Дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох зорилготой "Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт" төслийн Монгол дахь нээлт өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо.
Энэхүү төслийг МҮХАҮТ болон ӨМӨЗО-ы Баяннуур хотын төлөөлөгчийн газар хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн эхэнд гарах ёстой зах зээл нь Өвөрмонголын зах зээл гэдгийг нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ тодотгохын хамт "Хамгийн ойр байгаа зах зээл дээрээ бид бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж байж цаашлаад олон улсад гарах үүд нээгдэнэ" гэлээ.
Төслийн хүрээнд Монголын бараа бүтээгдэхүүнийг Хө тао цахим худалдааны платформоор дамжуулан худалдаалах аж. Уг платформд одоогийн байдлаар нийт 300 гаруй цахим худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна.
2015 онд нийт 80,000 тоо ширхэг захиалга аван 36,000,000 юанийн борлуулалт хийж байсан уг платформ нь 2017 онд нийт 3,000,000 тоо ширхэг захиалга авснаар 500,000,000 юанийн борлуулапт хийсэн үзүүлэлттэй байна.
"Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт" төслийн удирдагч Д.Ариунжаргал "Оролцогчдод тодорхой хэмжээнд шаардлага тавих ч аль болох олон байгууллагыг хамруулахын тулд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана. Эхний ээлжид ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын арьсан эдлэлийг экспортлохоор төлөвлөж байгаа" хэмээлээ.
Төсөлд хамрагдах процесс:
"Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт" төсөлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл авахыг хүсвэл МҮХАҮТ-ын 204 тоотод очих болон info@meito.mn цахим хаягаар холбогдох боломжтой.