Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Далайн гол дунд байгуулсан салхин сэнсний нэг систем бүх дэлхийг эрчим хүчээр хангана гэж тооцоолжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайн хойд хэсэгт байрлах Энэтхэгийн газар нутагтай тэнцүү талбайтай салхин сэнсний системээр бүх дэлхийн эрчим хүчний хангамжийг шийдэж болно гэж судлаачид тооцоолжээ.

Ингэхэд олон улсын хамтын ажиллагаа, их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай зэрэг саад бэрхшээлүүд байгааг бас хүлээн зөвшөөрсөн байна. Калифорни дахь Стэнфордын их сургуулийн Карнегийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн докторууд болох Анна Посснер, Кэн Калдейра нарын судалгааны тайлан “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

Тэдний тооцоолсноор далайн гүнд ажиллах салхин сэнс нь хуурай газарт байгаагаас илүү их эрчим хүч гаргах чадалтай гэнэ. Атлантын далайн энэ хэсэг дэх салхины хурд дунджаар хуурай газрынхаас 70 хувь илүү байдаг ажээ.

Тиймээс далайн 3 сая км.кв орчим талбайд байрлуулсан салхин сэнсний нэг метр ам дөрвөлжин талбайд ноогдох эрчим хүч үйлдвэрлэл 6 ватт гаруй болох гэнэ. Хуурай газарт энэ нь 1.5 ватт болдог ажээ.

Гэхдээ хойд Атлантын салхины хүч улирлын чанартай тул зун цагт тавны нэг хүртлээ унадаг байна. Гэсэн ч энэ үед гаргах эрчим хүч нь бүх Европын хэрэглээг хангах чадалтай байх ажээ.

Мөн далайн гүнд байрлах сэнснүүд нь байгалийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Үүнд гурван метр хүртэл өргөгддөг далайн давалгааг даахуйц бат бөх байх ёстойг судлаачид өгүүлжээ.

 

Эх сурвалж: Independent