Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Багш нарын САНУУЛАХ ажил хаялт цаашид ХУГАЦААГҮЙ болно"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл өгч байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/726839764168261/

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа "Монголын багш нарын цалин нэмүүлэх асуудлаар Засгийн газар хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хийж байна. 

Одоогоор улсын хэмжээнд 60 хувьтай байна. Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй ажил хаялт болох учраас Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байна"

Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг бол өнөөдөр 70 хүрсэн
 
Гэрэл зургийг MPA.mn

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав "Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Багшийн нийгмийн баталгааг сулруулснаар энэ эрхээ өнөөдөр эдэлж чадахгүй байна. 

Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг бол өнөөдөр 70 хүрсэн байна. Багшийн цалин хангамжийн асуудлаас болж багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань ойлгож, төр засаг ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй гэж хүсэж байна. 

1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй. 

Боловсрол гэдэг Монголын хамгийн том хөгжлийн гарц. Нийт 40 гаруй мянган багш нарын сэтгэлийн дуудлагаар хийж буй ажил энэ юм" гэв.

Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна
 
Гэрэл зургийг MPA.mn

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ "Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувьтай, СӨБ 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 23 хувьтай байна. 

Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа. Цаашид энэ тоо өснө".

Нэг өдрийн хичээл нөхөх асуудлыг багш нар өөрсдөө зохион байгуулна

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав "Нэг өдрийн боловсролын асуудлыг ярьж байна. Нэг өдөр ажил хаяснаар ирээдүйд сайн сайхан ирнэ. 

Энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зохион байгуулагдаж буй ажил гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоорой. 

Нэг өдрийн хичээл нөхөх асуудлыг багш нар өөрсдөө зохион байгуулна".