Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл: Зуухнаас гарах утааг 80 хувиар бууруулахад жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэнэ

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин ихсэж, агаарын бохирдолтод илүү өртсөн эхээс төрсөн ургийн хэмжээ 80 граммаар бага байдаг" хэмээн тус чуулганд оролцох үеэрээ тодотгосон юм.

Мөн сүүлийн жилүүдэд нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл тэргүүлж байгааг салбарын сайд тоон мэдээллээр чуулганд оролцогчдод “илтгэсэн”.

Цаашлаад тэрбээр "Мэдээж агаарын бохирдол ганц Монголд тохиолдоод байгаа гамшиг биш. Дэлхийд жилдээ 3.7 сая хүн нас барж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан мэдээллэдэг.

Агаарын бохирдол, цаг уурын хүчин зүйлтэй хавсран амьсгалын замын өвчлөлд 52.9 хувиар, зүрх судасны өвчлөлийн 20 хувьд нөлөөлж байгаа. Монголд зуухнаас гарах утааны хэмжээг 80 хувиар бууруулахад агаар дахь РМ 2.5-ын агууламж 48 хувиар буурч, жилдээ 66 сая ам.долларын эрүүл мэндийн зардлыг хэмнэх боломжтой" гэдгийг чуулганд оролцогчдод хэлсэн юм.

нийслэлийн иргэдийг 100 хувь эрчим хүчээр хангаад агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй
 
Гэрэл зургийг mpa.mn

Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Монгол гэрийн дулаан алдагдал 70 хувь байдгийг олон улсын судлаачид тогтоосон. Иймээс дулаан алдагдлыг бууруулах тэргүүн зорилт тавьж ажилласан он жилүүд Монголд бий. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн сүүлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь цахилгааны хөнгөлөлт.

Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хийсэн судалгаагаар нэмэлт дулаалга байхгүй Монгол гэрийг цахилгаанаар халаахад 4.0 кВт, харин 8х8 хэмжээтэй ердийн байшинг цахилгаанаар халаахад 9.0 кВт хэрэглээ үүсэхээр байна" хэмээн онцлов.

Гэхдээ нийслэлийн иргэдийг 100 хувь эрчим хүчээр хангаад агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй. Иймээс шөнийн тарифыг хөнгөвчлөх арга нь зөв ч өдөр нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байдлаар хослуулж шийдвэл агаарын бохирдлоос ангижрах боломжтой гэдгийг салбарын сайд онцоллоо.