Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын цөмийн цохилтод хэдэн хүн хэлмэгдэхийг тооцоолжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Жон Хопкинсийн их сургуулийн олон улсын харилцааны салбарын Хойд Солонгосын асуудлыг судалдаг 38 North багийнхан хэрвээ Пёньяны дэглэм хөрш орнуудынхаа эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл хэр их хохирол учруулахыг тооцоолжээ.

Ингэхдээ Хойд Солонгосын цөмийн цэнэгт хошууны тоог 25 гэж үзээд эдгээрийг бүгдийг нь Сөүл, Токио хотууд руу харвах тушаалыг Ким Жон Ун өгөхөөр тооцолсон байна.

Өмнөд Солонгост суурилуулагдаад байгаа THAAD хамгаалах систем, Японд байрлаж байгаа Aegis Ashore ABM системүүдийг үүргээ гүйцэтгэнэ гэж үзвэл дээрх 25 бөмбөг бүгд байндаа хүрэхгүй гэж үзжээ.

Эндээс үндэслээд пуужингуудын 20, 50, 80 хувь байндаа хүрэх хувилбаруудыг тус тусад нь тооцоолж гаргасан байна.  Ингэхэд цохилт хамгийн өндөр үр дүнтэй байх тохиолдолд Өмнөд Солонгос, Японы нийслэлүүдэд 2.1 сая хүн амь үрэгдэж, 7.7 сая хүн шархдах тооцоо гарчээ.

Харьцуулбал Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Японд атомын бөмбөг хаяхад Хирошимад 80,000 хүн үрэгдсэн бол Нагасакид 40,000 хүн үрэгдэж байв. Мөн Токио хотыг Америкийн онгоцнууд галт бөмбөгөөр бөмбөгдөхөд 100,000 хүний амь үрэгдсэн гэдэг.

Гэвч өнөөдрийн хүн амын нягтрал, цөмийн бөмбөгний тэсрэх хүч чадлыг тооцвол хохирлын хэмжээ илүү өндөр байхаар харагдаж байгаа гэнэ.

Хирошима, Нагасакид хэрэглэсэн бөмбөгний чадал 15-25 килотонн байсан бол саяхан Хойд Солонгосын туршсан цөмийн бөмбөгийг 108-205 килотонн чадалтай гэж тооцоолж байна.

Судлаачид энэхүү тооцооллоо болзошгүй цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг эрх баригчдад ойлгуулах зорилготой гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today