Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Наполеоны амьсгал хураасан арал гадаад ертөнцтэй агаараар холбогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайн өмнөд хэсэгт Британий газар нутагт тооцогддог Гэгээн Еленагийн арал оршдог. Нийслэл Жэймстаунд нь 600 хүн суудаг энэ арал Францын эзэн хаан агсан Наполеон Бонапартын амьдралын сүүлийн өдрүүдээ өнгөрүүлсэн газар гэдгээрээ олонд танил юм.

Аралд нийт 4,500 хүн оршин суудаг ба Африкийн эргээс 2,000 орчим километр алслагдсан. Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт энэ аралд анх удаагаа иргэний агаарын тээврийн онгоц газарджээ.

Дөнгөж 18 сарын өмнө гар утас, интернэттэй болсон арлынханд энэ үйл явдал нь дэлхийтэй хөл нийлүүлэх том алхам юм.

 

Үүнээс өмнө Өмнөд Африкийн Кэйп Таун хот руу тав хоног усан замаар аялж гадаад ертөнцтэй холбогддог ганцхан замтай байжээ.

Тэгвэл одоо долоо хоногт нэг удаа Өмнөд Африкийн Иоханнесбургаас Намибийн Виндхукаар дамжин онгоц нисэх болж байна. Орон нутгийн иргэд тус бөглүү арлыг сонирхсон, мөн Францын түүхийг сонирхогчид арлыг зорьж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.

Бүр 1930-аад оноос нисэх буудалтай болох тухай яриа явсаар одоо л хэрэгжиж байгаа нь энэ. Тус арлыг Британий колоничлогчид голдуу цөллөгийн газар болгон ашиглаж байснаас хөгжүүлэхийг төдийлөн боддоггүй байв.

Наполеоныг хорьж байсан Гэгээн Еленагийн аралд Африкийн Зулу омгийн хаан Динузулуг хорьж, бослого гаргасан 6,000 Африк хүнийг цөлж байжээ.

Нисэх буудлаа арай гэж байгуулсан ч аюулгүй байдлын шаардлага хангахгүй шалтгаанаар 18 сар хойшилсоор анхны нислэгээ хүлээн авсан нь энэ юм. Энэ үед Британий хэвлэлүүд Гэгээн Еленагийн нисэх буудлыг дэлхийн хамгийн ашиглалтгүй нисэх буудал хэмээн хочилж байжээ.

Гэхдээ хөгжил дэвшил бас эрсдэл дагуулж эхэлсэн байна.

Тухайлбал гадаад ертөнцөөс энэ аралд өмнө байгаагүй өвчний вирус тархах магадлал өндөр байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Кэйп Таунаас ирсэн усан онгоцоор хэн нэг нь ханиад авчирснаас сургуулийн сурагчдын 80 хувь нь хичээлдээ яваагүй гэсэн мэдээлэл байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters