Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Аврагчид осол болсон газар очиход хүний ул мөр олдоогүй аж

Б.Ану
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

08:59 2017/10/23

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон талаар мэдээлсэн билээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой Байдлын Газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн. 

Тэгвэл яг одоо Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан албаны хүмүүс цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийж байгааг бид дамжуулж байна. 

Тус мэдээллээр:

МИ-171 нисдэг тэргээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд нисдэг тэрэг өчигдөр 22:10 цагт Баянхонгор аймагт бууж осол болсон газар очиход хүний ул мөр байхгүй байсан байна. Тухайн газарт их хэмжээний цас нурсан, ууланд авирагчид оргилоос 50 метрийн зайд бууж явахад цас нуран сураггүй болжээ.

Алга болсон 17 хүний 7 нь эмэгтэй, 10 нь эрэгтэй хүмүүс гэв. Мөн тэдний дунд нэг гэр бүлийн 4 хүн хамт явж байгаа талаар мэдээллээ. 

Албаны хүмүүсийн хэлж буйгаар эрэн хайх, аврах ажиллагаанд нэмэлт хүч шаардлагатай байгаа аж.  Тухайн газар орчим өдөртөө 7-8, шөнөдөө 12-18 градусын хүйтэн байна. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат авирагчдыг ууланд гарахаас өмнө саатуулж хонуулсан ч зөвшөөрөлгүйгээр өөрсдөө авиралт хийсэн талаар нэмж хэллээ.  Тодруулбал, 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ. 

 Цасан нурангийн үеэр аврах ажиллагаа зохион байгуулж байсан туршлага байхгүй бөгөөд цас их хэмжээгээр нурсан учраас эрэн хайх ажиллагаанд мэргэжлийн уулчдын тусламжийг авч байна гэж  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал  нэмж хэлэв.

Авирагчдын ар гэрийнхэн өчигдөр Завхан руу гарсан байна.  Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,008 метрийн өндөртэй.