннисчдийг орон гэргүйчүүдийн баг гэж нэрлэсэнтэй би ганцхан зүйл дээр санал нийлэхгүй. Ихэнх цагийг гадаадад өнгөрөөж, өөрсдийнхөө олох мөнгөний төлөө тоглонгоо улс орныхоо бодлого, цэргийн тусгай ажиллагааг шүүмжилж байдаг тэднийг гадаадын агентуудын баг гэж нэрлэх нь зөв. Гэхдээ энэ нь тэднийг олимпын наадамд оролцоход ямар ч саад болохгүй“ гэж Поздняков өөрийн Телеграм хуудсанд бичжээ.

Үнэхээр ОУОХ-ы ерөнхийлөгч Томас Бах өмнө нь ярихдаа Оросын тамирчид Парисын олимпын наадамд оролцох эсэх нь Оросын Үндэсний Олимпын Хорооноос хамааралгүй шийдэгдэх асуудал гэж мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС