Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны ерөнхийлөгч Рухани яруу найргаар АНУ-ын ерөнхийлөгчид хариу барив

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын ерөнхий ассамблейн индрээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны засгийн газрыг “бурангуй дэглэм”, “хүчирхийлэл, цус, үймээн самуун экспортлогч” хэмээн шүүмжилсний дараа бүгд Ираны ерөнхийлөгчийн хариу илтгэлийг хүлээж байв.

Харин өчигдөр Хассан Рухани үг хэлэхдээ хүмүүсийн бодож байсан шиг АНУ-ын засаг захиргаа руу дайрч давшилсангүй. Ойрх Дорнодыг самууруулж байгаа гэх орны ерөнхийлөгч өөрийн үг хэлэх цаг дээр үндэснийхээ зөөлөн хүчний (soft power) түүхийг дэлхий нийтэд ярьж өгчээ.

Олонд танил болсон цагаан чалма толгойдоо ороож, хар дээл өмссөн Рухани 12-13 дугаар зууны Персийн яруу найрагчдийн шүлгээс уншиж өгсөн юм.

Шүлэг уншихынхаа өмнө тэр хэлэхдээ “Бид соёл, иргэншил, шашин, хувьсгалыг түгээхдээ бусдын зүрх сэтгэлээр дамждаг. Бид өөрийн яруу найрагчдын шүлгийг уншиж, гүн ухаантнуудынхаа сургаалийг хэлэлцдэг. Манай элчин сайд нар бол манай яруу найрагчид, хутагт хувилгаад, философичид юм. Бид Атлантын энэ эрэгт Румигаар дамжин хүрч, нөлөөгөө Саадигаар дамжуулан бүх Ази даяар түгээсэн билээ. Бид дэлхий ертөнцийг Хафезаар нэгэнт эзэлсэн тул дахин байлдан дагуулах шаардлага байхгүй” гэж Персийн соёлын нөлөөг сурталчлахын хажуугаар Ираны гадаад бодлогыг тайлбарлажээ.

Трампын хэлсэн үгэнд “хараат бус байдал” (sovereignty) гэсэн үг хамгийн олон давтагдсан бол Руханигийн илтгэлд “тэвчээр, хүлээц” (moderation) гэх үг 10 гаруй удаа давтагджээ.

Ингэж яруу найргаар чимэглэсэн Руханигийн илтгэлд Иран улс хэзээ ч цөмийн хэлэлцээрээсээ түрүүлж татгалзахгүйг амлан, Трампын засаг захиргааг “дэлхийн улс төрд орж ирсэн дүрсгүй шинэ цэрэг” хэмээн цоллож, Вашингтоны дээрэнгүй авирыг шүүмжилсэн юм.

 

Эх сурвалж: Quartz